Tuesday, September 6, 2011

Архангай аймгийн долоон гайхамшиг

1. Чулуутын гол

Чулуутын голын урт 415м бөгөөд 10750 хавгай дөрвөлжин талбайгаас усжина. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их урсгал хурдтай уулын гол юм. Түүний хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй бол доошлох тутам өргөсөж тэлэгдэнэ. Харин Тээлийн голын билчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60 м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан хүрхрээ боргио үүсгэн сүртэй урсана. Энэ хэсэгт түүний зүүн гараас Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах Суман гол нийлж Чулуут гол мэдэгдэхүйц услаг болох ба гульдиралын өргөн, усны гүн нэмэгэдэнэ. Гульдралын өргөн эхэндээ 20-30м, дунд хэсэгтээ 20-60м адагтаа 70-80м байна. Усны гүн 0,5-2,5 м, урсгалын хурд 1 м/сек орчим болно.













2. Хоргын тогоо


Аймгийн төвөөс 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршино. Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго нь газар зүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөргийн 48° — 10°, дорнод уртрагийн 99-21  олбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчимд хойшоо урагшаа 7-8 км шахам, барагцаалбал 56-60 ам.км талбай эзлэнэ. Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тунхал зэрэг хоргодох далдлах газар үлэмхэн    учраас    Хорго    хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-анга,   Баганга   гэх   мэт  хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж ундуй, сундуй овооролдсон байх бөлгээ. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, цэцэгс ургана. Шинэ төрмөлийн эриний гуравдагч, дөрөвдөгч галавд оргилж  байгаад  хожуу  унтарсан шинэхэн галт уул энд олон байдаг. Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын үнэмлэхүй өндер 2300 м, харьцах өндөр 110 м орчим бөгөөд өрхийн голч 200 м, гүн 70-80 м, тогооны гадна талын хажуу 25-35°, дотор талын хажуу 45-50 градус уруу тогтоцтой. Өрхөн дотроо нуургүй  хуурай, түүгээр нь бүлээн уур савсаж ид өвлийн хүйтэнд бөөн бөөн цагаан цан хүүрэг тогтдог тул галт уулын тас хар энгэр хажуугаар хэсэг хонь шиг цайрч тод сонин үзэгдэх авай. Хоргын тогооны хүрмэн хад болон нүх сүвээр гарч буй бүлээн уур хийн илчинд цас огт тогтохгүй бөгөөд орчин тойрондоо дун цагаан байхад энэ уул ганцаараа хав хар харагдах нь нэн сонин. Хоргын тогооны өрхөн дотор хоорондоо 10-30 м зайтай хүрээлэн тогтсон хоёр гурван давхар ирмэг, хөмсөг байхыг ажихад сүүлийн   үед   хожуу   хэд  дахин  дэлбэрснийг илтгэнэ. Хоргын Тогоо уулын хайлмаг хүрмэн чулуу урсаж байхдаа зуурсан мэт мушгиралдан атирсан хийгээд уурандаа үлээгдэн овойж   гэр   мэт   хэлбэрийг   бий болгожээ. Энэхүү оройгоороо цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй гэр мэт сонин агуйг нутгийнхан чулуун гэр гэлцэх нь буй. Хөндий тааз туурганаас шингэн хүрэм дуслаж, гоожихдоо унжиж царцсан шовх шовх тогтоцтой сумын гилбэр, жадны үзүүр мэт   дүрсийг    үүсгэжээ.    