Tuesday, April 12, 2011

Жур Рогма гуаг гэргий болгож авав.

Тэр цагт Жалон охин Рогма гуа нөхөр сонгож “Биедээ тэнцэх сайн хувилгаан эр эс олов би” гэж гурван харвах мэргэд, гурван барилдагч бөх, нэг их мэргэн лам, олон дагуулаа авч, тэд бүгдээ дагуулж, “Төвдийн газарт гучин хувилгаан баатрууд буй гэнэ” гэж “Сайн эр буй болов уу?” гэж ирэв. “Түмэн хүнийг хураа” гэв. Түмэн хүн хурна. (Төвдийн орноос Цотон ноён, Аргин ноён, Цас Чихэр, Бадмаарын хөвгүү, Бам Сорзо, Амбагадайн хөвгүүн Дормогодой, тэд бүгд очив. Шарай голын аймгаас Эрээн хаан, Мяраан хаан, Шигчин гурвуул очив. Мангасын улсаас Сахилдай очив. Ер бүгд хурсан хүн гурван түм болов. Цотон ноён очиход Жур: ”Цотон авгай минь, намайг сундал” гэв. “Чи муу Дагинасын хувилгаан Рогма гуаг авъя гэж очих буй? Би биш газар одъё” гээд явж одов. Царгин одов. “Царгин авгай намайг сундал” гэв. Журыг Царгин авгай “нааш ир” гэж сундлав. Царгин хүрэв. Түмэн хүн хурж, Цотон ноён эхэнд  сууна. Жур хэлэв: “Цотон авгайг би өөр газар одно гэж гомдож билээ. Одоо Рогма гуаг өнөө чинь авах байна. Сайн” гэв. Рогма гуа босож ирэв. “Энэ ахай энд байгаа  хаадад эрдэмт сайн эр байна уу? Гурван харвах мэргэд, гурван барилдах бөх, эд бүгдийг минь гарах ялах хүнд очъя гэж билээ би. Нэг ч гарах хүнгүй байна. Гурван харвагч мэргэдийн минь харваж гарсан хүнд, энэ бөхийг минь ялсан тэр хүнд очъё би. Хэдий чинээ сайн охин эр сонгоно гэж шүүмижлэх буй та. Намайг төрөхөд баруун дээвэр дээр сэру (хирс) гөрөөс тоглож байсан билээ.
Зүүн дээвэр дээр минь Оролог нэрт гөрөөс тоглож байсан билээ. Нэргүй өдөр гэрэл гарч байсан билээ. Үүлгүй өдөр бороо орж байсан билээ. Хатны тулган дээр минь тоть шувуу донгодож байсан билээ. Боолын тулган дээр минь Уран гургаладайн гуа шувуу донгодож байсан билээ. Ийм есөн зүйл төгссөн дагинасын хувилгаан Рогма гуа охин би билээ. Харвагч мэргэн, барилдагч бөхөө гарга” гэв. Рогма гуагийн гурван харвагч мэргэний нэгийг өглөөгүүр харвуулбал нарны гурван цай чанахад бууж ирэх ажээ. Нэгний харвасан сум нь нэг цай чанахад бууж ирэх ажээ. Рогма гуа бас хэлэв: “энэ манай хүн өглөөгүүр харвавал гэдрэг харж хэвтээд сумуу бууж ирэхэд толгойгоо зайлуулдаг буй. Толгойн оронд сумаа тусгадаг буй. Түүнээс биш удаан (хол) харавав ч тэр мэлзээгээ эс оновол муу гэдэг буй биз” Одоо гучин хувилгаан баатар, Рогмагийн гурван харвагчтай бүгд харваж хэн хэнээ гаралцсангүй (гартааж чадсангүй). Барилдаж хэн хэнээ дийлсэнгүй. Тэндээс Рогма гурван их бөхөө авчраад барилдуулав. Эрээн хаан, Мяраан хаан хоёул хоёр бөхөд нь төлөөгүй ялагдаад нөгөө бөхөд нь харилцан орхилцов (хайнцав). Шигчин хаан нэг бөхөд нь төлөөгүй ялагдаад хоёр бөхөд нь харилцан орхилцов. Мангас улсын Сахилдай нэг бөхөд нь төлөөгүй ялагдаад хоёр бөхөд нь ялагдаж нэг бөхийг нь төлөөгүй ялав. Царгин ноён нэг бөхөд нь