Tuesday, April 26, 2011

Гэсэр хаан арван хоёр толгойт мангастай байлдахаар бэлдэв.



Арван зүгийн эзэн Гэсэр хаан зарлиг болов Хятадын Гонма хаанд очиж төрийг засаж Хятадад гурван жил сууж ирэв би. Рогма гуа минь чинийхээ дэргэд ирээд чилээрхэж удав би. Одоо Арлан гуадаа очъё гэж Билгийн хээр морийг минь барь гэв. Билгийн хээр морийг барив. Рогма гуа үг айлтгав. Арван хорын үндсийг таслагч айх мэт богд минь Арлан гуа хатан чинь муу болов гэлээ. Одоо хаана очих вэ чи гэв. Эвий энэ юу гэнэ Тэр минь өнөө яаж муу болох билээ Байз би очно гэв. Рогма Цотонд хүн илгээв. Цотон ирэв. Рогма Цотон хоёр үгсэж Цотон Гэсэрт үг айлдав. Ай богд минь Үнэнийг айлтгая би чамд. Арлан гуа чинь чамайг түдэж явна гэж арван хоёр толгойтой манаст оргож очив. Авай минь морь биеэ түргэн зуур амар гэв. Богдын зарлиг эмийн минь буруу болбол эмэ ална би. Би явъя гэж Гэсэр хаан мордъё гэж байна. Цотон ноён Айх мэт богд минь хар багаас мангастай оролдож явж мангасын мангасны барилыг би авлаа. Авай минь би нэхье гэв. Авай минь байг Тэр муу мангас хэцүү буй за. Би нэхье гэв. Авай минь тэр мууд юуны хэцүү билээ Би нэхье гэв. Авай минь тийм болбол яарч яв гээд хурим хийв. Өглөг өгч их улсынхаа хагас дундуурт өгөв. Цотон аргалж гэртээ харьж зэр зэвээ авч нэхье гэж явав. Хоёр гурав хоноод Цотон ноён Би чилээрхэв гэж их улсдаа зар өгөв. Түүний хойно Цотон ноён Би муу болон өвдөв гэж бас их зар өгөв.

