Thursday, January 27, 2011

"Дэвжсэн төрийн дээл" сэдэвчилсэн үзэсгэлэн

Дэвжих төрийн дээл 
Мандах төрийн малгай.... гэсэн үг байдаг. Бид дэвжсэн..........мандсан...........
Богд Хаант Монгол Улсын 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн 1 дүгээр сарын 26- наас 2 дугаар сарын 13-ныг хүртэл Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд гарч байгаа бөгөөд та бүхнийг өргөнөөр ирж үзэхийг хүсье.

Хувцас өмсгөл нь улс үндэстэний соёл, түүх, зан заншлын онцлог, сэтгэлгээний хэв маягийг шингээсэн "судар" билээ. Монгол үндэстэний хувцас нь монголчуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхий мал ахуйтайгаа харьцах уламжлал, заншлыг тусгахын хамт хүний эрүүл мэнд, биеийн онцлогт гойд тохирч хувь хүний нас, хүйс нийгмийн байдал, зэрэг дэвийг илэрхийлдэг.
800 зууны тэртээ дэлхийг эзэгнэж байсан монголчуудын хувцас тухайн цаг үедээ хамгийн нөлөөтэй байж дагаар орсон улс орнуудад өргөн тархаж байсны нэгэн жишээ нь монгол дээлийн товч, шилбэний хэв загвар Унгарын морин цэргийн хувцсаар дамжин Европт түгэн дэлгэрсэн түүх болой. Ингэхдээ дээлийн шилбэний үндсэн хэлбэр нь уртасч хавирга мэт болж цэргийн өмсгөлийн гоёл чимэглэлийн нэг өвөрмөц загвар болжээ. Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын ёсчлон тогтоосон монгол дээлний үндсэн загварыг хадгалсан лам хуврагуудын хувцас өнөөг хүртэл хэв загвараа хадгалан уламжлагджээ. Манж Чин улсын ноёрхлын үед Монголын язгууртан ихэс дээдсийн өмсгөл манж-хятад хувцасны хэв маяг багагүй нөлөөлсөн байдаг. 
1911 онд Монголын тусгаар тогтнол сэргэн мандаж Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол улс байгуулагдаж монгол ноёд, төрийн түшмэдийн хувцсыг хуульчилсан " Ёслолын цаазны бичиг"-ийг баталсанаар хаан, төрийн түшмэдийн хувцасны загварыг үндэсний хэв маягт тулгуурлан шинэчилжээ.

Wednesday, January 5, 2011

Дэлхийн тайлагдашгүй 10 нууц оньсого

1. СЭТГЭЛ САНАА БА БИЕИЙН ХАРИЛЦАА 
Анагаах ухаан хvний уураг тархи, бусад эд эрхтэнтэй хэрхэн харьцаж байдгийг 100 хувь биш ч гэлээ ихэнх хувийг нь тайлбарлаж, нотолж чадсан. Харин нэг зvйлийн учрыг огт олдоггvй аж. Энэ нь сэтгэл санааны эмчилгээ. Хvмvvс єєрийнхєє євчинд огт нєлєєлєхгvй эм уугаад "Энэ эм миний євчинг анагаана" гэдэгт итгэхэд тэр нь євчнийг анагаадаг байна. Энэ мэт манай монголчуудын "Сэжгээр євдєж сvжгээр эдгэнэ" гэдэг шиг зvйлийн учрыг анагаах ухаан одоо болтол тайлж чадаагvй байна. 


2. ДАЛДЫГ ХАРАХ 
Манай телевизvvдээр гарч буй "Зєн билгийн тулаан" нэвтрvvлгийг та андахгvй байх. Тус нэвтрvvлэгт оролцогчид далдыг яаж хараад байгааг хvмvvс ойлгодоггvй. Зєн билэгчдийн хvч чадал, далдыг харах чадварыг мєн л шинжлэх ухаан тайлж чаддаггvй байна. 

3. VХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ 
Та хэр шvтлэгтэй вэ. Шvтлэгтэй хvмvvс ихэвчлэн хойд насанд итгэдэг шvv дээ. Гэнэтийн осол, золгvй байдлаар тvр зуур vхээд сэрсэн хvмvvс манай дэлхий дээр цєєнгvй байдаг. Тэд нэг л зvйлийг ярьдаг байна. "Гэрэлт цагаан хоолой, эсвэл тас харанхуй ангал руу унаж байна" гээд л. Шашинд бол vvнийг там эсвэл диваажин гэж нэрлэдэг. Vнэхээр там, диваажин байдаг эсэхийг шинжлэх ухаан бас л тайлбарлаж чадаагvй байна. 

4. UFO БУЮУ НИСДЭГ ТАВАГ 
Нисдэг тавагны тухай олон кино бий. Нисдэг таваг харсан, сууж vзсэн, тэр байтугай єєр гаригт зочилсон гэж ярих хvмvvс ч байдаг. Шинжлэх ухаан vvний учрыг олж, vнэн зєв тайлбарлаж чадаагvй л байна. Хамгийн гол нь хvмvvс ор vндэсгvй юмыг байнга ярьдаггvй. Vнэхээр тэр нисдэг таваг байсан уу, эвэл vгvй юу. Хэн мэдэх билээ. 

5. УРЬД ХАРАГДСАН ЗVЙЛ ДАХИН ХАРАГДАХ 
"Дэжа вv" буюу ємнє харагдаж, болж байсан зvйл давтагдахыг францаар ингэж хэлдэг. Тэнд ємнє хийсэн зvйлээ давтах эсвэл давтах, эсвэл зvvдэлж байсан мэт санагдах vе байдаг уу. Энэ зvйл хvн бvрт тохиолддог ч тоолгvй єнгєрєєх нь элбэг. Гэхдээ энэ чухам бодит уу, тєсєєлєл vv гэдгийн учрыг олж чадаагvй л байна. 

6. СVНС БА ХИЙ VЗЭГДЭЛ 
Энэ тухай баримтат кино, нотолгоо хvн тєрєлхтний тvvхэнд байнга л байдаг. Таны найз нєхєд єєрт таарсан, хий юм харснаа ам булаалдан ярьдаг шvv дээ. Гэвч одоо хvртэл шинжлэх ухаан ямар нэг сvнс, хий vзэгдэлтэй холбоо тогтоож чадаагvй байна. 

7. ОР СУРАГГVЙ АЛГА БОЛОХ VЗЭГДЭЛ 
Хvмvvс олон тохиолдлоор алга болдог. Хэн нэгний гарт єртєх, газар доор орох, оргон зайлах, золгvй байдлаар нуур цєєрєм рvv унах гэх мэт. Харин огт ул мєр vлдээлгvй сураггvй болсон хvмvvс байдаг. Тухайлбал, "Ариун Мария"-гийн бvх багийн гишvvдээс эхлээд Жимми Хоффа болон Натали Холовей нар ямар ч ул мєргvй алга болсон юм. Тэднийг хаачсаныг болон чухам яг юу болоод єнгєрснийг хэн ч тайлаагvй байна. 

8. ЗУРГАА ДАХЬ МЭДРЭХVЙ 
Зургаа дахь мэдрэхvй хvн болгонд танил сонсогдож байгаа байх. Хэнд ч, ямар нэг тулгамдсан vед сонголт хийх хэрэг гардаг. Энэ vед зургаа дахь мэдрэхvй буюу зєн совингоо сонсдог. Зургаа дахь мэдрэхvй, зєн совингийн талаар одоо болтол логик vндэстэй нотолгоо гараагvй л байна. 

9. ЦАСНЫ ХVН 
Цасны хvнийг та бас л мэднэ. Алмас гэж нэрлэгддэг тvvнийг хvмvvс харсан гэх боловч шинжлэх ухааны vvднээс судалсан ямар нэг тайлбар хийж чадаагvй нууц хэвээрээ vлдсэн. 

10. ТАОС-ИЙН ДУУ 
Нью-Мексико муж улсын Таос гэх жижигхэн хотын иргэд сvvлийн хэдэн жилийн турш цєлєєс гарч буй богино давтамжтай дууг сонссоор ирсэн. Тэд хаанаас гарч байгааг шинжлэх ухааны хvрээлэнгvvдээс олон арван мэргэжилтэн олон арван мэргэжилтэн судлаачдыг урьж ажиллуулсан ч юу ч хэлж чадаагvй. Таосын дуу одоо болтол сонсогддог байна. 

Эх сурвалж Sky land

Tuesday, January 4, 2011

Мэдэхэд илүүдэхгүй

  1. Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлийнхээ жагсаалтыг гарахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.
  2. Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэнэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгэхийн хагас гэдгийг бүү март.
  3. Цаг үргэлж алхам алхамаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлээ тодорхойлон амьдралд хэрэгжүүл.
  4. Төлөвлөгөө хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийх.
  5. Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.
  6. Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. ширээ таны цонхны хажууд байрласнаас болоод цагдаа жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэгггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьж таныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.
  7. Өнөөдөр яавал би хурдан зорилгодоо хүрэх вэ Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асууж байгаарай
  8. Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дууриах гэж оролдсоныг хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийг дуусга.
  9. Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажиллаа илүү бонино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.
  10. Амжилттай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж нозоорхоос зайлсхийж чадна.

Өнгөрсөн зууны туулай жилүүдэд ямар үйл явдал болсон бэ?

    Туулай жил тийм сайн жил биш ч гэсэн бусад жилийг бодвол тийм муу жил биш бололтой. Туулай жилд дайн, террорист халдлага, дуулиан шуугиан дагуулсан үйл явдлууд болж байсан төдийгүй алдартнууд мэндэлж, шинэ нээлт, агуу зүйлсийг бүтээж байжээ.