төлөөгүй ялагдаж хоёр бөхөд нь харилцан орхилцов. Цотон ноён гурван бөхөд нь төлөөгүй ялагдав. Цас Чихэр хоёр бөхийг төлөөгүй ялж нөгөө бөхөд нь харилцан орхилцов. Бадмаарын хөвгүүн Бам Сорза хоёр бөхийг нь хөтлөөгүй ялж нөгөө бөхийг бас орхитол Жур таван аргыг нь аваад ялж чадахгүй болгов. Жур босон гүйв. Рогмагийн ламаас асуув: “ай лам! Чадан ядан бахаднам би (Над бахдалтай сайхан байна) Би барилдаж үзье” гэв. “Авай чамаас илүү гучин хувилгаан эс чадав. Авай байг” гэв.“барилдъя л” гэв. “Барилд” гэв. Жур биеэ засаж босов. Лам: Манай бөхчүүд хаа байна? Энэ хүүхэд барилдъя гэнэ“ гэв. Их бөх нь босож ирэв. Жур биеэ үзүүлэв. Гэсэр биеэр хувилав. Хувилгаанаар хамгийн нүдийг халхлав. Нэг хөлөөрөө уулын оргилыг гишгэв. Нөгөө хөлөөрөө далайн захад гишгэв. Их бөхийг мянган бээрийн газар хаяж орхив. Дунд бөхийг хоёр мянган бээрийн газар хаяж орхив. Бага бөхийг гурван мянган бээрийн газар хаяж орхив. Бүгд улс Журыг ширтэж үл алдана. Гурван харвагч мэргэн харвав. Харвасан сум нь үдийн цагт эргэж буув. Жур харвав. Журын харвасан сум үд болтол бууж эс ирэв. Үдэш болоход хав харанхуй болов. Хамаг улс “нар шингэлээ Шөнө болов” гэж тархая гэхэд Цас Чихэр хэлэв: “Үгүй, манай нусгай Журын сум хүрч айсуй гэж Жур толгойгоо зайлахад толгойн оронд нь тусав. Тэнгэр нарыг эзлэгч эгч нь Журын сумыг авмагц хамаг шувуу хэлхэж буулгав. Түүнд гарди оржээ. Гардийг нь унаж ирэхэд нарыг далдаслан ажээ. “Хамгаар эс чадсаныг нусгай Жур чадав” гэж хамаг улс тархая гэнэм. Рогма гуа “Байз” гэв. Нэг гартаа хонины хавьс (хавирга) барьж, нэг гартаа бутан архи, хачир, шувууны толгойн чинээ оюу эрдэнэ барьж: “Түмэн хүнд намайг буруу хандах зуур далан хонины хавьс, нэг бутан архийг түмэн хүнд түгээж өгч дуусаад хачир шувууы толгойн чинээ оюу эрдэнийг амандаа багтаан чадсан хүнд би очъё” гэж үүнд түүнд барив. Хамаг улс эс чадав. Гагц Бадмаарын хөвгүүн Бам Сорза чадах байжээ. Гэтэл Жур нуун сууж түүний дөрөв таван аргыг хулгайлж авав. Аргаа автаад эс чадав. Рогма гуа Журд хүрч ирээд их нусыг нь үзээд буруу хандаж явж очив. Царгин авгай хэлэв:“Чи сайн боловч эм бишүү Жур минь муу боловч эр биш үү Гурван харвагч мэргэд чинь гартлаа. Гурвуул барилдагч бөхөө чи алдлаа. Иймийг үл мэдэх сайн чинь энэ буюу?” гэж донгодов. Журд авч очив. Жур угтаж гараас нь булааж авав. “Чи сайн ч, охин хүн. Хойд хормойндоо гал шатаж явахыг үл үзэх нүгэлт охин байна чи” гэв. Охин хойшоо харав. Жур хувилгаанаар түмэн хүнд далан хонины хавьс, нэгэн бутан архийг түгээн өгч дуусаад, оюу эрдэнийг амандаа багтаан үмхэж суув. Хамаг улс инээлдэв. Цотон ноён: “муу ч болов миний садны үр Жур минь авав” гээд “Хойно (би Жураас нэг аргаар) авъя” гэж арга сэтгэв. (Тэдгээр хурсан улс, Жало хааны охин Рогма гуаг Төвдийн Цас Чихэрийн дүү Жур авав гэж өгүүлээд) хамаг улс бүгд тархав.
