Wednesday, April 13, 2011

Цотон заль гаргав.

Цотон ноён Энэ Жураас Рогма гуаг нэг аргаар авбал сайн билээ гэж санаж явав. Цотон ноён Дос, Донсар, Лин гурван отог улсыг хураагаад Журыг Цотон ноён үзэн ядаж хэлэв Гурван түмэн хүн хурж уралдая. та их бэлэг шавдат хуяг, дуурсахуй нэрт дуулга, томорцог нэрт илд, түмэн олон нэрт бамбай, чимгүүд эд бүгдийг тавьж уралдъя гэв. Үүнд хэний морь гарвал түрүүлбэл тэр бэлгийг аваад, Рогма гуаг тэр хүн авъя гэв. Гурван түмэн хүн уралдъя гэж цуглаж явна. Жур сайн тавьж огторгуй дахь Навса Хүрзэ эмэг эхдээ залбирав Эжий минь, энэ ертөнцөд хамаг амьтныг туслахын тулд арван зүгийн эзэн Гэсэр хаан болон төрлөө би. Хойд заяанд Эрлэг хааны тэнд хилэнцтэй бүгдийн сүнсийг тонилгохын тулд Ханхой нэрт хөвгүүн болон төрлөө. Цотон ноён миний өвөр дэх эмийг авъя гэж гурван түмэн хүн хурааж уралднам. 
Хээр унага минь сайн болбол түүнийг минь буулгаж өг. Муу болбол тэнгэрийн сүргээс нэгэн морь буулгаж өг гэв. Авай Нусгай минь байна гэж хээр унагыг хувилган долоон настай хээр морь болгож буулгаж өгөв. Тэнгэрээс буусны тулд салхины хүрдээр эргэж Жало хаан золгов. ай муу хүргэн! Хамуутай хээр даагаар хэнийг гаргъя гэж одно чи? Хайран хүүхнийг минь хүнд авъя гэж одно уу чи минь? Буман тоот агтнаас унаж уралд гэв. Чиний буман тоот агт чинь намайг үл даах болуузай. Сурснаараа хамуут даагаа унаж уралдъя гээд явав. Гурван түмэн хүн болзооны газар хүрч, морь биеэ засаж байна. Их улс уралдав. Жур хамуутай хээр даагаа татаж хоцров. Татаж явж тавьж илгээв. Нэг түмэн хүний өмнө гарч ирэв. Бас татаж авч тавьж илгээв. Бас нэг түмэн хүний өмнө гарч ирэв. Журын өмнө Цотон ноён зээр гүйцсэн зээрэн ухаа мориороо будаа сацам газар явна. Цотонгоос өмнө исмэй ноён сайн хөх морио унан годил харваж газар бухуулж явна. Жур хамуут хээр даагандаа үг хэлэв Би зоригтын шинжээр дайръя. Чи баатрын шинжээр Цотонгийн морь бие хоёрыг дайрч орхив. Зээр гүйцэгч зааран ухааг богтос чөмгийг хуга гишгэж гарч оч гэв. Хээр даага За гэв. Жур дайрав. Журын хэлсэн үгээр болов. Журыг гарч очсон хойно, Цотон ноён харж үзээд Авай Жур яалаа гэв. Авгай яалаа Рогмаг минь хүн авуузай гээд явж очив. Гурван түмэн хүнийг гарсан хамуут хээр даага минь, Исмэй ноёны хөх морийг гарам за гээд татаж явж явж тавьж илгээв. Исмэй ноёны сайн хөх морь ганцаарын зуузайг шудран явж очив. Тэгээд годил харвам газар замыг хааж үл гүйцэгдэх явна. Жур хамуут хээр даагандаа үг хэлэн уйлав. Эвий! Хамуут хээр даага минь яалаа чи? Шавдат хуяг, дуурсахуй нэрт дуулга, томорцог нэрт илд, түмэн олон нэрт бамбай, чимгууд, зузаан насан дээр учралдсан Рогма гуа минь. Эд бүгдийг минь хүнд алдуулахыг хүсэв үү чи гэв. авай нусгай минь. Би тэнгэрийн унага буюу. Энэ ертөнцийн морь боловч дөрвөн үе надаас илүү ах, үс нь миний үснээс илүү олон. Би гүйцэж болохгүй байна. Огторгуй дахь Навса Хүрзэ эмэг эхдээ залибар гэв. Эжий минь долоон настай хээр морийг минь, доргош буулгаж өгөв. Газар дээр Исмэй ноёны хөх морь түрүүлж гарав. Хайран