1903 он
20 дугаар зууны анхны туулай жил түгшүүртэй эхэллээ. Уфа мужийн нэгэн эсер хувьсгалч амбан захирагчыг буудан хороов. Лондон хотод болсон Оросын ажилчны социал-демократ намын хурлын үеэр тус нам хагарч, большевикуудын бүлэг үүсчээ. Антон Чехов «Интоорын цэцэрлэг» зохиолоо бичсэн бол цөмийн физикч Игорь Курчатов мэндэлжээ. АНУ-д дэлхийн автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох «Ford Motor Company» компани байгуулагдлаа.

1915 он
Османы эзэнт улс армянчуудыг аймаглан устгах ажиллагааг зохион байгуулсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн эмгэнэлт үйл явдлуудын нэг болсон юм. Туркийн эзэн хаан армян гаралтай бүх сэхээтнүүдийг Стамбул хотод авчирч, хөөн гаргах тушаалыг дөрөвдүгээр сарын 14-нд гаргаж байжээ. 1918 он хүртэл /өөр эх сурвалжаар 1923 он хүртэл/ 1,5 орчим сая армян иргэн амиа алдаж, Армяны хэдэн зуун түүх дурсгалын хөшөөг устгасан байна. Энэ бол 20 дугаар зууны анхны аймаглан устгах ажиллагаа байв.

1927 он
ЗХУ-д ээлжит хямралд автсан бөгөөд энэ удаа үр тарианы салбар илүү ихээр нэрвэгдсэн байна. Тавдугаар сард Их Британи ЗХУ-тай байгуулсан худалдааны гэрээгээ цуцалж, дипломат харилцаагаа тасалжээ. Үүний шалтгаан нь мэдээлэл алдагдсантай холбоотой юм. ЗХУ дэлхийд хувьсгал өрнүүлж, Британийн Засгийн газрыг түлхэн унагаахаар төлөвлөж байгааг нотолсон баримт бичгийг Британийн дипломатууд олж авчээ. Мөн энэ онд Шведийн «Volvo» концерныг үүсгэн байгуулсан байна. Дунд сургуулийн сурагч Борис Корведа хааны гэр бүлийн аллагыг зохион байгуулсных нь төлөө Польш улсад сууж байсан ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч Петр Войковын амийг Варшав хотод хөнөөсөн байна.

1939 он
Есдүгээр сарын 1-нд Германы цэргүүд Польш улсад халдан орсноор Дэлхийн хоёрдугаар дайн эхлэв. ЗХУ-д Анастас Микояны дэмжлэгтэйгээр Артем Микояны зохион бүтээх туршилтын товчоо байгуулагдав. Хожим тус байгууллага МиГ загварын нисэх онгоц бүтээсэн байна.
АНУ-д хэмжээгээрээ зургадугаарт ордог «US Airways» авиа компани байгуулагдлаа.

1951 он
Иосиф Сталин Засгийн газрын хамгаалалтын алба, үйлчлэгчдийн орон тоог 70 хувиар бууруулж, намын зүтгэлтнүүдийн цалинг бууруулсан байна.

Долдугаар сарын 22-нд Астрахань мужийн баруун хойд нутагт оршдог Капустин Яр хэмээх пуужин хөөргөх талбайгаас Дезик, Цыган гэдэг нэртэй хоёр нохойг суулгасан пуужинг хөөргөсөн бөгөөд энэ нь сансарт анх удаа нохой нисгэсэн тохиолдол юм.

1963 он
Энэ онд манай үеийн хамгийн алдартай хоригдол болох «ЮКОС» компанийн тэргүүн асан Михаил Ходорковский төржээ. Арваннэгдүгээр сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннедигийн амийг хөнөөсөн бол хэд хоногийн дараа Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн хэргийн цорын ганц сэжигтэн болох Ли Харви Освальдыг буудан алжээ. Дани улсад гутлын «ECCO» компани байгуулагджээ. АНУ-д компьютерын анхны хулганыг зохион бүтээжээ.

1975 он
ЗХУ-д ган болж, ургацынхаа гуравны нэгийг алдав. Жилийн дотор хоёр ч удаа АНУ-ын Ерөнхийлөгч Жеральд Фордын амь насыг хөнөөхийг оролдсон бол Нью-Йорк хот санхүүгийн хямралд автсан байна.

«Microsoft» болон «Pernod Ricard» компанийг үүсгэн байгуулжээ. Оросын академич Андрей Сахаров Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн байна.

1987 он
Аравдугаар сарын 19-ний хар даваа гаригт «Dow Jones» аж үйлдвэрийн индекс түүхэнд өмнө нь байгаагүй их хэмжээгээр буюу 22,6 хувиар уналаа. Үүний улмаас Их Британи, Хонконг, Канад, Австралийн биржүүд уналтад орсон байна. Тавдугаар сарын 28-ны 19 цагийн үед 19 настай Германы иргэн Матиас Рустын жолоодсон онгоц Улаан талбайд газарджээ.

1999 он
Еврог дэлхийн санхүүгийн зах зээлд бэлэн бусаар гүйлгээ хийхэд ашиглаж эхлэв. НАТО Югославт цэргийн ажиллагаагаа явуулж эхэлжээ. Борис Ельцин Владимир Путиныг өөрийгөө залгамжлагч хэмээн зарлан, хугацаанаасаа өмнө огцорсноор «Путины эрин үе» эхэллээ.

Д.Жаргал 

Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж яв

            Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно. Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Бидний өвөг дээдэс “биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу” хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. “Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй” гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг” хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. “Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг” гэдэг үнэн аж. Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрхбиш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. “Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг”. Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх булгууд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх. Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. “Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй” юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв. Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж, байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.

Титэм үг: Нацагийн Багабанди

Итгэл

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.
Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.
Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм. Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”.
Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?
За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй. Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна.
Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”. Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.
Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь. Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү.
Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно.
Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!