Рогма гуа дагуулаа аваад дутааж харив. “тэр муу айсуй буюу? гэж хойшоогоо харав. “бараагүй” гээд явав. Бас “Бараа үз” гэв. “бараагүй” гэж явав. Жур хувилгаанаар хүрээд Рогмагийн хойно нь сундлав. “Бараа үзэгдэнэ үү? Хар” гэв. Дагуул нь харах гээд Журыг үзэв. “Эвий! Хараач. Хойно чинь сундалж явна бишүү” гэв. “Эвий! Яая? Хэрхэх билээ? Би хагацашгүй зовлонд орж байна гэж уйлав. Өдийгөөс төдий хүртэл эр сонгосон ач минь урамгүй болов. Эжий, ахайдаа одоо юу хэлье? Аль нүүрээр золгоё гэж уйлж явна. Жур хувилгаанаар түмэн хүний тоос гаргаж явна. Эцэг эх нь “Түмэн хүний тоос гарав. Мяраан хаан авсан болов уу?” гэв. “Мянган хүний тоос гарав. Шигчин хаан болсон болов уу?” гэв. “Зуун хүний тоос гарав. Цотон ноён авсан болов уу?” гэв. “Жар далан хүний тоос гарав. Бадмаарын хөвгүүн БамСорза авсан болов уу?” гэв. “Хуй хий мэт тоос гарав. Цас Чихэр авсан болов уу?” гэв. Чингэсэн хойно үзсэн чинь нусгай Жур сундалж хүрч ирэв. Эцэг нь охиндоо уурлан баруун үүдээр гаран хазаар ташуураа барин адуундаа очив. Ах нь охин дүүдээ уурлан нум сумаа аван зүүн үүдээр гаран хониндоо очив. Эх нь охиндоо уурлан бараагаа таталж харааж байна. Хятад зарц нь тогоогоо таталж сууна. Журд тохом буруу дэвсэж өгөв. Жур буруу хандаж суув. “Томхон дэвсэж өгөхөд буруу хандаж суух чинь юу вэ? гэв. “Та моринд эмээл яаж тохож унадаг вэ? гэв. Журыг босгож тохмыг зөвөөр дэвсэв. Жур Рогмагийн ширээн дээр гүйж гараад: “Эцэг чинь баруун үүдээр хазаар ташуураа барин очив. Адуунд нь дээрэм довтолов уу? Би баатар хан билээ. Над морь өг. Би нэхэж авчирч өгье. Ах чинь зүүн үүдээр гарч нум сумаа аван очив. Хонинд нь чоно довтлов уу? Би хавтгай (мэргэн харваач) билээ. Над нум сум өг. Би алж өгье. Эх чинь бараагаа таталж харааж байна. Бараанд чинь албин оров уу? Би албины хараал сурсан билээ. Би харааж өгье. Хятад чинь тогоогоо таталж байна. Тогоо чинь боомтов уу? Би боомтын тарни сурч билээ. Би тарнидаж өгье” гэв. Эцэг эх нь бүгдээрээ үдэш хүрч ирэв. Охиноо донгодов. “Нүгэлт охин чивэлт охин. Хүний хүн авчрав чи. Адвиш “сайн эрийг” чинь нохой барьж идүүзэй! Нохйд идүүлээд зовлон манд болгов чи!” гэв. (Рогма, Журыг “Бүү хөдөл” гээд) тогооны дор хөмөрч орхив. Жур шөнө тогоог түлхэж орхив. Жур нэгэн хонь алав. Махыг өөрөө идээд үлдсэнийг нохойд тавьж өгөөд