Арван зүгийн эзэн Гэсэр хаан нэгэн сар болсон хойно л билгийн хээр морио унав. Шүүдрийн гил бэлгээн өнгөт дуулга, эрдэнэсээр давхарлан хийсэн хөө ха хуягаа өмсөв. Хамаг зэр зэвсгээ авч Арлан гуагаа нэхье гэж мордов. Цотон ноёныг Үхэв гэж сонсоод алдсан эмээ нэхэхээс илүү энэ өдөр янаг төрөл авгай болох хэрэгтэй. Тэр минь үхэж гэнэ гэж Ясыг нь барьж, сүнсийг нь огторгуйд гаргая би гэж очив. Гэсэр хааныг хүрч очиход Цотон ноён үхэгч болж ширээн дээр нэг нүдээ хялааж, нэг нүдээ аньж, зүүн гараа сарвайж, баруун гараа атгаж, зүүн хөлөө жийж, баруун хөлөө атирч хэвтэв. Эвий Авга минь үнэхээр үхэв үү чи Авгай минь үхсэн бололтой манай их гэрийн их хүү Алтаныг үхүүлэх муу ёр болж байна. Үхсэн хүн нэг нүдээ аньж нэг нүдээ хялааж үхвэл муу ёр гэлээ гэж хялаасан нүдэнд нь цацъя гэж шороо атгаж очиход Цотон ноён хялаасан нүдээ анив. Нэг гараа атгаж, нэг гараа сарвайж үхвэл хойд үрээсээ юм өг гэсэн мэт муугийн бэлэг гэлээ гэж гарт нь очиход гараа атгав. Нэг хөлөө атирч нэг хөлөө жийсээр үхвэл хойд амьд үрдээ муу ёр гэлээ гэж хөлд нь очиход хөлөө жийв. Авгайгаа өндөр модонд өлгөж их түймэр тавив. Цотон ноён босон гүйв. Эвий Авгай минь. Үхсэн хүн галд шөрмөсөө шатахад босдог гэлээ, тийм буюу гэж галт модоор өмнөөс нь чилэв. Халхай хуухай үхсэнгүй авгай чинь гэж бархирав. Авгай минь үхсэнгүй байна. Нааш ир гэж түймэр дотуур чирч авч ирэв. Цотонгийн үс, зүс, гар хөл нь цөм халсан байв. Цотно чи надад юунд худал хэлэв гэсэнд Цотон ноён өгүүлрүүн Арван хоёр толгойт Мангас гэгч үлгэргүй хэцүү гэлээ гэж хүч нь ад биш ихийн тул чамайгаа очиж үхнэ гэж арга хийсэн минь энэ билээ гэв. Гэсэр зарлиг болруун авгай минь Энэ чинь юутай сайхан арга билээ Зөв гээд Гэсэр хаан гэртээ очив. Гэсэр хаан Одоо явъя гэж бэлдэв. Лам нар, багш нар ирж Мангасын оронд явахыг хорьж айлтгав. Чи үүний урьд Хятадын Гонма хаанд гурван жил саатасны тул Арлан гуа чамд уурлаад догшин Кинарсын уулан дээр гараад буртаг сан тавьсан тул дөрвөн зүгийн хамаг догшид, амьтныг цөм өвтгөж бурхны ном шашин цөлийдөв. Арлан гуаг мангас аваачив. Одоо тийм тул лам чинь би хорино гэвэл Гэсэр хаан зарлиг болруун За би мэдэв. Сайн лам ирвэл сүнсийг тонилгоно гэлээ. Дундад лам ирвэл ном уншина гэлээ. муу лам ирвэл гаднах малыг авна. Гэр дотрох эд барааг авна гэлээ. Ийш тийш харж над аль сайныг өгөх вэ гэж горьдоно. Тийм лам юун адил вэ гэвэл хоёр ёохор хүн зам олно ядаж явах адил гэлээ. Холбоотой бяруу модонд ороолдсон мэт гэлээ. Бацаг сахилаа хичээ Харь гэв. Ноён хүн, зарагч хүн ирж хорин айлтгав. Хариу хэлэв Их төр, засаг цаазаа хичжээж хадгал. Заргаа бүү хоёчил. Харь гэв. Түүний хойно Цас Чихэр гучин баатар, гурван зуун хошууч нар ирж хорин айлтгав. Хариу хэлэв. Миний явсны хойно аливаа зүгээс дайсан ирэх мэдэгүй. Хуяг дуулга, зэр зэвсгээ хичээж зас. Харь гэв. Эд бүгдийг харьсны дараа Рогма гуа хорин айлтгав. Намайг төрөхөд баруун дээвэр минь Сэрүү нэрт гөрөөс тоглож байсан Зүүн дээвэр дээр минь Бруг луу нэрт гөрөөс тоглож байсан Наргүй өдөр гэрэл гарч байсан Үүлгүй өдөр бороо орж байсан Ноён тулган дээр минь тоть шувуу донгодож байсан. Хатан тулган дээр минь хөхөө шувуу донгодож байсан. Богдын тулган дээр минь уран гуа шувуу байсан билээ. Цаст цагаан уул гадаад тив гэлээ. Цагаан аслан дотоод эрдэнэ гэлээ. Зэс хөх зогдор нь орчлонгийн чимэг гэлээ. Тэр гурав эрт өдрөөс үүдэж гэлээ. Гэсэр бил хоёрт тийм өлзий хутаг орших болтугай. Хар уул гадаад тив гэлээ. Тэр гурван эрдэнэ эрт өдрөөс үүдэж гэлээ. Одоо ч болов өлзий хутаг Гэсэр бид хоёрт орших болтугай. Ийм ийм есөн эрдэм төгс Рогма гуа чинь хорьж байна би гэв. Гэсэр хаан зарлиг болруун Есөн зүйл дагины хувилгаан Рогма гуа хатан минь үнэн болбол хуурай газраас ус гаргаж өг. Хоосон газраас жимс гаргаж өг гэв. Хоосон газраас жимс, хуурай газраас ус гаргаж өгөв. Арван зүгийн эзэн Гэсэр хаан гурван жил суув.

No comments:

Post a Comment