Титэм үг: Нацагийн Багабанди

Чармайлт амжилтын эх мөн

Амжилт ололтын оргил өөд мацан авирахыг бодож   мөрөөддөггүй залуу хүн энэ орчлонд байхгүй байлгүй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггүй, түүнийг эзэн хүн уйгагүй хичээл зүтгэлээрээ бүтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг төрүүлэгч ээж нь хичээл зүтгэл мөн гэж хэлдэг байх. Төрөлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггүй бурхны хишиг.
Гэхдээ л махран чармайн хөдөлмөрлөхгүйгээр дан ганц авьяасын хүчээр алдрын тавцанд хүрсэн суу билигтэн нэг ч үгүй. “Суу билиг эхлэлийг  тавьж болно. Үйл хэргийг гүйцээхэд тэв­чээр, хөдөлмөр хэрэгтэй”. Амжилтад аз хөтөлдөг гэж хэл­дэг, боддог хүмүүс бий. Сугалаагаар гэнэт их мөнгө хожих нь аз мөн. Азыг буй болгон бүтээдэггүй, аз хүнд заяадаг, хааяа хааяахан азын тэнгэртэй аавын хүү, ээжийн охинд таарч тохиодог буян хишиг. “Амжилт гэдэг бол арван хувийн аз, ерэн хувийн хөлс” гэх үг байна. Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд хөлсөө ахиухан дуслуулж хөдөлмөрлөх хэрэгтэй байх нь ээ. Амжилтад хүрсэн хүмүүс цаг бол алт гэдгийг маш сайн мэддэг, цаг хугацааг дээд зэргээр ашиглаж сурсан гайхамшигт дэглэмтэй байцгаасан. Цагийг үр бүтээлтэй ашиглаж сурсны ачаар шороон дээр сууж байсан олон хүн алтан дээр суусан жишээ захаас аван бий. Бусдаас ахиу хурдтай, илүү гавшгай байж тэднээс давсан амжилт олох магадлалтай. “Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь байдаг”. Бүхнээс нягт нямбай, нарийн чамбай ажилладаг хүнд амжилтын бариа илүү ойрхон байна.
Ус чийггүйгээр өвс ургамал ургадаггүйн адил гүйцэтгэх чадваргүй хүн амжилт олно гэж байхгүй. Цаг хугацаа, үйл ажлаараа шалгагдсан гүйцэтгэх чадварын ханш өндөртэй хэн ч гэсэн эрээд олдохгүй эрдэнэ гэдэг шиг эрэлт хэрэгцээтэй. Гүйцэтгэх чадвар сайтай байна гэдэг нь ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч, бас дээр нь санаачлагатай байхыг хэлнэ. Аливаа хүн нүдэнд харагдах гэж гүйж харайснаараа бус, нүдэнд харагдахуйц гүйцэтгэж бүтээснээрээ үнэлэгдэнэ. Хүмүүс чамайг хэрхэн үнэлж байна чи илүү ч үгүй, дутуу ч үгүй тийм л үнэлгээтэй. Хүн бүрт өөрийнх нь хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүрэг бий. Хийх ажил, гүйцэтгэх үүргээ цаг хугацаанд нь, өөлөх зүйлгүй чамбай, голох юмгүй чанартай хийж, хэлсэн үгэндээ ч, хийх ажилдаа ч эзэн болох нь гүйцэтгэх чадвар сайтай хүмүүсийн нийтлэг дүр төрх.
Чөмгөө дундартал чармайн ажиллаж, хийж буй ажилдаа чин сэтгэлээ шингээн хөдөлмөрлөж байгаа хүн зорилгоо биелүүлж, зорьсондоо заавал хүрнэ. “Алдар хүнд, амжилт ололт өөд ганц зам хөтөлдөг. Энэ бол хөдөлмөр. Өөр замаар түүнд хүрэхийг хүссэн хүн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил”. Алс газарт хүрэхийн тулд олон уул даваа, ус мөрнийг гатлан, замын ачаалал зүдэргээг амсч мэдрэн очдог бол амжилтад хүрэхийн тулд олон сорилт шалгалт, бэрхшээл саадыг даван туулж, зовлон зүдэргээг шүд зуун гэтлэх хэрэгтэй болно. Саад бэрхшээл хүнийг сөхрүүлж туйлдуулахын тулд замд хөндөлсдөггүй, даван туулахын тулд байдаг юм. Саад бэрхшээлээс зүрхшээн шантрагч амжилт ололтын барианы зурхайд хүрч чадахгүй, замын хугаст эргэж хурган, зүрх алдан зогсож, зорьсондоо хүрэлгүй буцна. Тийм хүмүүсийг амжилтын наран хэзээ ч гийгүүлэхгүй.
Хүмүүс аян замд мордохдоо хаанаас гараад, хаагуур дайрч, хаана хүрэхээ тооцдогийн адил юунд, хэзээ, яаж хүрэхээ урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл амжилтыг төлөвлө. Би үүнийг заавал хийж чадна гэсэн эргэлзээ тээнэгэлзээгүй сэтгэл зүйн бэлтгэл, итгэл үнэмшилтэй болж байж алив ажил чинь амжилттай өндөрлөнө. “Итгэл, сэтгэлтэй хүн хамгийн хэцүү ажил дээр ч амжилт гаргадаг, харин хамгийн өчүүхэн эргэлзээнд автах л юм бол өнгөрдөг”. Ажлаа зөв эхлэх хэрэгтэй. Мордохын хазгай болж болохгүй. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай. “Эхлэл нь муу бол төгсгөл нь тийм” гэсэн үг ч бий.
Эргэж буцсан, шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс амжилтаас байнга хоцордог. “Урьдчилан өөрийгөө ялагдсанд тооцдог хүн жинхэнэ тэмцэл эхлэхээс өмнө тал хувиар үнэнхүү ялагдсан байдаг”-ийн адил шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс хүрч болох амжилтынхаа тал хувийг ажлаа эхлээгүй байхдаа аль эрт алдсан байна. “Гол төлөв үйл хийхээр шийдсэн хүмүүст амжилт ирдэг. Харин юмыг зөвхөн цэгнэн сууж, алгуурладаг хүмүүст амжилт ховор олддог”.
Амжилтад хүрэх зам хэзээ ч шулуун дардан байдаггүй. Азгүйтэл, бүтэлгүйтэл алхам тутам отож, сүүдэр мэт дагана. Бүтэлгүйтлийн хар бараан үүл хуран хуралдаж, дөтлөн ойртож байсан амжилтын нарыг түр зуур халхлахад цөхөрч цочирдох хэрэггүй. Аадрын дараа нар манддаг жамтай. Нүүрлэн ирсэн бүтэлгүйтэлд бүдэрсэн ч түүнээс сургамж авч, хашир суун, хөл дээрээ улам хүчтэй босч ирсэн хүн тэрхүү бүтэлгүйтлийн төгсгөлийг амжилтын эхлэл болгон хувиргаж чадна. Эхний бүтэлгүйтэлдээ зориг мохон шантарвал, дараа дараагийн бүтэлгүйтлээс нуруугаа авсан морь шиг эмзэглэн халирч, бүтэлгүйтлийн ангалд босч ирэхгүйгээр ойчно. Амжилт зоригтныг дагана. Зориг зүрхгүй аймхайчууд эрсдэл хийх чадваргүй. Эрсдэл хийхгүйгээр амжилт олох нь гантай жилийн бороо шиг ховор тохиолдол. Эр зоригтой ухаалаг хөдөлж, эрч хүчтэй хичээн зүтгэж байж амжилтын оргил өөд алхам алхмаар дөхнө. Уйгагүй хулгана уулыг нүхлэнэ гэдэг шиг ямар нэг ажлыг хийж бүтээхээр уйгагүй чармайн ажилласан хүн амжилт олох нь эргэлзээгүй. “Зоригтой хөдөлсөн хүнд гол төлөв амжилт тохиодог, харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хүнд амжилт ховор олддог”.
Амжилт, залхуурал хоёр гал, ус мэт харш. Гараа хөдөлгөж, тархиа ажиллуулах дургүй залхуучуудаас амжилт ололт анч нохдод хөөгдсөн гөрөөс шиг зугатан зайлна. Ямар ч ажил, үйлдлийг хойш тавин алгуурлах буруу зуршил залхуучуудын бие сэтгэлийг хөдөлгөхгүйгээр баглаж хүлсэн байдаг. Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж, одоо хийх зүйлийг дараа гэж хойшлуулах тусам ам тостох амжилт тэр хэмжээгээр алслан холдсоор байна. Залхуурал бол хүнд буг мэт шүглэсэн адгийн гажгуудын эх үүсвэр билээ. Залхуу хүн гавьяат үйл бүтээж, гайхалтай амжилтанд хүрнэ гэж хий хоосон хүлээх, тэвнийн сүвэгчээр тэмээ сүвлэх хоёр ижилхэн үр дүнтэй. Гар хумхин зүгээр суух, дэр дэрлэн хажуулан хэвтэхээс өөрийг хийхгүй залхуу зангаас салахгүй бол хэнд ч хэрэггүй байсаар хатаж үгүй болдог хорт мөөг шиг хувь тавилан гунигтайгаар хүлээх болно.
Амжилт хариуцлагыг дага­на. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, эрхэлсэн ажилдаа эзэн болдог хариуцлагатай хүн хэ­­зээд амжилтын эзэн байх тавилантай. Хариуцлагагүй хүнд хариуцуулсан ажлын хувь заяа, цоорхой хувинд ус хийх хоёр адилдаа адил. Эрхэлсэн ажлынхаа сайн, саар аль ч үр дүнг өөр хэнтэй ч хуваалцахгүй зөвхөн өөрөө хариуцлагыг нь үүрэхээр ажлын зохион байгуулалтыг хангах хэрэгтэй. Хариуцлагыг хагас дутуу үүрүүлсэн газарт сайнаа өөртөө нааж, саарыг бусдад нялзаах буруу сонирхол буглан үүрлэнэ. Хүмүүс ямар нэгэн зүйлд бүрэн хариуцлага үүрснээр илүү үр дүнтэй ажиллаж, авьяас чадвараа нээн дайчилж, улмаар амжилт олдог юм.
Биеийг амьд явуулах зүйл нь хоол унд бол сэтгэлийг амьд явуулах зүйл нь найдвар. Амжилт олно гэсэн найдварын галаа ямар ч нөхцөлд унтрааж болохгүй, найдварын гал үргэлж асаастай байх учиртай. Модны үндэс ялзарвал мөчир нь хатдаг шиг найдварын гал унтарвал амжилтын бүх мөчир тэр дороо хатаж, хумхийн тоос болон хийснэ. “Цөхөрч ч бай, эргэлзэж ч бай, инээж ч бай, ямагт найдаж байх хэрэгтэй”.
Саад бэрхшээлгүй, цэцэг бүрхсэн замаар шулуухан хурдалсаар амжилтын оргилд үсрэн дүүлэн хүрнэ гэж хөнгөн гоомой бодож тооцон, хий хоосон мөрөөдөж, өөрийгөө хуурах хэрэггүй. Амжилтад хүрэх бэрхшээл зүдэргээнт аян чиний сэтгэлийн хат, биеийн тэвчээрийг алхам тутам шалгах болно. Хэн үл шантарна, тэр зайлшгүй хүрнэ. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлагч тэвчээр муутай хүн амжилтын оргилд хүрэлгүй бэл хормойгоос нь буцдаг. Бэрхшээлийн өмнө сөгдөн сөхрөхгүй, тэвчээр заан даван туулж байж бахдам амжилтад хүрч өнгө алаглаж, баяр бялхсан мөчтэй учирна. “Амжилтыг амьдралдаа хүний хүрсэн байр сууриар төдийгүй, амжилт олохын тулд түүний даван туулсан саад тотгороор хэмжих хэрэгтэй”. Чармайн зүтгээд амжилт олж чадаагүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг зүй ёсоор үнэлэн хүндэтгэ. Хүн өөрийнхөө илүү мэддэг, илүү чаддаг, хичээн зүтгэж хүчлэн чармайсан тэр л салбартаа амжилтад хүрнэ. Сүр дуулиант, сүрдэм нүргээнт амжилтын оройд цойлон гарлаа ч амжилтаараа битгий сайрх, алдар хүндэд бүү мансуур, даруухан даруулгатай байцгаа!