тугалын арьсан дээлдээ хонины цусыг түрхээд тайлж орхив. Жур (бусдыг дээлийг хулгайлж өмсөөд) хээр очоод хэвтэв. Өглөөгүүр босоод. Эцэг эх нь үзэв. “Сайн эрийг чинь нохой барьж идэж байна. Зовлонг тусдаа чи даа. Гай болбол ганц чи хариуцна. (Рогма гуа яарч босоод тогоогоо нээж үзвэл Жур байхгүй. Гадаа гарч үзвэл дээл нь хагарч хэвтэв. Хоёр нохойн аманд цустай байв. Охин дотроо гэмшиж харааж сууна. Сууж байгаад бодов: Чадсан үйл нь биенээс нь илүү билээ.  Үхэв үү, үгүй юу? “ гэж Рогма гуа “Эрж үзье” гэж явав. Эрж явтал Жур өмнө нь хувилгаанаар олон адуу хариулсан хүн болж уулзав. “Ай адууч хүн! чи нусгай Журыг үзэв үү?” гэж асуув. Тэр хүн: “нусгай Жур гэгчийг би танихгүй” гэв. “дос, Донсар, Лин гурван отог улс Журыг Жало хааны охин Рогма гуа аваачиж алахын муугаар алаад, эцэг эхийнг нь талахын муугаар талья гэж айсуй гэв. “Энэ хүний үг нь үнэн” гэж рогма гуа уйлж явав. Жур өмнө бас олон хонь хариулсан хүн болж хувирав. Хоньчин хүнээс асуув. Хоньчин хүн мөн урьдах үгийг тоочин хэлэв. “Энэ хоёр хүний үг нь нийлэв Над одоо үхэхээс өөр хэрэггүй байна. Эцэг эхийн гадна очиж муугаа үзүүлж үхэхээр, тусгаар үхье би. Энэ голд унаж үхье” гэж их хадан уруу довтлов. Довтолтол Жур хувилгаанаар морины сүүлнээс татав. Хойшоо харж үзвэл Жур байв. “эвий! Жур морд” гэв. Жур мордов. Алтан шар усаа цувуулж явав. Нуснаас нь жигшиж Рогма гуа нуруугаа хотойлгож явав. “Жур яалаа чи! Буруу хандаж сундал” гэв. Жур буув. “Өндөр ууланд замтай биш үү. Нэг төрх мөн биенд ганц толгой байх уу, хоёр толгой байх уу? Энэ моринд эндээс мордох уу” гэж толгойн халз өөд мордох гээд авирав. Жур “Одоо эндээс мордъё” гэж морь өөд нь авирав. Авиртал морь туйлж орхив. Жур унаад үхэгч болж хэвтэнэ. “авай Жур Бос” гэв. Чингэтэл “Зөвөөр сундлах уу, буруу сундлах уу Чиний санаагаар болъё гээд босов. Журыг зөвөөр сундалж аваачив. Журыг хүрсэн хойно Рогма гуагийн нагац эцэг эх нь: “зээ охин минь хувилгаан билээ: Сайн хүнд очих уу, муу хүнд очив уу? Үзье гэж ирэв. Журыг хадам эцэг эх нь нууж, нэг аяганд буудай хуурч өгч барааны  хөндийд дарав. “авай минь, тэр хүнийг мордтол бүү гараарай гэв. Нагац эцэг эх нь ирэв. “Хүргэн маань аль сайн хүн буюу Муу хүн буюу” гэж асуув. “Хай, яаж мэдэх вэ? Бага хүүхэд байна” гэв. “Өнөө айлд очиж хурим хийж сууна” гэв. Чингэж