Thursday, April 14, 2011

АРВАН ТАВАН НАСАНДАА АРВАН ЗҮГИЙН ЭЗЭН ГЭСЭР ХААН ГУЧИН БААТАР ДАГУУЛЖ УМАР ЗҮГ ДЭХ УУЛЫН ЧИНЭЭ ХАР ЭРЭЭН БАРС МАНГАСЫН ХУВИЛГААНЫГ АЛСАН НӨГӨӨ БҮЛЭГ.


Тэр цагт умар зүгт Мангасын хувилгаан уулын чинээ хар эрээн барс байжээ. Байх бие нь зуун бээрийн газрыг эзлээд ажээ. Өндөр нь их гэсэн уулнаас үлэмж их гэнэ. Сүүл нь таван зуун алдын хар болд илд шиг хоёр иртэй, ийш тийш шарвахад тэнгэрийн цахилгаанаас нэн үлэмж гэнэ. Баруун самсаанаас нь гал мандан шатаж, зүүн самсаанаас нь утаа бургилж байна. Хүнийг хоногийн хоногийн газраас үзээд үдийн газраас үрэвхийж залгина гэнэ. Арван зүгийн эзэн Гэсэр хааны ялгуусан гурван эгч нь Жамца, Дари, Оддам эгч нь Гэсэрт очив Ай нусгай минь мэдэв үү чи Умар зүгт мангасын хувилгаан уулын чинээ хар эрээн барс буй гэнэ. Хувилгаанаар ялгуусан гурван эгч нь зарлиг болгов. Энэ Замбутивийн улс чинь тэр барсын дэргэд явах ёсгүй гэнэ. Түүнийг хичээж дайл байлд Авай минь гэв. Эгчийн минь зарлиг зөв. Би эс мэдлээ. Түүнийг одоо очиж дайлъя гэв. Эрдэнэт Цас Чихэр ахдаа, гучин баатартаа элч илгээв. Тэд бүгдээ дэд дэдээр дуудаж Ир гэв. Тэд бүгд нь хүрч ирэв. Цас Чихэр айлтгав. Манийг юунд ир гэв Ай богд минь гэв. Гэсэр хаан зарлиг болов Ай Цас минь чи сонсов уу Умар зүгт уулын чинээ хар эрээн барс буй гэнэ. Хүнийг хоногийн газраас үзээд, үдийн газраас өрөвхийж залгина гэнэ. Түүний дэргэд улаан хөлт хүн үл байх гэнэ. Арван таван насандаа хүртэл аливаа зүйлээр хувилж явж тандаа нэг ч удаа баатрын бэлэг шинж эс үзүүлэв би. Баатрын бэлэг үзүүлье, яв гэв. Арван зүгийн эзэн Гэсэр хан хээр морио унав. Шүүдрийн гилбэлгээн өнгөт хөө хар хуягаа өмсөв. Цахилгаан өнгөт далавчаа дүрэв. Наран саран хоёрыг хамтаар зэрэгцүүлэн хийсэн манлай цагаан дуулгаа эрдэнэт тэргүүндээ асаав өмсөв. Оюун эрдэнэ оньт гучин цагаан сумаа дүүрэв. Догшин хар нумаа дүрэв. Билгийн гурван алд хар шор сэлмээ зүүв. Миний хойноос хүний харцага болсон Цас Чихэр минь жигүүр бор морио уна Шавдат хуягаа өмс Дуурсахуй нэрт дуулга эрдэнэт тэргүүндээ өмс Гучин цагаан сумаа дүр Догшин хар нумаа барь. Хүрмэ нэрт цул болд илдээ зүү Намайг Цас Чихэр минь дараалж яв гэв. Шумуурын хойноос нь Бадмаарын хөвгүүн Бам Сорза сайн хєх морио уна Хөх гадарт хуягаа өмс Хөвчин зэр зэвээ ав. Шумуурын гэзгийг чи удаал дараа нь яв гэв. Бам Сорза хойноос нь хүний нагац болсон Буйдан минь гүйлэн бор морио уна Хамаг зэр зэвээ ав Гучин баатар минь чамайг дагаж дэд дэдээр явна. Гэзгээ цуваагаа бүү тасал. Бам Сорзыг чи удаал  гэв. Энэ үг зарлиг болоод арван зүгийн эзэн Гэсэр хаан гучин баатраа авч явав.Яваал уулын чинээ хар эрээн барсыг хоногийн газраас харж үзэв. Үзээд “Уулын чинээ хар эрээн барс тэр буюу гэж Гэсэр хааныг зарлиг болоход эрдэнэт Цас Чихэр Та  дуугүй яв. Та нар харахгүй гэв. Гэсэрийн жолоо хаагуур болбол, түүгээр явъя гэв. Арван зүгийн эзэн Гэсэр хаан лугшин хатирав. Уулын чинээ хар эрээн барс үдийн газраас дутаав. Арван зүгийн эзэн Гэсэр хаан билгийн хээр морио тас гуядан давхив. Гэсэрийн хойноос нь гучин баатрууд дэд дэдээрээ дараалж явав. Уулын чинээ хар эрээн барс үдийн газраас Гэсэр хааны өрөвхийж залгиж алдав. Алдуулаад барсыг гүйцэж эрэгцүүлж явав. Гучин баатраа хүрч ирэхэд Тэд чухам баатар уу Баатар биш үү Соръё гэж барсын аманд хувилгаанаар оров. Ороод барсын