Monday, April 11, 2011

Цотонгийн гэрт хурим болов.

Жур гөрөөлж явтал Мо баяны охин, Чойдон ламын охин дүү Мажиг Хумсан гуаг Цотон ноён их хөвгүүн Алтанд авч одов. Царгин түүнд авга нь болно. Чойдон лам охин дүүгээ хүргэж одов. Жур угтаж хүрэв “Чи хамгийн нигүүлсэнгүй их лам буюу. Үгээгүү яданги хүн буюу би. Лам надад хишгээ өгөн соёрх” гэж ламыг цулбуурдав. “Би хээрийн хүн чамд өнөө би юу өгөх вэ? Маргааш Цотон ноён их хурим хийх буй. Тэнд ир. Хишгээ өгсүү би” гэв. “Өгье гэвэл унасан морь чинь өмссөн дээл чинь үгүй буюу?” гэж байна. Жур “Энэ муугийн аашлахыг нь үз та” гэж Журын толгойг ташуураар цохив. Жур ламыг татаж орхив. Хэрэлдэж байв. Царгин авга нь ирэв. “Авай Жур, ахай Жур тавь” гэв. “Тэр хүнтэй бүү хэрэлд” гэв. “хурдал гэж Чойдон ламыг өмөөрье гэвэл дүү минь чи над уурла. Дүүгээ чамайг өмөрье гэвэл худ минь над уурлах. Маргааш их хурим хийх биш үү. Үгүй ч болов юу буй. Хүнээс сагал (сагил ямаа)уйж авч ир” гэв. Жур: “Царгин авгайн үгээр тавья Ай лам чамайг энэ ертөнцөд эрлэг хааны тэнд нэг ичгүүр болгоно би” гээд тавив. Маргааш Жур хүнээс нэг ямаа гуйж алж махыг болгоод тулманд хийж үүрээд эхийгээ аван очив. Цотон ноён эхлэн ширээн дээр суув. Чойдон лам эхлэн зүүнтэйгүүр эмсийн эхэнд адагт суув. Их хурим хийж байв. Журд ширээ эс хүртэж эрсийн адагт сууна. Журын эхэд нь ширээ эс хүртэж бас газар дээр сууна. Жур босон гүйж орон дээрээс морнины аргал хомоол авчирч тавив. Морины аргал дээр нэгэн дэрс авчирч хатгав. Дэрсний үзүүрийг гурван анги хагалж тэр дээр ширээ хийгээд суув. Их хурим түгээж идэв. Нэг ч хүн Журд мах эс өгөв. Цотон ноён хонины нэг хаа барьж сууна. “Авгай! Уулын чинээ мах байна. Далайн чинээ архи байна. Хишигт (азтай) нүдэнд үзэгдэвч шорт (азгүй) хоолойд эс орно. Барьсан хаагаа өг авгай над” гэв. “дал өгье гэтэл баян суурь минь юм. Дунд чөмөг өгье гэхэд хүүхдийн минь сүлд билээ. Богтос чөмөг муугийн дээд муу буй. Хар газрыг чи ав. Ханиадыг чи ав. уйлах хүний нус нулимсыг чи ав. Голын баруун газарт үхсэн малын мах, голын зүүн газарт үхсэн малын мах, голын хойно үхсэн нүгэлт малын мах эд бүгдийг чи ав. Буулгах охины эрээн мяраны чи ав. Богтлох бэрийн өмнөх зэтгэрийг чи ав. Май” гээд өгөв. Жур босон гүйв. “За! Олон бүгд сонс. Элий, элий! Цотон авгай над өглөг хишиг өгч байна. Хар газрыг над өглөө. Үүргэнэ, гичгэнэ ухах хүн, тариа тарих хүн надаас асууж яв. Асуулгүй явбал за үгүй их шившиг. Ханиад юмуу, уйлах хүний нус нулимс эднийг над өглөө, Надаас асууж ханиа. надаас асууж уйл. Асулгүй уйлбал, асуулгүй ханиавал нь за үгүй их шившиг. Голын