суутал нь Жур алтан шар нусаа цувруулж, Нусныхаа үзүүрт нэг буудай налдууулж над хэрэгтэй буюу гэж гарч ирэв. Рогмагийн нагац эцэг эх нь эцгийн чинь түрүү толгой Ингэж байна уу, та муусайн гээд адууг хөөж харив. Жур хэлэв “Морь, хуяг, саадаг, нум над өг. Би баатар билээ. Нэхэж очъя гэв. “Таатай (басамжлах аялга). Муу чамд яасан морь, ямар юм өгөх буй” гэж эс өгөв. Хяр дээр хэвтэх хониноос нь ухна, хуц хоёрыг барьж хослож нэхэв. Нэхэж очоод морь, хүнийг цөм цохиж орхив. Адууг авч ирж өгөв. Түүний хойно “Одоо би газартаа харья” гэв. Чам мууг яав гэж хариулах буй Зүгээр суу гэж зэмлэв.
***   ***   ***  
Гэсэр хувилж Цотон ноён болж ирэв. Жур биеэр оготоно урхидая гэж очив. Цотон ноён болон ирж Рогмагийн гадна буув. “Жур хаана байна” гэв. “сая оготно урхидахаар явлаа” гэв. “Төвдийг эзлэгч их ноён би байна гэв. Хайран сайн бэр минь зовж байна. Муу Журыг алж орхивол яана Би алъя. Эм өг гэвэл би өгье. Хөөж орхи гэвэл би хөөж орхиё. Би чамайг авъя ”гэв. Рогма хэлэв: “Би мэдэхгүй, Та мэднэ бизээ. Төрөл зураа байна. (Та нар садан хүмүүс шүү)” гэв. “Би чамайг авъя гэж сэтгэл хурьцав гээд мордож явж одтол нь Жур хүрч ирэв тэр явагч хэн буй гэв. Хай чиний төрөл чинь Цотон байна гэв. Юунд ирэв? гэв. Хай чамайг асуугаад мордож явав гэв. би мэдэв мэдэв гэв. Юу мэдэв чи муу Намайг л зовоох гэж байна чи гэж донгодов. Одоо над юу гэж үл золгоном гэв. Би мэдэв Төвдийн сайн эрсийг цуглуулж намайг алъя гэх чинь зөв гээд гарч явав. Маргааш нь Гэсэр хувилж төвдийн гучин баатар болон ирж суув. Энд ирсэн энэ сайн хүмүүс хэнийх вэ” гэж асуулаа. Бид төвд хүмүүс. Журын эмийг өгөх бол өгөөхөө хэл. Өгөхгүй бол өгөхгүйгээ хэл гэж манийг илгээв” гэв. Жало хаан бүгдээрээ хэлэлцэв “Өгье гэвэл хайран хүүхнээ эдэнд өгөөд юу санаж суух вэ Өгөхгүй гэвэл гучин батар манийг алах байх. Нэг арга хэлж үзье гэв. Та харь. Бид хойно хүргүүлж илгээе, бүгдээрээ бэлтгэх ажил дуусгаагүй байна гэв. Журыг муу гэж охиноо өөр хүнд өгөх болбол өг. Хэрвээ өгөхгүй бол Журыг удтал байлгавал гучин хувилгаан баатар та нараас дээгүүр хүмүүсийг дийлсэн билээ. Та нар дэмий битгий сайрх гэж хэлэв. Одоо өөрсдөө мэд гээд баатрууд явж одов. Жало хааыхан энэ үгнээс нь үхтлээ айж тэдний хойноос дагаж нүүв. Төвдөд хүрч хамт нутаглав.

No comments:

Post a Comment