олон эрдэнэ чимэг минь, хувилгаанаар авсан Рогма гуаг минь Исмэй ноён авах гэж байна. Эжий минь, яалаа гэв. Эх нь сонсов. Эвий Нусгай Жур минь хүнд гартаж уйлж явна. Овоо Дүнжон нааш ир. Хамуут хээр даагыг чи үлээж үз. Исмэй ноёны морийг би нэг аргаар үзье гэв. Хоёул огторгуйгаар зэрэгцэн буув Хээр даагыг овоо дүнжин үлээв. Долоон настай хээр морь биендээ тохров. Хазаар зуузайга хэмлэн шудрав. Навса хүрзэ эмгэн эх нь Исмэй ноёны хөх морины хоёр сугаар гал сумаар харвав. Хөх морь дөрөв тав годройтож унав. Болзооны  газарт даага уралдам газар ойртсон байв. Исмэй ноён: Эвйи Яалаа гээд босон уйлж байна. Одоо шудран гарах миний ээлж боллоо гээд явж очив. Жур хуяг, дуулга, илд, эрдэнэт чимгүүдийг авч Цас Чихэр ахдаа өгөв. Жур гэртээ харив.

***   ***   ***

Маргааш бас Цотон ноён Журыг үзэн ядаж Дос, Донсар, Лин гурван отог улсыг хураагаад хэлэв бух гөрөөсийг хэн хүн алж арван гурван үе сүүлийг огтолж авсан хүн Рогма гуаг автугай гэв. Хамаг улс очин. Жур хүрээд бухыг алангир нум, ширхэг сумаар бухын хоёр нүдний дундуур шувт харвав. Арван гурван үе сүүлийг огтолж авав. Цотон ноён хүрч ирэв. Авай Жур минь, үүний хойно чамайг бүү зэмлэе. Чамайг бүү жанчья Өөрийн үрээс нэн дотно саная би. Арван гурван үе сүүлээ над өг гэв. авай сүүлийг яах вэ, өгве. Би сая саадаглаж ан хийж явна. Над исманда нэрт сумаа өг гэв. Сум яах вэ, май гээд өгөв. Жур хувилгаанаар сүүлээс гурва үе огтолж аваад өгөв. Цотон ноён олонд авч очив. Авчин цуглаж ирэв. Цотон ноён их дуу гарган дуудав Бухыг би алсан. Арван гурван үе сүүлийг би огтолж авлаа. Рогма гуаг би авах буй гэв. Жур хүрч очив. Эвий эвий Цотон авгай яасан нүгэлт худалч билээ чи яасан чивэлт худалч билээ чи Бухыг би алж, арван гурван үе сүүлийг огтолж байтал минь чи хүрч ирээд Авай Жур минь Үүний хойно бүү хараая, бүү жанчая. Өөрийн үрээс нэн хайрлая. Энэ сүүлээ над өг гэж эс хэлэв үү чи Авгай сүүлч яах вэ өгье Би сая саадаглаж явна. Над исманда нэрт сумаа өг гэж эс хэлэв үү би Сум ч яах вэ гээд над эс өгөв үү чи Сумыг сугалж үзүүлэв. Эвий эвий Энэ муугийн аашийг үз та. Эмээ авахад саадаг хадгалсан хүнээс минь хулгай хийж аваад дэмий донгодном бишүү энэ гэв. Жур Зөв бишүү. Одоо сүүл чинь бүрэн байна уу Үз гэв. Сүүлийг үзэв. Гурван үе дутуу байв. Жур Гурван үе нь аль вэ гэв. Цотон ноён дуу үл гарна. Нүгэлт худалч чиний иймийг мэдээд би гурван үе сүүлийг аваад өгсөн минь энэ биш үү гэж өврөөсөө гурван үе сүүл аваад үзүүлэв. Цотон ноён ичиж буруу хандаж явж  очив. Жур мөн тэр шөнө Цотонгийн зуун найман хайнаг үхрийн үнэтэй хар морийг хулгай хийж алав. Цотон ноён маргааш нь нэгжихээр ирэв. Нэгжиж мориныхоо махыг гаргав. ээ яалаа гэж, төвд тангадын цэргийг хурааж ирэв. Журыг алъя гэж ирэв. Цотон ноён түрүүлж зэр зэвсгээ хуягаа өмсч айсуй. Жур улаан хонгор царайтай их хүүхэд болж хувилав. Хэтэвчнээсээ дуурсахуй нэрт нумаа гаргаж татав. Татахд мянган луугийн дуу мэт хүрхэрч дуу гарна Цотон ноёноос тэргүүлэн дутаав.