Титэм үг: Нацагийн Багабанди

Бэрхийг давж амьдар

        Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.
Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг.
Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.
 Солонгосын нисэх буудал дээр нэг монгол залуу намайг таниад гүйгээд ирлээ. Тэнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудын нэг. Хөдөөний залуу гэнэ. Өмнө хэзээ ч хийж үзээгүй хүндхэн ажил хийдгээ хуучиллаа. Анхандаа ийм хүнд ажил хийж дийлэх болов уу, удаан тэсэх болов уу гэж шантарч байж. Хүний газрын хоол унд, цаг агаарт нь дасахад эхэндээ хүндхэн л байсан. Бусад хүмүүс болоод л байна. Би тэднээс юугаараа дутуу юм бэ? Гүрийх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулсан. Хүндрэл бэрхшээлтэй үеэ давсан. Одоо дажгүй. Чамлахааргүй мөнгө олж байгаа. Хамгийн гол нь энд ирснийх бэрхшээлийг сөрж, ажил сурч, тархи толгойдоо жаахан мэдлэг цуглуулж аваад нутаг буцах санаатай гэж хэвлүүхэн, хэрсүүхэн надад хэлээд инээж байна. Солонгос хэл сурч байна уу гэж асуулаа. Энд юу ч мэдэхгүй, таг ирсэн. Одоо өөрийгөө болгочихно оо. Цаашдаа овоо болчих байх гэж нүүр бардам хэлж байна. Би энэ бүхнийг сонсоод овоо доо гэж дотор сэтгэлдээ баяртай байлаа. Тэр залуу дийлэхгүй болов уу гэж айж байсан ажлаа дийлэн хийдэг болжээ. Мэдэхгүй байсан харь хэлийг мэддэг болж байна. Чадахгүй байснаа чаддаг болж. Хамгийн гол нь өөрийгөө ялж чаджээ. Тиймээс тэр хүчтэй ялагч.
Саад бэрхшээлээс айх, хулчийх хэрэггүй. Аймхай, хулчгар байж саад бэрхшээлийг амжилттай давж туулна гэж бодохын ч хэрэггүй. Хүн “нэг удаа хулчийсан бол дараагийн удаа бас хулчийдаг” гэнэ. Хулчгар зантай бол түүнийгээ үтэр түргэн засахыг оролд. Хулчгар занг засч болно. Зөвхөн өөрөө зориглон хичээх хэрэгтэй. “Хулчгар амьтан өдөртөө зуу дахин үхдэг” гэдэг юм. Хулчгар зан айдсаас үүдэлтэй. Хүн зөвхөн мэдэхгүй зүйлээсээ айдаг. Аливаа айдсыг мэдлэгээр ялдгийг мэдэж ав. Цаг ямагт айдсаас чичрээд байх юм бол хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй. Түүнчлэн мөнхийн айдастай амьдарч буй хүнийг эрх чөлөөтэй гэж хэлэх аргагүй. Аймхай хулчгар зангаа хаях эр зориг чамд хэрэгтэй. Зөвхөн өрсөлдөгчөө ялсан төдийгүй, өөрийн сул тал болох аймхай хулчгар зангаа ялж чадсан тэр хүн эр зоригтон. Эр зориг чамд бэрхшээл саадыг улаан нүүрээрээ угтахын тулд ч хэрэгтэй, улмаар саад бэрхшээлийг даван туулахын тулд ч хэрэгтэй. Их бага гэлтгүй бэрхшээл саадыг шантралгүй, залхууралгүй даван туулах явцад эр зориг чамд өдрөөс өдөрт хуран хуримтлагдаж төлөвшинө.
 Бэрхшээл саадыг давахад тэвчээр хэрэгтэй. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чадна”. Тэвчээргүйгээс болж саад бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх тохиолдол цөөнгүй. Би үүнийг хийх ёстой, хийж чадна гэж зорьж тэмүүлсэн л бол ямар ч бэрхшээл саад тулгарч байсан тэвчин давахыг эрмэлз. Саад бэрхшээл чиний эр зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг сорьж шалгах шалгуур болно. Шалгуурыг амжилттай давснаар дараа дараачийн саад тотгорыг хялбар давах тэвчээрт сургаж, сэтгэлийн тэнхээ суулгаж, дархлаажуулж өгнө. Тэвчээр гэдэг нь зүгээр л тэвчээд суугаад байхын нэр биш. Цаг нь ирэхээр бүтэж л таарна гээд нүдээ аниад, гараа хумхиад хэвтээд байх ч хэрэг биш. Тэвчээр гэдэг нь чадахгүйгээ чадахын төлөө, сураагүйгээ сурахын төлөө, хийгээгүйгээ хийхийн төлөө бүх чадлаараа мэрийн хичээж, уйгагүй хөдөлмөрлөхийг хэлж байна. Ийнхүү хөдөлмөрлөх явцад тохиолдох элдэв саадыг тэвчин давж, цаана нь гарч, урагш тэмүүлэхийг хэлж байна. Том үйлийг бүтээе гэж зорьсон хүнд том тэвчээр хэрэгтэй. Том хэргийг бүтээхийг зорьсон хүн жижиг зүйлээр оролдвол том саад бэрхшээлтэй учирч болохыг мэд. “Үржил шимгүй элс, марааг тэвчээр л цэцэгт тал болгон хувиргана”. Хүнд бэрхийг давж гарахын тулд боломжтой бүх оролдлогыг хийж, бололцоотой бүх аргыг ашиглах хэрэгтэй. Харин ашиглах хэрэгтэй, гэхдээ хортойгоор ашиглаж болохгүй гэсэн мэргэн ухааны дүрэм байдгийг мартахгүй байх нь чухал. Хүнд бэрхийг туулж өнгөрөөхдөө бусдад муу зүйл хийхгүй байхыг эрхэмлэ. “Ямар нэг муу зүйл хийчихсэн бол чи түүнийгээ нууж болно гэж бодохын ч хэрэггүй. Учир нь чи бусдаас нуулаа ч өөрийнхөө хүн чанараас нууж чадахгүй шүү дээ”. Гагцхүү тэсвэр тэвчээртэй хүн л эхэлсэн үйл хэргээ дуусгана, тэсвэр тэвчээргүй хүн замын хугаст шантран зогсоно.
 Бэрхийг гэтэлж чадалгүй шантарсан бол сэтгэлээр унан, доош орох хэрэггүй. Хэдийгээр амжилт олоогүй ч чадах бүхнээ хийсэн хүнийг буруутгах, өөлөх хүн төдийлөн байдаггүй юм. Хүч ухаанаа хуримтлуулан, алдаагаа давталгүй, дахин оролдоод, дахиад чармайгаад үз. Чи гарцаагүй чадна. Чармайлт бол амжилтын эх булаг байдаг юм. Холыг зорьж, алдрын оргил өөд тэмүүлж байгаа бол саад бэрхшээлгүйгээр тэнд очно гэж мөрөөдөхийн ч хэрэггүй. “Цэцэг бүрхсэн зам хэзээ ч алдарт хүргэхгүй”.
 Бэрхэд бүү цухалд. Хий цухалдсанаас олох олдвор, хожих хожвор байхгүй. Эхнээсээ л тэр хүнд бэрхийг би гэтэлж дийлэхгүй гээд цухалдан бодчихвол сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж давж гарахад хүнд болно. Тиймээс уужуу тайвуу, ухаантай бай.
 Бэрхийг давж цаана нь гарч чадсан хүн урамтай. Би чадлаа шүү дээ гэж өөрөөрөө бахархах сэтгэл аяндаа төрнө. Бэрхшээлийг давах болгонд чамд шинэ эрч хүч хуримтлагдана, шинэ мэдлэг, чадавхи нэмэгдэнэ. Туршлага сууна. Хэрсүүжнэ. Няцашгүй эр зориг хуримтлагдана. Няцашгүй зоригтой байвал чи ямар ч саадыг давах хүч чадлаар сэлбэгдэж байх болно.
Бэрхийн өмнө хүлцэнгүй сөгдөх биш, бэрхийг хүчлэн давж амьдар.

Титэм үг: Нацагийн Багабанди

Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил

Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд.
Буянтнуудын тусыг хүртдэггүй хүн энэ хорвоод үгүй. Буянтны тусыг тосон авахад ч, буян санаж өгөхөд ч учир бий. Авах ёстойгоос илүүг авах гэж бүү шуна. Бас өгч чадахаасаа илүүг өгөх гэж бүү шанал. Чин зүрхнээсээ өгөх нь ч, авах нь ч аль аль нь сайхан. Хариу горьдолт, харамж тооцоо энд байх ёсгүй. Буяны тус наймаа биш. Чи тус болсон хүнээсээ урмын үг, баярын нулимс шаардах ёсгүй. Харин урмын үгээ хэлж, баярын нулимсаа арчих эсэх нь буянтнаас хишиг хүртэгчийн ёс суртахууны хэр хэмжээний асуудал. Жинхэнэ буянтны сэтгэл нь нээлттэй, ам нь хаалттай байдаг юм. Ер нь буяны үйлсийн талаар тус болсон нь дуугүй байж, тусыг хүртсан нь дуугарч байх нийтлэг нэгэн зарчим бий. Их ч бай, бага ч бай буянт үйлсээрээ гайхуулан шагшуулах хэрэггүй. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил. Тийм хүмүүс гайхуулаад байх буянтнууд төдийлөн биш, ажлаасаа ам нь давчихсан байх нь элбэг. Аль эсвэл буянт үйлс бүтээсэн ч түүнийгээ нийтийн тусыг бодож хийгээгүй, хувийн ашиг хонжоо бодож үйлдсэн байх нигууртай. Буянт үйлсээр гайхуулагсадаас их буяныг хүлээгээд нэмэргүй. Жинхэнэ буянтай үйлсийн эзэд намайг хэн юу гэж магтах бол гэж горьдлого тээн, чих тавин чагнадаггүй. Яруу алдраа даяар цуурайтуулан зогсч байгаагаар төсөөлөн, сэтгэлээ зогоон хүлээдэггүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодно. Харин дутуу хийсэн болов уу, тус болж чадсан болов уу гэж сэтгэлээ чилээн, санаа зовж явна. Буянтай үйлсийн үнэ цэнэ өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэх дуудлага худалдаанд хэзээ ч ордоггүй билээ. Итгэл алдарч, гуниж гутарсан хүнд урам хайрлаж, зориг нэмсэн шидэт үгийг хэлэх нь буяны дээд буян. Энэ үгс бөхөн алдаад байсан итгэл найдварын гэрлийг зүрхэнд нь эргүүлэн асааж өгнө. Санаа зовон, сэтгэл түгшсэн хүнийг сэтгэл засах бүлээн дулаан үгээр тайтгаруулан тайвшруулах сайн санааны үйл нь усгүй ээрэм талд ундаасаж ангасан хүнд уух ус өгч, ангаа цангааг тайлах буянтны үйлдэлтэй адил ижил.
Тэр надад хэзээ ч туслахгүй гэж бодож байсан хүн нь ядарсан үед буяны гараа сунгаж туславал дээдийн буян болоод зогсохгүй сэтгэлийн гэгээ, нүүр дүүрэн мишээл баярыг хамт хайрлана. Ийм буяны тус хэд дахин үнэ цэнэтэй. Тэр надад зайлшгүй туслана гэж итгэн хүлээж байсан нөхөр нь урмыг хугалан чимээгүй байх нь сэтгэлд асч байсан итгэлийн зулыг үлээн унтраахтай адил. Тэгэхдээ энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд тултал сануулна. Үүнээс адгийн хорлол тэр бүр байхгүй. “Хүмүүст ихийг өгч, өөртөө багыг шаарддаг хүн сайн, бусдад багыг өгч өөртөө ихийг шаардагч муу хүн байдаг” гэдгийг эргэцүүлэн бодоорой. Ер нь хэн ч байлаа гэсэн авах болохоор ухасхийдэг, өгөх болохоор гэдэсхийдэг байж таарахгүй.
Бурууг нь шүүмжилж, болохгүйг нь сануулж, болзошгүйг нь сэрэмжлүүлж байгааг инээд алдан, гараа тосон хүлээж авдаг хүн төдийлөн олон биш. Уг нь чиний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж байгаа тэр хүн ачлал буянтан. Тэдний үгийг чих тавин сонсдоггүй юм аа гэхэд чихнийхээ хажуугаар яавч бүү өнгөрөө. Болохгүйг сануулах хүнгүй бол болохгүй бүтэхгүйн намагт гүн гүнзгий шигдэнэ. Бурууг шүүмжлэх нөхөргүй бол буруу бусармагийн хөлгүй далайд живнэ. Сэрэмжлэхийн дээдээр сэрэмжлэхгүй бол ялагддаг юм.
Гатлахуйяа бэрх зовлон бэрхшээлтэй тулгаран шантрах үе чамд тохиож магад. Хийх, бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлээр шатаж явсан эрч хүч чинь ямар нэг шалтгаанаас болж саарах мөчтэй тулгарч болзошгүй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байх салшгүй сайн нөхөд чамд хэрэгтэй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байгаа хүмүүс чиний хувьд цаглашгүй буянтнууд. Тэд байгаагүй бол чи саарсан хүчээ нөхөж, шантарсан сэтгэлээ сэлбэж чадах байсан уу, үгүй юу гэдгээ эргээд бодож байгаарай. Тэд өглөгийн дээдийг өгч, буяны дээдийг хүртээсэн буянтнууд мөн байжээ гэдгийг чи санан дурсаж, баярлан талархах болно. Зовлонтыг өрөвдөн энэрч, золгүйг өмгөөлөн аврах нь зол буяны дээд. Өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэл жинхэнэ буянтных. Өрөвч сэтгэлтний дүр эсгэсэн хий хоосон хөөрхийлөл буянтны багтай буруу бодолтных.
Буянтай байна уу, нүгэлтэй байна уу чиний амьдрал бол чиний л бүтээл. Чамд тохиосон уйтгар гуниг, сэтгэлийн зовиурт чамаас өөр хэн ч буруугүй. Энэ бол чиний тарьж суулгасан үрнээс соёолж ургасан ургац. Тийм байтал бурууг өөрөөсөө биш, бусдаас эрж хайх гээд байдаг мунхаг төөрөгдөл ихэнх хүмүүсийг ноцон хоргоож байх юм. Бурууг бусдаас хайх шиг амархан юм байхгүй. Гэхдээ тэндээс олох олдвор бүр ч байхгүй. Сэтгэл чинь чамайг есөн шидээр уруу татна. Тэндээс төөрөх түмэн сэжүүр, будилах буман нугачаа үүснэ. Эдний нэг нь бурууг бусдаас хайх мөнхийн төөрөгдөл юм. Ер нь бэртэгчин сэтгэл бурууг гаднаас эрж, хариуцлагаа ямагт гадна тал руу чихдэг араншинтай. Бурууг бусдаас хайгаад, хариуцлагаас яаж ийгээд мултрах гээд оролдоод байгаагаа мэдэрвэл бэртэгчин сэтгэлд улам бүр хүлэгдэж байна гэдгээ эртхэн ухаарч, засахыг хичээ. Энэ бол өөрөө өөртөө үйлдэж байгаа том буян шүү.
Өөрийнхөө орон зайг баттай эзэл. Эс тэгвээс чи шоовдор хүүхэд мэт гадуурхагдаж, шахагдан тусгаарлагдана. Чиний орон зайг эзлэх гавьяагүй өөр нэгэн эзлэн, хээв нэг сууна. Эзлэх ёстой орон зайгаа эзэлж чадаагүй хүн бүх юманд сэтгэл дундуур, битүүхэн гомдол тээж, түүндээ хэн нэгнийг дотор сэтгэлдээ буруутгаж явах болдог. Өөрийнх нь орон зайг эзлэхэд нь хүмүүст тусал. Энэ тун их буянтай ажил. Энд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тус дэм хэрэгцээгүй. Чи зөвхөн бурууг нь шүүмжлэн хэлж, дутууг нь гүйцээхэд нь тусалж, хөдөлгөөнгүй зогссон байр сууринаас зөв зүгт хөдөлгөхөд нь амьдралын ухаан далайгаасаа дусал дуслаар хайрла, ачлал буянт зөвлөгөө санамжаа тун тунгаар харамгүй өг. Энэ бүхэн мартахын аргагүй буян болно.
Аливаа буянтай үйлийг чин сэтгэлээсээ үйлдэж бай. Сэтгэлээсээ үйлдсэн буяны үйл урт настай, удаан жаргалтай. Сэтгэлээсээ үйлдээгүй буяны үйл сэмэрч үжирссэн даавууны л настай, тус нэмрээр бага. Албан шахалтаар үйлдсэн буянт үйл аваа өгөө төдий л зүйл болохоос амь сүнсгүй, үнэ цэнэгүй. Шударга бус явдлаас зайлсхийх нь шударга үйлдэл төдийгүй буянтай үйлс. Шударга бусыг үйлдэгсэд буяндаа бузар хийж байгаагаа мэдээсэй. Шударга бусаар үйлдсэн аливаа зүйлийн үр дүнд буян хишиг өчүүхэн ч хуралдан цуглахгүй, харин нүгэл хилэнцийг хангалттай хураан бөөгнүүлнэ.
Тус хүргэж, буян үйлдсэн хүний ачийг марталгүй санаж яв. Тус болж, буян үйлдсэн хүний ачийг үл санах нь тусыг усаар хариулахаас онцын ялгаа үгүй. “Санаа зөв бол заяа зөв”. Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй юм гэсэн шүү. Чамд буян хүртээсэн буянтандаа талархаж сур. Сэтгэлээсээ хэлсэн чиний цөөхөн зөв үгийг сонссон буянтны сэтгэлд наран гийж, зүрхэндээ баяртай үлдэнэ. Тэгж чадвал чамд буян хурна. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулах хэрэггүй, харин гайхамшигтай буянт үйлсийг бүтээж амьдар. Буяны эзэн чамайг хүмүүс аяндаа хайрлан хүндэтгэх болно.