доод, уруул,хоёр соёог хоёр хөлөөрөө гишгэв. Тагнайг толгойгоороо тулав. Хоёр завжыг нь тохойгоор тулаад явган суув. Төдий билгийн хээр морь нь алд цулбуураа ярж гурван ертөнцөд хүнгэртсэн  янцгааж явав. Билгийн хээр морь нь Цас Чихэр эхлэн гучин баатарт өгүүлрүүн Гэсэр богдыг барс залгивай гэсэнд Буйдан түүнийг сонсоод барсыг үзэж маш ихэд айгаад одоо биднийг залгих болно гээд гучин баатрыг дагуулан дутаав. Цас Чихэр Буйданг үзээд Ээ байз. Буйдан яалаа чи гэж Буйданг дуудав. Буйдан хойшоо харалгүй дутаагаад их уулст хүрэхийн урьд захын бэлчирт нутагт хүрэв. Гэсэрийн дэргэд эрдэнэт Цас, хүний бүргэд болсон Шуумар, Бадмаарын хөвгүүн Бам Сорза энэ гурав баатар үлдэв. Цас Чихэр нөгөө хоёр баатартаа үг хэлэн уйлав Арван зүгийн нарван хорын үндсийг таслагч ачит Гэсэр богд мэргэн хааны минь уулын чинээ хар эрээн барс залгив. Муу Буйдан гучин баатрыг аван дутаав. Богдын минь хайран нэр. Одоо бид гурвуулыг дутаавал хэдэн догшид юу гэнэм Атаат ах дуу Шарайголын гуван хаан юу гэнэм Та хоёр минь юу санам гэв. Бид хоёул юу мэдэх вэ Цас Чихэр минь мэд гэв. Намайг мэд гэж хурим хуримлахыг мэд гэнэм үү Орвол ор, харьвал харь. Та хоёрын зориг гээд Цас Чихэр уйлж  байж жигүүрт морио тас гуядав. Билгийн хээр морь өгүүлрүүн Цас Чихэр авгай минь арван зүгийн эзэн богдыг залгивч алтан дагина Рогма, та хоёрыг түшэж авбал богдын нэгэн биеийн тадий бизээ Алалдахыг байг гэв. Цас Чихэр өгүүлрүүн Эцгэеэ Чи нүүрэндээ үстэй морь гэгч ийм үг хэлж байна. Нүцгэн нүүртэй Цас Чихэр би богдыг барст залигуулаад амьд харьсанаас үхсэн минь дээр гээд Хүрмэ нэрт цул болд илдээ суга татаж барст очих зуур санав. Арван зүгийн эзэн Гэсэр хаан маань хувилгаан билээ. Үхэв үү  Эсвэл Хэрвээ амьд болбол эрдэнэт махбод бид нь хүрнэ гээд Хүрмэ нэрт цул болд илдээ дүрэв. Барсын хоргож самуурахад барсын магнайн арьсан дээрээс зүүн гараар ноцож барсыг эс хөдөлгөв. Цасыг ноцолдож байхад нөгөө хоёр баатар нь сэлмээ суга татаж буун гүйлдэж айсуй. Гэсэр хаан барсын маань дотор байж зарлиг болов Эрдэнэт Цас Чихэр минь, мэдэв би чамайг. Энэ барсын арьсыг бүү эвд Аргаар алъя гэв. Толгойн арьс нь зуун дуулганы гэр болох буй. Их биений арьс зуун тавин хуягийн гэр болох буй. Цас минь тат гэв. ай Богд минь Юу зарлиг болов гэж инээгээд тавив. Гэсэр хаан зүүн гарараа барсын багалзуурыг базаж гэлдрүүлж байж баруун гараар сумч шил ишт оновчоо сугалж аваад барсын багалзуурыг тас дараад гарав. Барсыг алаад Цас минь уран биш үү, чи Толгойн арьсыг толгойн арьсыг гучин баатартаа гучин дуулга таны гэр зөөлөн эсгэ. Их биений арьсыг гучин хуягийн гэр зөөлөн эсгэ. Үлдсэн гурван зуун хошуучийн сайн сайнд өгье гээд тавив Гэсэр хаан барсыг алаад гурван баатраа аван явав. Явтал Цас Чихэр зарлиг болгон айлтгав Ай Богд минь Буйдан гучин баатрыг чинь аван дутаав. Хайран нэр чинь гэв. Арван зүгийн эзэн Гэсэр хаан зарлиг болгов Цас Чихэр минь дуугүй яв хар багаас догшдыг доройтуулж явахдаа Буйдангаар газарчуулж явлаа би. Адилтгавал Буйдан баатар харанхуй шөнө хатгасан зүү үл андах ийм газарч буй. Дуугүй яв. Бүү ичээ түүнийг гэв. Цол нь Мэргэн тэвнэ буй гэв. Арван таван насандаа арван зүгийн эзэн Гэсэр хаан гучин баатраа дагуул умар уулын чинээ хар эрээн барс мангасын хувилгааны алсан нөгөө бүлэг ийнхүү төгсөв.

No comments:

Post a Comment