***   ***   ***
Маргааш Цотон ноён бас хэлэв Нэг өдрийн авд түмэн бух гөрөөсийг алаад түмэн бухын махыг нэг бухын сархинагт багтааж чадсан хүн, Одос мөрөнд хэн хүн олом гаргаж чадвал тэр хүн Рогма гуаг автугай гэв. Чингээд олон анчин бүгд явав. Рогма гуа Журд нум сумаа үгүйн тулд тэмээчний нум сумыг авчирч Жур минь хугалуузай гэж өгөв. Жур хуга татаж орхив. Рогма гуа бас үхэрчний нум сумыг авчирч өгөв. Жур бас хуга татаж орхив. Би адуучны нум сумыг авчирч өгөхдөө Авай Жур үүнээс хойно нум сум бий болбол хавьс хаврига минь болтугай гээд өгөв. Жур нумыг хуга татаж орхиод явж одов. Хүртэл авчин бух гөрөөсийг харваж агнаж байв. Жур явж хувилгаанаар нэг өдрийн авд түмэн бух алав. Түмэн бухын махыг нэг бухын сархинагт нь огтчоод хийж багтаав. Нэг бухын сүүлийг аваад шорогт өлөөд явав. Олон авчин төөрч явтал Журын тэр тэмдэгийг дагаж явав. Одоо мөрөнд хүрч түмэн хүн олом гаргаж эс чадав. Жур хүрч бух гөрөөсийг авчирч шахав. Бух эврийнхээ үзүүрийг цухуйлгаж мөрнийг гарч явав. Чихтэйг хулан авчирч шахав. Хажуугаараа ус хүргээд гарч явав. Зээрийг авчирч шахав. Жур хувилгаанаар Цотонгийн нүдэнд туруун чинээ туурай хүрэх устай болоод гарах мэт үзэгдэв. За гурван их ноёд олом гаргав. Олом сонго гэв. Цотон ноён Би зээрний олмоор гаръя гэв. Сэнлон Би чихтэйн олмоор гаръя гэв. Царгин авгай юу гэж дуугүй байна гэв. Авай Жур минь чи мэд гэв. Царгин авай минь чихтэйн олмоор гар гэв. Сэнлон, Царгин, хамаг авчин бүгдээр одлоо урсав. Авай Жур тат гэж дуудав. Жур ташуураа барин гүйж оров. Цотон ноёныг одоо ташуураар боомлож усны захад гаргаж ирэхэд авай Жур, гаргахыг ч  гаргалаа, боомт цол авнам за. Би яая гэв. За над өөр аргагүй гээд орхив. Цотон ноён бас урсаж амь нь тэмцэж явна. Авай Жур тат гэж бархиран явна. Жур гүйж оров. Жур Цотонгийн үснээс нь  үгтээж толгойг нь хожгор болгож айсуй. Усны захад ирэхэд Цотон ноён бас хэлэв Авай Жур Авч гарах нь ч авч гарлаа би. Хожгор цол авнам за. Би Яая гэв. Зєв гээд орхиод ирэв. Бас урсаж явнам. Авай Жур Одоо чи татаасай, үхнэм гэв. Жур үл хөдөлнө. Улс нь Хайран хүн үхэх нь Жур татаж аваасай гэв. Жур ташуураа хувилгаж хоёр иртэй илд сэлэм болгож өгөв. Цотон сэлэм дээрээс ноцов. Цотонг ч чирч авч ирсний дараа хоёр алга нь тасарав, Авай Жур авч гарах ч гарлаа чи, хоёр алга минь аль вэ гэв. Хичнээн гэмийг над оногдуулж байна вэ  хэдийг ч л хэлсэн гэв. Авгай гайгүй буй дуу гэв.