Харин гэрүүдийн хамгийн томыг хэмжиж үзэхэд эргэн тойрондоо 11 м, өндөр нь 1.7 м, тооно нь хөндлөнгөөрөө 1 м гэрийн доторхи зай 2.2 ам.м, өргөн хананы зузаан нь 20 см орчим ажээ. Хагарсан гүн ангалуудад битүү мөс бүрхээд халуун зун ч хайлахгүй байдаг явдал нь байгалиас заяасан мөсөн зоорь гэлтэй. Мөн Шар Нохойн там, Чонын үүр мэт сонин тогтоцтой газар ч цөөнгүй. Өмийн тогоо, Гичгэний тогоо гэх мэт галт уулсын өрхөнд хэдийнэ гүн цэнхэр нуур тогтжээ. Тэнд Хоргын тогооноос гадна Гичгэний Баруун, Зүүн Тогоо, Залаа толгой, Цагаан-Уул, Босго, Суга, Мандалын Тогоо, Шаврын Царам зэрэг арваад галт уулс бий. Тэрхийн цагаан нуурын хөндийг дүүргэн 40-50 м зузаан хүрэм хийгээд тэр их зузаан хүрмэн хадыг зусэж 20-30 м гүн хавцал дундуур Суман,   Гичгэнэ,   Чулуут   голын хөөсрөн шуугих ус, Тэрхийн цагаан нуурындундах Нуурын Толгой, Хөдөө нуур, Уран Мандал зэрэг гоо сайхан ул  ус   ургамал, амьтан    бүхий зэсгэлэнт газар олон бий. Галт уул дэлбэрэн Тэрхийн голыг боосон учраас Тэрхийн цагаан з тогтжээ. Энэ нуур 16 х 6 км хар цагааны   урт    өргөнтэй,    зууван хэлбэрийн цэнгэг, 99.0 ам.км талбайтай. Далайн түвшнээс 2060 м-ийн өнөдөрт өргөгджээ. Хойд урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурт цутгахын зэрэгцээ Сорт, Хар чулуут, Элс, Өлт, Шанаат, Нарийны гол гэх мэт олон гол нуурт цутгана.
Тэрхийн цагаан нуураас гарах Суман гол олон мянган жилийн туршид  гулдирлаа  элээж  ухсаар нуурын түвшин доошлосон тул Хөдөө нуур Тэрхийн цагаан нуураас тасарч үлдсэн байна. Тэрхийн цагаан нуурын түвшинг 1.7 метрээр дээшлүүлбэл хөдөө нууртайгаа хүйн холбоотой болох юм билээ. Суман гол өвлийн цагт 2 км хиртэй газар огт хөлдөлгүй харзлан 20 м өндөр хүрмэн дундуур шаагин урсана. Суман голын харз уснаа хэдэн зуун нугас ангир, галуу, цөөвтөр хун өвөлждөг нь сонин. Тэрхийн цагаан нуур Суман, Гичгэнэ, Чулуут голуудад тул цурхай, зэвэг алгана мэт загас нэн элбэг.
Энэ нутгийн баруун өмнөөс Хангайн гол нуруу, хойноос Тарвагатайн нуруу, өмнөөс Шавар Цармын   нуруу,  Мөстийн   нуруу хүрээлнэ.   Уран  мандал  тийнхүү эртний  далай  тэнгисийн  хурдас чулуунаас тогтсон учраас түүний арыг Шувуун чулуут гэх бөгөөд эмгэн хумс, шанаган хорхойн чулуужсан үлдэц элбэг байдаг. Тэрхийн цагаан нуурын хажууд Нуур толгой хэмээх 28 метр бяцхан ухаа буй. Тэнд төрөл зүйлийн шувуу цуглах нь сонин






















3. Тэрхийн цагаан нуур

“Монгол улсын Тэрхийн цагаан нуурт очвол та энэ газар аж төрдөг иргэд яагаад хотод амьдрахыг хүсдэггүй вэ гэдгийг ойлгох юм. Тэрхийн цагаан нуур бол сөнөсөн галт уулаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар аж. Энд загас барьж, монгол гэрт амьдарч, байгалийн сайхныг ганцаараа хараад суух боломжтой бөгөөд энэ үед бүх алжаалаа умартах болно”
Дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөл болсон “СиЭнЭн”-ээс монголын Тэрхийн цагаан нуурын талаар ийнхүү бичжээ. Тэд дэлхийн сая сая хүнд зориулан манай гариг дээр ганцаараа аялах боломжтой есөн газрыг танилцуулсан байна. Түүний нэгээр манай улсын Тэрхийн цагаан нуур тодорсон аж.

























