Monday, April 11, 2011

Цотон Журыг дахин хєєв.


Цотон ноён бас үзэн ядан хүрч хэлэв: “Энэ өдрөөс нутаг  хуваая. Болжморын хоолойгоор бид нутаглая. Энхрэхийн зоонд Жур, эх хоёул очиж нутагла” гэв. Жур “За” гэж инээв. “Эвий! Авай минь, юу гэж инээнэ чи? гэж уйлав эх нь. “Чамайг байгуулсан сайн хөвгүүн төрөв үү гэж баярлаж билээ. Барсан муу хөвгүүн төрсөн аж. Авай минь! Энхрэхийн зоо гэгч зун бороо үл орох, өвөл цас их орж, үргэлж шуурга болж байх бишүү. Аргал түлээгүй, гөрөөсгүй, тийм хувхай газар гэлээ тэр. Авай чи бид хоёрыг үртүгэй гэж илгээнэ бишүү. Цотон ночны улсын дэргэд сууж өрмөг нөхөж амиа тэжээе бид” гэв. “Эжий минь, дуу! Эм хүн чи үл мэднэ. Ямаа ижлээ эрэм гэлээ. Мөргөлөд хагацам гэлээ. Эм хүн хань эрэм гэлээ. Хэрэлдэж хагацам гэлээ. Эжий минь яв” гэж эхийгээ аван очиж нутаглав. Журыг хүрч нутагласан хойно Энхрэхийн зоо өлзийт сайн нутаг болов. Их далайгаас үүїдээр ус урсаж ирэв. Гэр дээгүүр нь хамаг мод ургуулав. Тэр газарт Жур “Цахирмаг хоолт” нэр өгөв. Энхрэхийн зонд Жур гөрөөлж явтал Таскийн (Тажигийн) Эрдэнэ хааны таван зуун худалдаачин Хятадын Дайвун хаанд очиж(сангийн эд) авч харьж одно. Тэдэнд хүний хоёр хар нүднээс биш үгүй юм үгүй ажээ. Тэр худалдаачинд үл чадах юм үгүй. Жур түүнд нэг бүлэг хувилгаанаар хорин хүн болгон хүрэв. Нэг бүлэг хувилгаанаа хатгаг зөгий хэдгэнэ болгож хүрэв. Тэр улсыг тэд ээрэв. Таван зуун худалдаачин явах аргаа эс олов. Үхэх нь ойртож байв. “Ай хайрхан богд, бид үл мэднэм биш. Энэ санг минь авъя гэнүү чи? Дураа мэдэж ав. Манийг дагуулж нөхрөө болгоё гэнүү чи? Бид чамд болъё” гэв. “Зөв, яв“ гэж авч одов.“Энд хоншим бодисадын сүм мэт гэр барьж өг. Алтан, мөнгөн, төмөр, чулуугаар хольж барьж өг” гэв. Таван зуун худалдаачин их далай дээр чулуугаар гүүр тавив. Аврага чулуугаар багана босгов. Унийг төмрөөр хийв. Тугалгаар цонх хийв. Тэр цонх бүрт гал эрдэнэ шигтгэв. Гэрт нь гэрэл оруулж хийв. Дээврийг мөнгөөр доторлон алтаар гадарлаж хийв. Нурууг гал эрдэнээр байгуулж хийв. Одоо тэр дотор нь хоншим бодисадын биеийг босгов. Гэр дотрох дөрвөн өнцөгт нь дөрвөн гэрэлт гал эрдэнэ уяв. Хоншим бодисадын өмнө нь нэгэн чандмань эрдэнэ уяв. Гүүрийн чулууг сугалав. Түүнээс рашааны ус урсав гэр дотор нь таван зуун худалдаачин үг айлтгав: “салхинд үл гажих, бороонд үл эвдрэх зүйл хийж үл эрэх, рашааны ус үл эрэх, элдэв зүйл төгссөн мэт санаж барив бид. Ай! Мэргэн хаан сэтгэлд чинь таалагдав уу? ” гэв. “Барам (хөөрхий )! Таны зөв. Одоо би таныг хариулъя Та минь төвдийг дайрч харих буюу? Биштээгүүрт явах буюу?” “Дайрч очно” гэв. “Цотонгийн гэрийг дайр. Танаас ирж тэр асуунам за: “Энхрэхийн Зоо дайрч ирэв үү?” гэнэм за. “Дайрч ирэв” гэв. “Манай тэнд нэгэн муу нусгай Жур Хоншим бодисадын сүм босгож чулуу, төмөр, мөнгө, алт, шил эрдэнэ, тугалга энэ бүгдээр хольж барьсан ажээ. Журын бие нь үхэж, тэр гэр нь эзэнгүй байв. Цотонд ингэж хэлээрэй” гэв.

No comments:

Post a Comment