Титэм үг: Нацагийн Багабанди

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй

      Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
 Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун. Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.
Утга учиргүй аялдан дагалдсаар байх аваас гэмгүй нэгэн салбадай байснаа бялдууч, бялангач аюулт этгээд болон хувирахад холгүй. Хүн шиг байж болох хүний хүн төрх, мөн чанарыг алдуулагч – бялдуучлал гэх албин нэн аюултай. “Бялангач зан, зусардалт, аялдан зохицох байдал зэрэг нь томоос том гай хорлол юм”. Алба тушаал, алдар хүнд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст гол төлөв бялдуучлана. Бялдууч болгон тэднийг хуруу гарын үзүүр, харц хөдөлгөөнөөрөө удирдаж байдаг “эзэдтэй” байна. Нэг тэнэг өөрийгөө магтуулахын тулд өөр нэг илүү тэнэгийг эрж хайж олдог. Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ. “Өөрөөрөө хэтэрхий бахархдаг хүн бялдуучлагчдад амархан автдаг” гэнэ. Бие тоосон сагсуу хүмүүс бялдуучдын хараанд амархан өртөнө. Айдаг хүндээ бялдуучлах нь тэдний хувьд ёс юм шиг үйлдэл нь. Бялдуучид эздийнхээ харц бүрийн хариуд боолын долигонолоор марсайн инээж байдаг. Бялдуучид эздийнхээ хэлсэн үг болгоныг туйлын үнэн мэтээр, уулга алдан хүлээн авна. Бялдуучид эздийнхээ зөв ч, буруу ч бүх үйл хөдлөлд хүлцэнгүйгээр алга ташиж суудаг юм. Эздээ утгагүй дуурайх нь бялдуучдын хамгийн үнэн нүүр царай. Эздийнхээ, бусад хүмүүст юуны түрүүн анзаарагддаг, төдийлөн таатай бус үйл хөдлөлийг нь хуулбарлан дуурайх аядана. Хуруу гарын хөдөлгөөн, үг ярианы өнгө, хоолойн шахалт, үсний засалт гээд дуурайхгүй юм байхгүй. Тэднийгээ дагалдан заримдаа инээд алдаж, заримдаа нулимс алдана.
“Бялдуучлал хэзээ ч аугаа их сэтгэлийн гүнээс гардаггүй, тэр нь хэн нэгэн том хүнд татагдаж, түүний амьдралын хүрээнд нэвтрэхийн тулд улам бүр жижгэрч чадах өчүүхэн сэтгэлийн хувь тавилан байдаг” гэж нэгэн их зохиолч бичсэн байна. Бялдуучлал тэнэг хүмүүсийн үмхлэх дуртай амтат мах, гэхдээ хэчнээн ухаалаг хүмүүс ч энэ махнаас огтлоход бэлэн байдаг. Тэгэхээр бялдуучлал гэдэг осолтой тоглоом байгаа биз. Хөдөлшгүй зарчимтай гэх, бусдын хүндлэл хүлээсэн, ухаалаг гэж үнэлэгдсэн хүмүүс хүртэл өчүүхэн жижиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрөөсөө томчуулд хөл алдан зулгуйдаж байхыг харахад нүд хорсом гунигтай. Зулгуйдахаа больчих л доо. Ямар амь биш, заяа биш.
“Зусардалт үзэн ядалтаас илүү аюултай”. Үзэн ядалтын аюул ил хөнөөлтэй байдаг бол зусрын аюул далд хөнөөлтэй. Ил аюулаас сэргийлэх боломжтой, далд аюулаас хамгаалахад бэрх. Хээрийн боохой, гэрийн нохойтой төстэй байдаг шиг бялдууч нар найз нөхөдтэй адил санагддаг. Гэхдээ тэд хэзээ ч найз нөхөд байж чаддаггүй юм. Үнэнч нөхрийн дүр эсгэн зусардан дагаж байсан эзнээ хамгийн эхний гарман дээр сийхгүй худалдаж дөнгөнө тэд. Бялдуучлал сайхан байсан хүнийг хайрын хүн болтол нь эвддэг. Зусарчид өөрийн гэх нүүр байхгүй. Тэд орчиндоо зохицох хиймэл багийг нүүрэндээ солин сэлгэн зүүж явдаг юм.
Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадахын муухайгаар чадаж дөнгөнө. “Бялдуучилж чаддаг хүн гүтгэж чаддаг”. Гүжир гүтгэлгээр мандаж байсан нэр төрийг шавартай хутган буртаглан бохирлоно. Бялдуучид нүүрэн дээр нь тэнгэрт тултал магтаад нүднээс далд газар дор ортол муулж чадна. Бялдуучид таахалзуур байдаг. Ивээлд нь байгаа эзнийхээ сүр хүчийг өөрийнх мэт бодон мунхаглаж, дээшээ долигонон бөхөлзөх мөртлөө доошоо чичлэн таахалзаж байх нь ичгэвтэр. Алба тушаал, эрх мэдэлтэй байхад нь алд алдын хадаг дэлгэн нахилздаг байсан бялдуучид алба тушаалыг орхисны дараа амар мэндийн зөрүүгүй сэлбэлзэнэ. “Бүх бялдуучид яахын аргагүй худалч байдаг”. Эзэндээ итгэл олж авахын тулд баруун солгойгүй худал хэлнэ. Ийм зусарч хүмүүст ариун гэгээн гэх юм нэг ч үлддэггүй. “Хамгаас бялангач зантай хүмүүс бусдаас илүү тэнэг байдаг” юм гэсэн шүү. Бусдаас илүү тэнэг хүмүүс юунаас ч илүү тэнэг үйлдлийг хийж магад. Эргэн тойронд чинь зусар бялдуучдын сүрэг багширч байна. “Бялдуучлал бол гэмт хэргийн шимт орчин” байдаг тул эргэн тойронд чинь багширч байгаа тэр аюулт сүргээс үргэлж болгоомжилж, өөрийгөө хамгаалах зөн билгээ зөв залан жолоод. Хэн нэгэнд зусардан бялдуучилснаар цаг зуурын ашиг хонжоо олж болох ч өр төлөөсөнд нь хүнээ алдаж, новшийн амьтан болон хоцорно. Бялдуучдыг ашиглаад хаях нь эздийн хувьд татсан тамхиныхаа ишийг хаяхтай адил хялбархан.
Зусар бялангач зангаас салж, холдох боломж хэзээд байгаа. Энэ бол чиний бие хийгээд сэтгэлд үүрд хадаан тамгалсан тамга биш. Ялих шалихгүйн манан дунд мунгинасаар энэ боломжийг алдсаар байх юм бол чи л хөөрхийлөлтэй. Зусар бялангач занг орхин хаяхгүй бол утга учраа алдаж өмхийрсөн сэтгэлгээний хог хаягдал дунд новшрон үлдэх вий. Зусар бялангач нарт хувь хүний цэцэглэх үндэс байхгүй. Үндэсгүй амьдралыг там гэдэг. Тамын амьдралд жаргал үгүй. Бялдуучид тамд тарчилж байгаа гэдгээ эрхбиш ойлгох ёстой. Тамын харанхуйг таних хурц саруул билгийн нүдээ нээх хэрэгтэй. Билгийн нүдээ нээхгүй бол бялдуучдын орогнон буй түнэр харанхуйд тэмтэчсэн хэвээр байх болно.
Бусдыг аялдан дагалдагч салбадай болчихгүй юм шүү гэж өөртөө хатуу шаардлага тавь, бусдад бялдуучлагч болчихгүй юм шүү гэж өөртөө хатуугаас хатуу андгай тангараг тавь!