4. Суварга хайрхан уул


Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн, хангайн уулархаг мужийн ай савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй сүрлэг уул юм. Суварга хайрхан нь галт уулын гаралтай уул юм. Түүний хормой биеэр модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доош энгэр талдаа галт уулын тогоо болох хүнхэрт тогтсон уулын тунгалаг нууртай. Хайрханы урд энгэрээс Орхон, араас нь Урд Тамир, зүүн суганаас нь Цэцэрлэгийн голууд эх авдаг хангай нурууны усны гол хагалбар билээ.
Суварга хайрхан уулнаас салбарласан өвөр талдаа боржин хад, байц цохио, нүцгэн орой, хүнх, хуниас бүхий Солбидог, Жимгэр, Хошгот, Тонгорогийн их, Бор, Цагаан өргөө зэрэг олон сүрлэг нурууд салбарладаг. Эдгээр уулсаас Тонгорогийн гол, Хошготын гол, Жимгэрийн гол, Хөрвөөлөгийн гол, Өлзий тээлийн гол зэрэг түргэн урсгалтай, үхэр чулуутай бэсрэгхэн голууд гол төлөв их ганга, ангал, хавцал дундуур боргио үүсгэн урсч Орхон голын эх савыг бүрдүулдэг ба Улаан цутгалан хэмээх хүрхрээг үусгэдэг ажээ. Хайрханаас эх аван урсах гол ус нь Өвөрхангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ аймгийн олон сумдын нутгийг дамнан урсч, ард иргэдийг ундаалж, амьдрах усны эх булаг болдог ажээ.
Мөн баруун талдаа Манхан, Ямбилэг, Чирэнгэт, Нөрөөт, Бугат, Согоот, Баян өндөр, Үйзэн бүрхээр, Хашаат, Шарт, Намшир, Буурал цагаан, Дундгол, Чил, Байшинт, Хонгор, Хана, Шар булуу, Шар тээг гээд олон сайхан сүрлэг уулс урт нуруунууд залган салбарладаг юм.
Эдгээр уулсаас Ширдэгийн гол, Шартын гол, Нарийн хамрын гол, Ямбилэгийн гол, Гялааны гол, Цагаан сүм, Могойн гол зэрэг голууд эх аван урсч Цэцэрлэг, Цэнхэрийн голуудыг бүрдүүлэн Архангай, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, сумын зон олныг ундаалдаг голын эх болж, Тамирын голтой нийлж Орхон голд цутгадаг юм.
Суварга хайрханаас салбарласан нуруудад хар хад, хуш, хус, улиас, бургас, тоорой, хайлаас, далан хальс, яргай, чаргай болон үхрийн нүд, хад зэрэг төрөл бүрийн жимсний мод ургадаг юм.
Буга, согоо, бодон гахай, бор гөрөөс, янгар, хүдэр, чандага, туулай, шилүүс, дорго, мануул, хярс, үнэг, чоно, тарвага, зурам зэрэг ан амьтад элбэг байдаг. Хур, сойр, ятуу, ахууна, ел, тас, бүргэд, сар, бэгбаатар, хойлог, ууль, шар шувуу, харцага, тоншуул, шатар шаазгай, тагтаа, бор шувуу, хэрээ, улаан хошуут зэрэг байнгын оршин нутаглах жигүуртэн, элээ, хөхөө, өвөөлж, хөх, шар цөцгий, хун, галуу, ангир, нугас, тогоруу, өрөвтас, зуунхурга зэрэг нүүдлийн шувууд амьдардаг үзэсгэлэнт нутаг билээ.
Суварга хайрхан уулыг эрт үеэс хошуу ноёд, нутгийн иргэд тахин пгүтэж ирсэн түүхэн уламжлалтай юм.
Хайрханы урд, баруун, баруун урд зүгээс буюу Цэцэрлэг багийн нутагт Давцан, Цэнхэр багийн нутагт Тахидаг уул, Орхон багийн нутагт Шар гэлэнгийн нуруу, Өндөр толгой зэрэг газруудаас тахидаг байжээ.
Суварга хайрхан уулын салбар зүүн талд нь орших Жаран төгрөг уулын оройд Чингэс хааны түмэн цэргийн овоо байдаг бөгөөд энэхүү овоог Чингэс хааны их цэрэг баруун зүгт дайлаар явахдаа Суварга хайрхан уулыг биширч, босгосон гэдэг домогтой билээ.
Суварга хайрхан ууланд гарч мөргөсөн эр хүний 3 жилийн хийморь сэргэж, элдэв гай барцад тохиолдохгүй сайн сайхан амьдардаг гэлцэх хуучны үг бий. Суварга хайрхан ууланд гарсан хүмүүс нууранд нь сүү өргөж, "Өндөр Хангай" уртын дууг нуурын хажууд дуулдаг заншилтай.
Суварга хайрхан уул бол тус аймгийн Булган, Цэнхэр, Их тамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хархорин, Баянхонгор аймгийн Эрдэнэцогг сумын иргэд цагаан идээний дээжээ өргөн сүслэн залбирдаг Арын сайхан хангай нутгийн сор болсон сүрлэг уулсын нэгэн билээ.
Суварга хайрхан уулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183 тоот зарлигаар Төрийн тахилгатай болгожээ.