Тэндээс хамаг бүгдээр Одос мөрөнд хэн олом гаргав, түүнд цол нэр өгье гэж хэлэлцэв. Энэ Журд цол өгье гээд Сал Дива гэж нэрийдэв.

***   ***   ***

Бүгд авчин явж тэр шөнө хээр хонов. Их хүйтэн бороо оров. Түлээ аргал үгүй. Цотонгийн хүний хэл мэдэх нэг нохой байсан аж. Нохойг явж, Жур юу хэлэлцэж сууна сонс гэв. Жур хувилгаанаар нохойн ирснийг мэдээд хэлэв Маргааш нум сумтын голд бууна. Нум сум олж авнам за. Нум сумаа эвд. Гуталтын голд буувл гутал олох буй. Гутлаа хайнагийн эврээс өлгө. Гурван хүний өвдөгөөр тулга тулж идээ чана. Идэж хоно. Хоосон бүү хоно гэв. Нохой очиж Цотонд хэлэв. Журын үгийг бултыг тоочиж хэлэв. Цотон ноён их улсдаа зар хэлэв. Маргааш нум сумтын голд орвол нум сум олно гэнэ. Гуталтын голд буувал гутал олох гэнэ. Гурван хүний өвдгөөр тулга тулж идээ чанаж ид. Энэ шөнө хоосон бүү хоно. Идээ идэж хоно гэв. Цотон ноён босон нум сумаа эвдэж гурван хүний өвдөгөөр тулга тулав. Гутлаа хайнагийн эврээс өлгөв. Гал шатаж ирэхэд гурван хүн нь Халхай гээд тогоогоо түлхэж орхив. Идээ идсэнгүй хоосон хонов. Маргааш үүрийн хаяагаар Цотон ноён мордож Журд очив. Авай Жур би юу гэж дуудав. Авгай юу вэ гэж гарч ирэв. Жур нум сумтын гол гэдэг чиь хаана билээ гэж асуув. Авгай тийм юу вэ Ямар үг вэ гэв. Нум сумтын голд буувал нум сум олох, гуталтын голд буувал гутал олж авах гэсэн гэв. Чамд хэн хэлээв Авгай гэв. Над миий нохой хэлэв гэв. Нохойтой хэлэлцэх болбол чи сайн хүн байна гэв. Цотон ичиж буруу харж явж одов. Эргэж ирээд авай энэ шөнө зүүд зүүдлэв гэгч чинь үнэн үү гэв. За тэр минь үнэн билээ, авгай гэв. Хар бух харвавал гайтай, халзан бух харвавал айгүй гэж зүүдлэв би гэв. Маргааш үүрийн хяраанаар их улс ав тавина. Цотон ноён одоо хар бух таарвал харвахгүй хар халзан бух хайж явна. Үүрийн хяраанаар их бух магнай хоорондоо цантай хяруутай гүйж ирэв. Цотон ноён энэ хар халзан бух байна гээд хөөв. Хөөж явтал магнай хоорондох цан нь арилав. энэ хар бух байна. Би буруу хөөж байна гээд харьж ирэв. Авд орж явтал эвэр хоорондоо цас өлгөсөн наалдуулсан бух гүйж ирэв. Энэ хар халзан бух гэж хөөв. Хөөж морьтой нохойгоо хөөж эргүүлж Журын дэргэд авч ирэв. Авай Жур Ахай Жур энэ бухыг харваж ал гэв. ээ авгай минь Харвавал мууг эс мэдэв үү чи гэв. Бух харвах гээд чиний морь нохойг чинь харваж алах буй. Харвахгүй гэв. авай Жур Морь нохойд хамаагүй. Бухыг алж өг гэв. за авгай, тийм болбол миний морь муу, гүйцэхгүй. Намайг дайруулж эргүүлж авч ир гэв. Цотон ноён бухыг гүйцэж эргүүлж авч ирэв. Жур хорхойноос нь явж хувилгаанаар Цотонгийн морь нохойтой нь нэвт харваад бухыг алж орхив. Цотон ноён бухын дэр буув. авай Жур Бухыг алах ч алла чи. Хайран морь нохойг ал гэв. За авгай гэгч нь нэг гэм хэлнэ биз гэж бодсон, үнэхээр хэлэв чи над. Би харвалгынхаа мууг чамд хэлсэн шүү гэв. Жур хэлэв Бух чинь хар халзан бух биш, хар бух байна гэв. Цотон ноён үзээд Авай яая би Халзан бух гэж хөөсөн минь хар бух байна. Авгай Жур яая гэв. авгай үүний гай нь морь нохой хоёрт болтугай Авгай дуу гэв. Авай минь, энэ чинь сайн сайн гэв. Цотонгийн морь сайн, нохой нь хүний хэл мэдэхийн тулд Жур хувилгаанаар морь нохой хоёрыг алав.