Титэм үг: Нацагийн Багабанди

Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

      Үүний урьд муу муухайгаас салах тухай ярьсан. Тэр сэдвээ цааш нь үргэлжлүүлье. “Шунахай зан бол бүх муу муухайн үндэс”. Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.
Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” хэмээн Монголын бичгийн их хүн сэрэмжлүүлэн захисан. Эд агуурс, идэж уух хомс болоод гачигдах мухардахдаа муу нүгэлт үйлсийг үйлдэж, зовлонт үр боловсорч, хомхой сувдаг зан хүнийг эзэмддэг тухай судар бичгүүдэд сургамжлан сэрэмжлүүлсэн нь олон.
Гачигдаж дутагдахын зовлон гаслам хэцүү. Хүн өөрөө л хичээл зүтгэл гаргаж чадвал үүрдийн биш, зуурдын энэ зовлонг эр зориг, эрч хүчээрээ даван туулж, ард нь гарч дийлнэ. Хэдий чинээ гачигдаж, хэчнээн дутагдаж байвч шунахай зан, хомхой сэтгэлд оосорлуулахгүй байхыг хичээх нь хүнээрээ үлдэх сайхан боломж. Үргэлж дутагдаж, байнга гачигдаж байсан зарим хүний азын тэнгэр гийж, уг зовлонгоо гэтлэнгүүт дахин ийм зовлонгийн далайд үйгдэхгүй юм сан гэсэндээ ханаж цадахаа мэдэхээ больж, ухаанд нь ухна ишиг үхнэ. Ийм хүмүүсийг сайн хүн гэх аргагүй. Зарим нь азын тэнгэр гийснийг бурхны хишиг хэмээн хүлээн авч, шуналын тулам болчихолгүй өөрт олдсоныгоо өргөн түмэнтэйгээ хуваан хүртэж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, ухаан сууж, улам дэвжинэ.
Ийм хүмүүсийг сайн хүн гэхээс аргагүй. Уургандаа цадаагүй хурга төлгөндөө майлна гэж малчин удамт өвөг дээдсийн хэлж ярьж ирсэн онч үг зүгээр ч нэг дан ганц хурга, төлөгний майлааны тухай хэллэг биш, өлөн зэлмүүн, дутуу гуцуу байсан хүнд хомхой сувдгийн нян халдварлаж улмаар нүд ханаж, сэтгэл цаддаггүй болдог тухай давхар гүн утгат ардын сургаал билээ. “Хомхой сэтгэл бол том хорлон. Хомхой сэтгэлтэй хүн шударга, зарчимч, эр зоригтой ч байдаггүй, өөрийн үүрэгт үнэнчээр хандаж чаддаггүй. Бага наснаасаа сэтгэл харамгүй амьдарч сурах хэрэгтэй” гэж нэрт сурган хүмүүжүүлэгч хэлсэн байна.
Хон хэрээнд ойр байсан хун галууны зан эвдэрнэ гэх үг бий. Шунахай хүний ойр байгаа сувдаг сэтгэлгүй байсан хүн ч шуналын дэвд идэгдэн, сувдгийн бузарт хорлогдож, зан нь эвдэрч замаа алдах осолтой. Ханаж цадахаа мэдэхгүй, хахаж цацах нь холгүй сувдаг хүн хол ойрынхондоо хорт нөлөөг цацна. Энэ нөхөр идэж завшиж болоод байхад би юунд дутахав гэдэг хорон нөлөө мөр, суудал зэрэгцэн сууж босч байгаа хүнд хүссэн хүсээгүй тусна. Шунаж хорхойссон нэгнийх нь амьдрал суга дээшилж, шударга шулуун нөгөөгийнх нь амьдрал шувт доошлоод байвал шударга ёсны тухай яриа хаданд хашгирсан цуурай төдий хоосон. Шуналт сэтгэлээс болж шударга ёс алдагдана. Шунал бол шударга ёсны дайсан билээ. Шунахай сэтгэлийн хор салхиар тархан халдварлах муу зүгийн, муу чанарын, муу нөлөөтэй.
Шунахай, хомхой занг хязгаарлаж хазаарлаж байхгүй бол амьдралын тань цаашдын замнал эндэгдлээр эхэлж, эмгэнэлээр дуусна. “Агуу их эмгэнэл нь ямагт хязгаарлагдашгүй хомхой сэтгэлийн үр дүн байдаг”. Энэ бол суут хүний хэлсэн сургамж үг. Шунахай сэтгэлт хүн өөрөө өөртөө дайсагнана. Хүнд өөрөөс нь илүү муу дайсан байхгүй. Яагаад гэвэл түүний бараг бүх гай зовлон, бүх аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шунахайрлаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлоно. Шунахай зан цусанд нь халдварласан бол хүн барагтай өөрийгөө татан авч дийлдэггүй. Нүхнийхээ гүн рүү шургах мэрэгч шиг улам цааш зүтгэнэ. Цус сорсон хачиг шиг улам бүр наалдан, улам томорсоор хувалз болон бэлхийнэ. Шунахайрал хэтэрвэл бирд мэт тарчлана. “Дуусахгүй шуналдаа хөтлүүлсэн бирд дундрахгүй тэр зовлонгоосоо гадна үүрдийн өлсгөлөн, ангах, айх, ядрах үлэмж барагдашгүй шаналал эдэлнэ. Тогоон чинээ гэдэстэй ч гэсэн тоос ч орохгүй нарийн хоолойтой, идэш уушны үртэс олсон ч идэж, залгиж чадахгүй зовно” гэж шунал нь хэтрэн бирд мэт бологсдыг шууд үгээр дүрслэн бурхны номонд өгүүлжээ. Шуналын бузарт хорлогдогсод идэж цусалж ханахгүй ховдог, бусдад үзүүлэх хорт нөлөө нь хэмжих аргагүй их. Зүйрлэн хэлбэл, шунахай сувдаг сэтгэлтний хор нь могойтой адил, ховдог нь чонотой адил. Шуналын бузар бие хийгээд сэтгэлд чинь халдварлан шингэчихвий гэж залуу хүн бүр болгоомжлон сэргийлж байх учиртай.
Мөнгөнд дургүй хүн энэ хорвоод байхгүй байлгүй. Мөнгөөр бүх асуудлыг шийдэх боломжгүй ч мөнгө олон зүйлийг шийдэхэд тусална. Мөнгө ямар ч хүнийг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай, эрх чөлөөтэй болгоно. Санхүүгийн тусгаар тогтнолгүй хүн ямагт хэн нэгнээс хараат байхад хүрнэ. Мөнгө хүнд эрх чөлөөг авчирна. Гэхдээ мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх нь холгүй сувдаглах нь байж боломгүй үйлдэл. “Мөнгөний шунал хэрэв ханахгүй бол улам бүр гаардаг. Яагаад гэвэл, хүсэл хэдий чинээ их болно, төдий чинээ их хэрэгцээг төрүүлдэг” гэж эртний нэгэн гүн ухаантан айлджээ. Нэн эрт хэлэгдсэн үг боловч өнөө цагийг тольдон харж байгаа мэт. Мөнгөний шуналыг хазаарлан тогтоож байхгүй бол улам гаарч, эцэс мухар нь эс харагдах холын холд аваачдаг ажээ. Шуналын зам төсөөлөхийн аргагүй хүнд хүчир, хатуу ширүүн, муу заяанд хөтлөн хүргэнэ. Шуналын үндсийг дахин бүү усал. Үндэс нь хатаж байж шунал дарагдана.
Мөнгөөр бүхнийг бүтээж, мөнгөөр бүгдийг худалдан авч болно гэж үздэг, боддог, хийхийг эрмэлздэг хүн мэр сэр бий. “Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө бүхнийг хийж чадна”. Бүхнийг хийж чадна гэдэг дотор хуурах мэхлэх, худал ярих, хулхидах хулгайлах, худалдах худалдагдах, урвах шарвах, идэх цөлмөх, хахуульдах авилгадах, тонох дээрэмдэх, алах талах бүгд багтана гэж төсөөлөхөөр нүд харанхуйлж, дотор арзайм. Мөнгөний төлөө бүхнийг хийнэ гэдэг арай дэндүү аюултай бөгөөд увайгүй. Ийм хүмүүсийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гэм нүглийн хүч өдөр бүр, цаг тутам өсөн нэмэгдсээр байх нь харамсаж халагламаар.
Эрх мэдлийг шуналын хүүдий болгон ашиглагч хамгаас хортой, бүхнээс аюултай. Алба тушаал, эрх мэдэлд шунан дурлагч эд хөрөнгө, мөнгө төгрөгт яг ижил шунан сувдаглана. Ёс бусаар эрх мэдэл олсон бол ёс бусаар сандал суудлаа ашиглах нь эргэлзээгүй. Өгөө авааны зарчмаар тушаал ахисан хүн өгөө авааны зарчмаар эрх мэдлээ ашиглана. Эрх мэдэл дагасан шунал хуурай өвсөнд ассан талын түймэр мэт замдаа тохиолдсон бүхнийг хуйхлан цөлмөнө. Эрх мэдэлтэн болгон шуналтан биш. Эрх мэдлийг их ч бага ч хэмжээгээр шунахайн сэдэлтээр ашиглах нь буруу зүгийн, бузар үйлдэл. Эрх мэдлээ шунахай сэтгэлийнхээ зэвсэг болгон ашиглагч бусдаас осолтой, хамгаас хөнөөлтэй. Эрх мэдэл дагасан шуналын тахал нэн аймшигтай. Нийтэд тун хурдтай тархахын хамт нийгмийг тэр аяар нь хоослон цөлмөж ч мэднэ. Шунахайчууд эрх мэдлийг эд баялаг, хөрөнгө мөнгө болгон хувиргах ид шидэт үйлдвэрлэлээ тасралтгүй эрхэлж, олз ашгаа сувдаглан сорж сууна. Тийм болохоор л тэд язартлаа таргалан хагартлаа баяжин жаргалдаа ташуурч, хүн ард нь өлөн зэлмүүн, ядуу тарчиг зовлондоо талхигдана. Энэ бол байгалийн гамшгаас илүү хор хөнөөлтэй нийгмийн гамшиг.
Зөвийг дагаж, буруугаас зайлж, зөвхөн сайныг дадал болгож явах нь залуу хүний хичээн эрмэлзэх, хүсч тэмүүлэх зөв зам мөр билээ. Бусдаас авах завшихад шунах биш, бусдад өгч туслах өгөөмөр сэтгэлтэн бай. Авах өгөхийн тухайд хүүхэд залуусын сэтгэл зүрх эрүүл саруул хөрсөнд цэв цэврээр цэцэглэх учиртай. Өөрт илүүдсэн зүйлээ бусдад өгч байгаа хүн өглөгийн эзний сэтгэлтэн биш, зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлээсээ өгч байгаа хүн жинхэнэ өглөгч байдаг юм. “Бусад хүмүүсийн эд баялагт атаархахын хэрэггүй. Тэд түүнийг бидний халаастай дүйцэхээргүй их үнээр олж авсан. Өөрөөр хэлбэл, түүний төлөө амар тайван байдлаа, эрүүл мэндээ, нэр төрөө, хүн чанараа бүгдийг золиослосон хэрэг”. Шударгаар олсон хоол амттай. Шуналаар баяждаггүй, сувдгаар таргалдаггүй. Шунал ихэдвэл шулам болно гэж сургамжлан захисан өвөг дээдсийн сургаал захиасыг ухан ойлгож, ёсчлон дагая.