5. Тамирын гол

Орхоны зүүн гараас цутгах ганц том гол бөгөөд эхэндээ хойд урд Тамирын гол нэртэй болж салаалдаг ажээ. Хойт Тамирын голын урт 180км, урд Тамирын голынх 165км юм. Хоёр Тамирын голоос Орхон Тамирын билчир хүртэлх урт 52 км бөгөөд талбайн хэмжээ 13100 хавтгай дөрвөлжин болно. 
Хойт Тамирын гол Хангайн гол нуруунаас эх авч урсдаг унал ихтэй, урсгал хурдтай жинхэнэ уулын гол учраас зуны хур борооны үед усны түвшин богино хугацаанд эрс дээшлээд түргэн татарч багасна. Өвлийн урсац аль алинд нь тун ялимгүй тул ихэнхдээ ёроолгүй хөлдөнө. Хоёр Тамирын билчирээс доош голын хөндий 3-4 км тэлж өргөсөөд татамд улиас бургасан шугуй шигүү ургана. Гульдралын өргөн тэр хэсэгт 40-70 м, усны гүн 2,5-3 м, урсгалын хурд 1-2 м/сек байдаг.
























6. Тайхар чулуу


Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд хойд өргөргийн 47°36′, зүүн уртрагийн 101°17′-д орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. 7-9-р зууны бичээс дурсгалын зүйл ихтэй. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбарууд байдаг. Эдгээрээс үнэнд хамгийн ойр нь тайлбарыг хүргэе. Тайхар чулуун нь газрын байрлалын хувьд урдуур хойгуур нь өндөр дэнж/ хар эрэг/-тэй, харалдаа ард нь Тайхар чулууруу харсан хадан хясаа бүхий намхавтар уултай /улаан толгой/ бөгөөд олон жилийн өмнө урд хойд хоёр эргийн хооронд их хэмжээний ус урсдаг, арын уул нь тайхао чулууг хүртэл урагшаа үргэлжилсэн байрлалтай байсан. Гэвч он цагын аясаар уул элэгдэж, ус ширгэж үгүй болох үед уулнаас үлдсэн хэсэгхэн чулуу нь өнөөдрийн Тайхар чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт нэгэн бүтээл болон үлджээ.


































7. Хар балгас

Төв Азийн нүүдэлч ард түмний дунд VII-IХ зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Орду-балык гэдэг их хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны хөндийд буй.
Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг. Хар балгасыг оросын эрдэмтэн Д. А. Клеменц, В.В.Радлов нар XIX зууны сүүлийн хагаст удаа дараагаар шинжиж эрдэм шинжилгээний тодорхойлолт хийж нийтэлсэн бөгөөд 1933-34 оны үед Д.Букенич, 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар малтлага хийсэн бөлгөө. Судлаачдын үзэж байгаагаар Хар балгас анхан Орхоны хөндийд байгуулагдаагүй, хожим тэнд нүүж очсон байна.