***   ***   ***
Тэндээс маргааш нь эрт авлахад Цотон хамаг улсад зарлав Түмэн бух гөрөөсийг алаад нэгэн сархинагт хэн хүн багтааж чадвал тэр хүнд Рогма гуаг өгье гэсэнд нэг ч хүн эс чадав. Бадмарын хөвгүүн Бам Сорза чадах байсан ажээ. Жур таван аргыг хувилгаанаар аваад эс чадуулав. Тэр Бам Сорза түмэн бух гөрөөсийг алаад сархинагт нь хувилганаар багтаагаад нумын хичирт өлгөж явав Хамаг улс авчин гэр гэртээ харав. Рогма гуа угтаж ирэв. Царгинаас асуув Нэгэн өдрийн авд түмэн бухыг хэн алав Одос мөрөнд хэн олон гаргаж чадав гэв. Царгин авгай Хэн чадах билээ Миний Сал Дива чаах буй за гэв. Сал Дива гэгч хэн болов гэж Рогма мэдэн ядаж явав. Журд цол дуудасныг олгосныг эс мэдэж асуув. Цотонгоос авгай мөн тэр нэрийг асуув. Цотон Хэн хэн чадах билээ гэж дотроо гайхаж явав. Рогма гуа гэртээ харив. Жур үхэр унаж нэгэн шороог барьж үзүүрт нь бааст сархинаг өлгөж ирэв. Хадам эх нь угтаж гарч хүргэний алсан бухын мах буулгая гэж ирэв. Ирээд Эвий эвий Олон авчин намайг хуурч байна. Чи энэхэн сархинагт хийсэн баасыг юунд авч ирэв Эмийгээ юугаар тэжээх вэ гээд гэртээ уурлаж оров. Хадам эх нь Журын сархинагтай махыг тогоон дээр орхив. Тогооны хэлхээ оосор татарч унан алж байв. ай ай! Хүргэн, энэ юу вэ? гэв Баастай сархинаг билээ гэв. Гүйж гэртээ ороод махыг баганаар түлхэж орхив. Эх нь нэг зуух ухаж тогоо тавив. эжий минь энэ миний алсан бугын мах. Чиний ганц тогоонд багтахгүй гэв. Энэ айлын тогоог авчирч чана гэв. Хадам эх нь айлын тогоо хураая гэж зүг зүгт илгээв. Олон зуух ухаж тогоонд ус хийв. Мах уйв. Булт дүүрч байна. Мах болж гаргавал олон хүн ирж иднэ. Хадам эх нь сархинагын нэг талыг идэв. Хадам эхийн хэвэлдээ мах шингээн ядаж үхмээр болж хэвтэнэ. Эжийгээн минь гэдэс дүүрч үхэх нь байна гэж Жур гурван алд цагаан модоор хэвлийг дээш гурав, доош гурав үе илэв. Эх нь дээш бөөлжиж, доош суулгаж эхлэв. Цотон ноён үзэн ядаж зарлав гардийг хэн хүн алж, хоёр сайхан отгыг өдийг хэн хүн аваад Рогма гуагийн малгайд хадаж чадвал тэр хүнд Рогма гуаг өгье гэв. Хамаг улс хайдаг ав хийхээр нүүв. Жур хувилгаан биеэр огторгуйгаар очив. Муу жинхэнэ биеэр алтан дэлхийгээр очив. Жур хүртэл түмэн хүн хурж, гардийг харваж үл хүргэж байна. Бадмаарын хөвгүүн Бам Сорза гардийг эгэм дундуур шувт харвав. Жур очоод гардийг магтав. Хүрхрэх дуу чинь ийм сайхан байна, хүзүү хоолой чинь хэдүй чинээ сайхан бол гэв. Хүзүү толгойгоо үзүүлэв. Гарди Хүзүү толгой чинь ийм сайхан байна, хөвчин бие чинь хэдүй чинээ сайхан бол гэв. Хөвчин биеэ үзүүлэв. Бас Хөвчин бие чинь ийм сайхан байна, хүрс хүрс, ийш тийш дав дэв хийж нисвэл хэдүй чинээ сайхан бол гэв. Дав дав хийхэд нумаа татаж харвав. Харваад алав. Хоёр  сайхан огтыг урт өдийг нь хувилгаанаар огторгуйгаар аваачиж Рогмагийн малгайд хатгав. Гардийн унасан биеийн өдийг олон улс бүгд дэд дэдээрээ булаалдав. Журыг энэ ч хүн түлхэж орхиж, тэр ч хүн түлхэж орхиж явав. жур нэг ч чандруу авч эс чадав. Жур уйлагч болж байв. Рогма гуа уйлв. Улсын сайн эрс гардийг алж отгыг нь эмс эмсдээ хатгаж өгөв. Эр минь Жур надад хатгаж өгсөнгүй. Над отго байхгүй гэж уйлав. Рогмаг олон улсын эмс үзэж уйлалдав. Бүгдээр Нусгай муу Жур Рогма гуад гардийг алж хоёр сайхан отгыг хатгаж өгөв. Манай сайн эрс ийм хатай болоосой гэж уйлав. Хамаг улс гэр гэртээ харив. Жур эс харив. Рогма гуа харив. Гэртээ гүйж ортол хоёр сайхан отог нь хатавчинд нь тулж байв. Энэ яасан жиг билээ гэж малгайгаа авч үзэв. Үзээд отгыг үзэв. Жур хувилгаан байсан байжээ гэж баяртай явна. Хойно нэг өдөр  Рогма гуа, Журын мөрөөр мөшгөв. Рогма гутлыг өөрөө хийсэн тул гутлын улын мөрөөр андахгүй мэдэх ажээ. Гэсэр нэг хадны хөндийд хамаг сахиусныхаа дэргэд сууна аж. Их хурим хийж байна. Рогма гуа гаднаас шагайж үзэв. Гэсэрийг хараад Миний эр ийм сайхан болоосой гэж санав. Чингээд Рогма гуа гүйж оров. Чингэтэл Гэсэр биеэ хувилж Жур биеэр суув. Аръяа Аланкари охин цагаан тэнгэр Рогма гуад зэрлиг болов Ай бэр Энэ өдөр чамайг олон сахиус бүгд цуглаж мөргүүлж байна. Энэ хуримаас ямарваа идээ өгвөл идээрэй чи гэв. Рогма гуа За гэв. Их хурим дуусав. Дууссан хойно Аръяа Аланкари охин цагаан тэнгэр рогма гуад нэг болсон Чанасан хүүхдийн аяганд хийж авчирч өгөв. Рогма гуа нялуун гээд эс идэв. Түүний хойно үхсэн хүний хурууг авчирч өгөв. Рогма гуа огтолж зажлаад хатуу гээд нулимж орхив. Аръяа Аланкари охин цагаан тэнгэр машид уурлаж хэлэв Бид юу хэлэлцсэн билээ Нүгэлт бэр чи яагаад идсэнгүй вэ Их хуримчид тархав. Рогма гуа арга ядаад Аръяа Аланкари охин цагаан тэнгэрийг хормойдов. Ай бэр юу вэ гэв. Чамаас үр гуйнам би гэв. Чи түрүүчийн идээг идсэн бол Гэсэрээс илүү гурван хүүхэд төрөх билээ Гэсэртээ тэнцүү гурван хүүхэд төрөх билээ Гэсэрээс доор гурван хүүхэд төрөх билээ. Ирээдүйн цаг болтол Гэсэрийн үр тасрахгүй болоод хамаг амьтан тэгш жаргах билээ Ай бэр чи идэж эс чадав. Одоо хэдийг өг гэнэм гэв. Охин цагаан тэнгэр хэдийг өгөхөө чи мэд гэв. Зуун наймыг ав гэв. Охин цагаан тэнгэр, Жур хоёул Рогма гуаг гэрт нь хөтөлж ирээд гарч очив.

No comments:

Post a Comment