Титэм үг: Нацагийн Багабанди

Эх орноо хайрлая

Алс холын Польш оронд “Монгол” хэмээх нэртэй тосгон бий. Польшууд “Монголица” гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин.
Тосгон үүссэн үүх түүх өрнө зүгт монголчуудын хийсэн их аян дайны түүхтэй холбогдоно. Байдар жанжины удирдсан монгол цэргүүд доод Силезийн Легницийн дэргэд Генрих вангийн польш-герман цэргийг бүрэн бут нэргэв. Дайн, тулаан болж байгаа болохоор аль аль талаас шархдаж алагдаж, баригдаж олзлогдож байсан нь мэдээж. Өгөөдэй хаан тэнгэрт хальсан тухай мэдээ Дорнод Европод тулалдаж явсан Бат хаанд 1241 оны арванхоёрдугаар сарын эцсээр ирэв. Их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Нутаг буцахын өмнө олзонд байсан монголчуудаа алтаар сольж авчээ. Польшийн нутагт олзонд байсан монголчуудыг сольж авах алт хүрэлцээгүйн улмаас хэсэг хүмүүс тэр нутагт үүрд суурьшин үлдэх гунигт хувь тавилантай учирсан байна. Улмаар уугуул нутгийнхаа соёл, зан заншилд аажим аажмаар уусч шингэсэн боловч эх нутгаа гэх бодол ухаанаа уусгалгүй үеэс үед дамжуулж иржээ. Сүмд очиж мөргөл үйлдэхдээ эх нутагт минь буцааж өгөөч гэж бурхнаас гуйн наминчлан залбирдаг болж. Сүүл сүүлдээ сүмд очихдоо хүн бүр алтан бөгж зүүж очдог болсон гэдэг.
Түүний цаадах учир нь хэрэв тэр үед энэ алтан бөгж байсан бол бид эх орондоо харьж очиж чадах байсан юм гэсэн утга санааг илэрхийлдэг юм билээ гэж тэндэхийн учир мэдэх хүмүүс ярихыг сонссон. Эх орондоо эгэн ирж чадаагүй нь гунигтай боловч эх орноо гэх халуун сэтгэлээ хаяж гээгээгүй нь үнэхээр бахархалтай. Монгол хүн эх болсон газар нутагтайгаа хувь заяагаа шууд холбож, түүнтэй хүйн холбоотойгоо мэдэрч явдагийн, эх оронч үзэл мах цусанд нь шингээстэй байдгийн алс холын жишээ энэ яах аргагүй мөн.
Арваад жилийн өмнө Казахстаны нэгэн хотод суурьшихаар Хэнтий аймгийн Бэрх тосгоноос ирсэн арав гаруйхан настай хүүтэй уулзан ярилцаж билээ. “Бэрхээ санаад байх юм даа” гэж хэлээд санаа алдаж байсан нутгаа санасан тэр жаахан хүүгийн дүр төрх мартагддаггүй юм. Эх орон, унасан газар, угаасан ус нь хаана ч явсан зүрх сэтгэлд үүрд хадагдан үлддэгийн ойрын жишээ яах аргагүй мөн.
“Эх орныхоо төлөө үхэхэд баяртай бөгөөд нэр хүндтэй” гэж манай тооллын өмнөх аль эрт үед амьдарч байсан яруу найрагч шүлэглэсэн байх юм. Энэ шад шүлэг олон зууны туршид эх оронч үзлийн уриа дуудлага байсаар ирсэн гэдэгт хэн эргэлзэх билээ? Энх амгалан, амар тайван цаг үед эх орныхоо төлөө баяртайгаар үх гэж хэлбэл хачин жигтэйхэн, хамаа намаагүй сонсогдох нь мэдээж. Харин одоо цагт эх орондоо хэрэгтэй зүйлийг, хэрэгтэй үед нь хийх нь л иргэн бүрийн ариун үүрэг мөн.
“Эх оронч үзлийн хүч нь хувь хүний нэмэрлэсэн хүч хөдөлмөрийн хэмжээтэй ямагт хэр тэнцүү байдаг бөгөөд биеэ оторлогч нарт эх оронч сэтгэл ямагт харш байдаг.” гэнэ. Эх оронч байна гэдэг нь эх орондоо юу ч хийж бүтээлгүй биеэ оторлоод суугаад байхын нэр биш, эх орныхоо хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн, хувь нэмрээ оруулах гайхамшигт үйл хэрэг ажээ. Би эх оронч гэж цээжээ дэлдэгч болгон эх оронч байж чаддаггүй. “Эх оронд хамгийн хэцүү агшинд хамгийн хэцүү үйл хэргийг барьж авдаг хүн эх оронч байдаг”. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, гадаа гандаж, хөдөө хөхөрч, хүн ардаа тэжээж яваа малчид бүгд халуун эх оронч. Ган гачигтай тулалдан тариа ногоо ургуулж байгаа тариаланч ч эх орончид. Элс шороонд дарагдан цөлжин эзгүйрч байгаа нутагтаа мод, бут тарьж, тордон ургуулагч бүх хүн эх оронч. Эх орны манаанд зогсож байгаа дайчид, эх нутгийнхаа уул талаар соёлын үрийг цацаж яваа сэхээтнүүд бүгд эх оронч. Эд нар болон бусад эх орончид улс орныхоо ачааны хүндийг мөр дарж, нуруу хотойлгүй үүрч, алдар хүндэд санаархалгүйгээр асар гавьяат сайн үйлсийг цогцлоож байна. “Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ёслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам, цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг.”
Аливаа хүн төрүүлж өсгөсөн ээжийгээ баяр бахдалын харцаар тольдон харах өөрийн нүдээ хайрлан хамгаалдагийн адилаар төрж өссөн эх орноо нүдний цэцгий мэт хайрлах үүрэгтэй. Бид аз жаргал, бүхний ундраа, ариун гэгээн бүхний эх булаг болсон эх орноо зөвхөн аугаа их баатарлаг түүхтэйнх нь төлөө бус, бидний өөрийнх нь болохын хувьд хайрлах ёстой. “Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм” хэмээсэн нэрт зохиолчийн үгийг хүн бүр санаж яваг. АНУ-д дунд сургуульд сурдаг монгол охин ангийнхаа харь орны хүүтэй зодолдсон тухай хууч яриаг саяхан сонслоо. Тэр хүү “Танай Монгол орон чинь ядуу” гэж охиныг дайрч доромжилжээ. Эх орныхоо тухай доромж тохууг сонсоод хүлцэнгүй өнгөрч чадсангүй, хаанаас нь гараад ирэв гэмээр хүч чадал хуримтлагдаж, тэр хүүтэй зодолдон дийлсэн гэнэ. Миний эх орныг доромжилсон тэр үг зүрх рүү минь зүүгээр хатгах шиг болсон. Монгол орноо санаж санааширсан зүрх сэтгэл, хайрлаж явдаг хайр надад тийм их эрч хүч, чадал тэнхээг гэнэт өгсөн байх, тэр үйл явдлаас хойш миний эх орны тухай манай ангийн хэн нь ч таагүй үг цухуйлгахаа больсон гэж бахархалтайяа ярьж байна.
“Эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй хамтдаа салшгүй сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ.” Эх оронч байна гэдэг нь эх орноо хайрлах хийсвэр хайраа үе үе үгээр илэрхийлэх төдий үйлдэл биш. Эх орноо зүрх сэтгэлдээ хайрлахын зэрэгцээ эх орныхоо төлөө санаа зовох, эх орныхоо газар шороо, уул ус, ургамал амьтан бүхнийх нь төлөө санаа тавих учиртай бид. Өөрсдөө санаа зовж, өөрсдөө санаа тавихгүй бол өөр хэн бидний өмнөөс санаа зовж, сэтгэл гаргах билээ дээ. Хатаж ширгэж байгаа гол горхи, нуур цөөрөм, талхлагдан хожгорч байгаа бэлчээр, түймэрдүүлэн хяргуулж байгаа ой мод, сэндийчин сүйтгэж байгаа газар шороо, нүдэн дээр хорогдон цөөрч байгаа ан амьтан, араатан жигүүртний төлөө эх оронч хүн бүр санаа зовох учиртай. Хойч үеийнхээ өмнө гэмтэн буруутан гэгдэж, гомдол гоморхолын мөс шиг хүйтэн үгийг араасаа хэлүүлэхгүйн тулд хэт оройтоогүй дээр нь ухаарч сэхээрэн, алдсан эндсэнээ хожимдолгүй засч залруулах цаг нь болжээ.
Улс үндэстнийхээ гайхамшигт түүхээр, ард түмнийхээ баатарлаг үйлсээр бахархах нь зүй ёсны хэрэг. “Бахархалын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол үндэсний бахархал байдаг билээ.” Аугаа ихийг бүтээж чадсан ард түмэн дахин аугаа ихийг бүтээж чадна гэдэгт итгэл төгс байх учиртай бид. Эх нутгаа хайрлахдаа эх орон нэгт элгэн түмнээ хамт хайрлая. “Эх орноо болон хүмүүсийг хайрлах хайр нь эх оронч үзлийн хүчирхэг гол мөрнийг нийлэн үүсгэж байгаа түргэн урсгалт хоёр гол юм.” Байгаль эхийнхээ зовлон гамшигт санаа зовохдоо хүн ардынхаа зовлон зүдгүүрт хамт санаа зовъё. Дутуу хоолтой, дундуур ходоодтой зовж ядарсан хүмүүст сэтгэл гарган, санаа тавья. Тэд Монгол хэмээх өнөр гэр бүлийн ялгаж салгаж, тусад нь тусгаарлах аргагүй эд эс. “Гагцхүү эх орон л бүгдэд үнэ цэнэтэй зүйлийг өөртөө агуулж байдаг” бол биднийг нийлүүлэн нэгтгэж байгаа өөр нэг нийтлэг үнэт зүйл нь төрөлх хэл. “Хэл бол ард түмний асар том эрдэнэ. Төрөлх ард түмнээ үл хүндэтгэж болохгүйн адил төрөлх хэлийг хүндэтгэхгүй байж болохгүй. Төрөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түмнээ хүндэтгэдэггүй.”  “Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ” хайрлаж хамгаалъя. Төрөлх хэлээ хайрлаж хамгаалах нь төрөлх эх орноо хайрлаж хамгаалахтай эн зэрэгцэх гавьяат үйлс. Эх оронч үзэл монгол хүн бүрийн мах цусанд шингээстэй бий гэж зөнд нь орхиж, сэтгэл амирлангуй байж болохгүй тийм цаг үе иржээ. Үр хүүхэддээ эх орноо хайрлах сэтгэл гүн суулгая. “Хүүхдүүддээ эх орноо хайрлах сэтгэл суулгах сайн арга хэрэгсэл бол эцгүүдэд нь энэ хайрыг буй болгоход оршино.”  гэж их сэтгэгч хэлсэн байна.
Эх орноо хайрлах эх оронч сэтгэлийг туйлшруулан, буруу замаар муйхарлан залваас хайрлах бус хорлох үр дагаварт хүргэж болзошгүйг мэдье.
“Эх оронч үзэл биднийг сохлох ёсгүй, эх орондоо хайртай байх нь сохор тачьяадал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг”-ийг ухаарцгаая.

Титэм үг: Нацагийн Багабанди