Дундад улсын түүхийн мэдээнд: "Тянь Баогийн эхэн 751 оны үед Уйгурын Пэй-ло хааны өргөө орд Ү-тэ-цзянь /Үтүгэн/ уул, Хун /Орхон/ голын хооронд нүүж буув. Түүний зүүн этгээд тэгш тал газар болно. Баруун этгээд Ү-тэ-цзянь уулаар, умар этгээд нь 600 ли /газар/ хол Сянь-э /Сэлэнгэ/ голоор савлана" гэсэн байдаг. Уг балгасыг чухам хаа хэзээ анх байгуулсан нь тодорхойгүй, харин Харбалгасыг есөн овгийн Уйгурын уг нутаг Сэлэнгэ хавь нутгаас өмнө зүг нүүлгэсэн бололтой гэж археологич Х.Пэрлээ бичжээ.
Эртний судлапын бичиг судрын мэрээгээр үзвэл, Хар бапгас Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хар балгасны цайзат хэрэм хэмжээгээрээ ихийн дээр, түүний хана туурга нь нэлээд нурсан боловч цайз нь одоо 12 метр хэрмийн төв дэх том цайз /хараат/ нь 14 м өндөр байна. Хэрмэн дотор малтахад үзэмжит сайхан чимэглэлтэй ордны барилгын ор олдсон нь Хятадын Тан улсын / 618-907/ үед холбогдох зүйл байжээ. Цайзат хэрмийгтойрон тусгай, тусгай шороон цонж байсан агаад цайзын гадаад буланд налуулан хийсэн цонжийг цэргийн зорилготой гэж С.В.Киселев үзсэн билээ. Цайзат хэрмийн үүдэнд цэцэрлэгт хүрээлэн байсан бололтой. Цайзат хэрмэнд Уйгурын хааны орд харш байсан нь дээрхи малтлагын олдвороор гэрчлэгджээ. Түүнээс гадна хааны ордонд холбогдох хааны бурхан шүтээн байсан бололтой хэрэмтэй дуган сүм байсны ор бий.
Түүний үүдэнд Уйгур, хятад, орхон-енисейн бичээстэй гэрэлт хөшөөнүүд тавиастай байсан бөгөөд эдгээр нь уйгурын хаадад зориулагдсан байжээ. Хар балгасны баруун . хойд, баруун хэсэгт худалдаа гар үйлдвэрийн хэрэм барилга олон байжээ. 1949 онд энд малтлага хиихэд гар урчуудын төмөрлөгөөр юм дархалж байсны баримт болох лав, хавтгай хүрэл, хүрэл хайлмагийн үлдэц олдсон ба 840 онд холбогдох хятад зоос гарчээ. 
Мөн Хар балгаснаас "Киргыз ваар"-ны хагархай олноор олдсон нь тэнд олон хүн сууж, гар үйлдвэр эрхэлж байсны гэрч юм. Хар балгас их хот байсан авч 100-гаад жилээс илүү насалсангүй, 840-өөд оны үед Енисейн киргыз нар Уйгур улсыг мөхөөхөд гал түймэрт өртөн сөнөжээ. Киргызүүд туc хотыг сүйдлэн эвдсэн гэж түүх сударт ч тэмдэглэгдсэн байдаг нь эртний судлалын мэдээгээр батлагджээ. Баримт түшвээс Хар балгасны аил бүр шахам тарианы гар тээрэмтэй байсан авч тэдгээр тээрмийн нэг ч бүтэн чулуу одоо олдоогүй, цөм хагархай олддогийн дээр, балгасны бичигт хөшөөнүүдийг зориуд цүүцдэн буталсан байдаг билээ. Хар балгас бол Монгол төдийгүй дэлхий дахины түүх, соёлын нандин өвийн нэг юм.





























No comments:

Post a Comment