баруун газарт үхсэн морины мах, голын зүүн газарт үхсэн үхрийн мах, их голын хойно үхссэн хонины мах эд бүгдийг булт надад өг. Надаас асууж ид. Асуулгүй идвэл за үгүй шившиг. Богтлох охины эрээн мярааныг чи ав. Буулгах бэрийн өмнөх чөтгөрийг чи ав гэлээ” гэж Жур хэлээд босон гүйж Хуссан гуагийн өмссөн зүүснийг тасар татан авав. Ингэхэд Чойдон лам хувилгаан байсан аж. Лам зүүн самсаанаас зөгий хорхой гаргаж, “очиж Журын нэгэн нүдийг нь таслаад ир” гэв. Жур түүнийг хувилгаанаар мэдээд нэг нүдээ ань, нэг нүдээ хялааж суув. Хорхой дав дав хийж ирээд Жураас айж уруулыг нь хатгаад ламд очиж Лам “Нүдийг нь хатгав уу чи?” гэж асуув. “нэг нүд нь сохор, нэг нүд нь хялар юм. Уруулыг нь хатгаад ирэв би” гэв. “Зүүн самсаа өөд нь очиж ороод голыг таслаж ал” гэв. Хорхой айсуй. Жур нэгэн хамраа цус гарав гэж бөглөв. Зүүн хамрынхаа самсаанд урхи тосов. Хорхойг орох гэж ирэхэд урхиараа барив. Хорхойг бариад чанга атгав. Лам ширээн дээрээс үхэдхийн хэвтэнэ. Чойдон ламын охин дүү Хумсан гуа ахынхаа сүнсийг барьсныг мэдэж нэг гартаа хачир шувууны толгойн төдий оюу эрдэнэ барьж, нэг гартаа нэг бутан архи барьж Журд айсуй. Жур өмнөөс нь: Эвий, эвий! Та энэ бэрийг үзээч, Мана төвдийн гар хааны хүний бэр болбол хүнд гурван он болтол үл золгоном билээ. Харц хүний бэр болбол гурван сар болтол хүнд үл золгоном билээ. Энэ яасан хадам эцэг эх үгүй нүгэлт бэр билээ? Энэ хорхой эх, эр чинь билүү? Эцэг эх чинь билүү? гэхэд буруу хандаж явж очив. Чойдон ламын бөгтөр хар заргач ирэв. “авай Жур, ахай Жур! Үүнээс хойш үзэж байж эс өгвөл нүд нь тэсэртүгэй. Сонсож байж эс өгвөл чих нь дүлийртүгэй. Идэж байтал эс өгвөл шүд нь үйртүгэй. Барьж байж эс өгвөл гар нь хугартугай. Дун цагаан ууланд дун цагаан хурга өөрөө майлж байх буюу. Алтан уул буюу. Алтан ууланд алтан тээрэм өөрөө эргэж байх буюу. Төмөр уул буюу. Төмөр ууланд төмөр хирс үхэр өөрөө тоглож байх буюу. Алтан уул буюу. Алтан ууланд алтан саваа өөрөө савж байх буюу. Шоргоолжны хааны үйлэнд хураасан үйрмэг алтан буюу. Нар барих алтан цалам, сар барих мөнгөн цалам, шоргоолжны хамрын цус нэгэн халз (жижиг сав), бөөсний шөрмөс нэгэн атга, эр харавтар шувууны хамрын цус нэгэн халз, эм харавтар шувууны хөхний сүү нэгэн халз, зулзган харавтар шувууны нүдний нулимс нэгэн халз, их далай дотрх бул чулуны чинээ шүүст молор эрдэнэ бий. Авай Жур энэ эрдэнийг чи бултыг ав. Өнөө Хумсан гуаг чи ав. Энэхэн хорхойг тавь” гэж мөргөв. Жур хорхойг тавив. Лам Журд мөргөөд ширээн дээр салгалж суув. Хумсан гуаг авч амраг Цас Чихэр ахдаа өгөв.

No comments:

Post a Comment