Thursday, April 28, 2011

Гэсэр хаан, Мангасын ордонд Арлан гуатай уулзав.

Мангас хувилгаан модоо алдсан тул гөрөөлж явтал гэнэт толгой өвдөнө гэж их далайдаа орж биен сэрүүцье гэж хэвтэнэ. Хэвтсээр унтав. Арван зүгийн эзэн Гэсэр хаан харцага болж хувилан хүрэв. Мангасын зүүн нүдэн дээрээс хатгаад дутаав. Мангас өрөвхийж алдаад босож бүргэд болоод хөөв. Гэсэр цаад өндөр уулын оргил дээр гараад тохойн чинээ хүн болж наадаж явна. Мангасыг хүрч ирэхэд бас бор харцага болон нисэж их далайд ирээд тохойн чинээ хүн болж наадаж явна. Их далайд мангасыг хүрч ирэхэд мөн харцага болон нисээд явав. Мангас гүйцэн ядаж гэртээ харив. Арлан гуад үг хэлэв Эвий, яалаа би. Энэ биеэ төрсөөр ийм зовлонг эс үзлээ би. Энэ өдөр гөрөөлж явтал миний толгой гэнэт өвдөөд их далайд орж биен угааж хэвтсээр унтав би. Гэнэт бор харцага ирээд зүүн нүдний минь дээрээс хатгаад дутаав. Босож хөөтөл минь өндөр уулын оргил дээр гараад тохойн чинээ хүн болоод наадаж явна. Өндөр уулын өөд хөөе гэтэл харин их далайд нисэж очоод бас тохойн чинээ хүн болж наадаж явна. 
Далайд очиход минь бас нисэж одов. Хамаг аргаа барав би. Бор зүрх минь булиглав. Богино хаврига минь шархирав. Үстэй толгой минь өрвийв үе гишүүн минь чичрэв. Эвий, яасан нүгэл билээ гэв. Арван зүгийн эзэн Гэсэр хаан ирэв үү хурмаст тэнгэр хувилж ирэв үү лусын хаад ирэв үү асур нар ирэв үү ямар догшид ирсэн болов тэр дөрвүүлээс өөр над нэг хүн халдах ёсгүй билээ. Булт ширээг би авсан бусад бүх орныг би эзэлсэн гэв. Арлан гуа хэлэв Эвий сайн эр минь Арван зүгийн эзэн Гэсэр хаан гэгч арван зүг хувилдаг балай олон хувилгаангүїй биш үү Бурхан төрөлтэй гэж шувуунд үл хувилдаг. Асур нар биз. Хэн гэнэм чи үүнийг гэв. Энэ үг эгээ мөн гэв.

***   ***   ***  
Мангас маргааш өглөөгүүр Хотын хөөлгөнд бяруун чинээ хоёр аалзаа тавиад Энэ эмийг хотын гадна гарвал залгиж орхи гээд гөрөөлөхөөр явав. Арван зүгийн эзэн Гэсэр хаан билгийн хээр морио унаж мангасын хотод очив. Мангас хотоо үлгэргүй өндөр арьсан ажээ. Гэсэр хаалгыг нь олон ядаж нэгэн үе билгийн хээр мориндоо үг хэлэв ай билгийн хээр морь минь Чи намайг хотын дэгүүр авч гар. Хот дотор алтан шагай унагаасан мэт тов хийтэл тусаж бай. Намайг авч гарч эс чадвал дөрвөн тавгийг чинь огтлоод эмээл хазаараа үүрч харъя би. Чамайг авч гартал би унаж хоцорвол энэ шулмасын хотод нь унаж үхээд махаа нохойд идүүлье би гэв. Эвий Айх мэт богд баатар минь энэ зарлиг чинь юу вэ ийм тийм гэж юу гэж зарлиг болно вэ Би чамайгаа за гэсэн газар үл гэдэг билүү Чи гучны газар очиж хашгиран довтолж ир. Годил харвам газраас За за, яв яв гэж баруун гуяг гуядаж амыг минь татаж ир. Би чамайгаа авч гарахаа би мэдье гэв. За одоо зөв гэж арван зүгийн эзэн Гэсэр хаан гучны газарт очив. Зүүн гараар жолоотой дэлээ дээрээс нь ноцов. Хоёр хөлөөр тас хавчив. Баруун гараар хуяг нь гурван үе гуядаад хашгиран давхив. Билгийн хээр морьт огторгуйгаар яван очив. Орохдоо алтан шагай болон хот дотор тов хийж тусав. Билгийн хээр морио огторгуйд гаргав. Биеэ хувилж гуйланч хүн болов. Хамаг зэр зэвсгээ хувилгаж хоёр ачмагт бахан гурил болгов. Билгийн гурван алд хар шор сэлмээ хувилгаж гаруван алд хар таяг болгов. нэг нүдээ сохойлгов. Хотын хайсан дээгүүр гарч Энэ юутай сайхан хот билээ энэ ахуйг тойрсон үгүй яданги гуйланч хүн билээ би. Дээр хурмаст тэнгэрийг ч үзлээ би. Доор лусын хаадыг ч үзлээ би. Тэр хоёул ийм сайхан том биш л дээ. Төвдийн арван зүгийн эзэн Гэсэр хааны нэг сайхан хот бий гэлээ. Түүнийг үзлээ би. Арван хоёр толгойтой мангасын нэг сайхан хот бий гэлээ. Түүнийг эс үзвэл би. Дэмий сажилж явсаар энэ хоёр хааны нэгийг хотод учрав уу би Энэ хотын хатан хаан хоёрыг үзээсэй би гэж урт мод тулж их дуугаа гаргаж гэр зүгт очив. Очтол улаан өрхт үлгэргүй их цагаан гэр байна. Түүний үүдэнд хүр. Баруун хавачинд, зүүн хатавчинд хоёр бяруун чинээ аалз хэвтэнэ. Арлан гуа Гэсэрийн дууг сонсоод Эвий эвий Гэж босож гүйн гарав. Хоёр бярууны чинээ аалз бол мангасын хувилгаан байсан аж. Арлан гуаг гадагш гарвал залгиж орхи гэж тавьсан элч байлаа. тэр хоёр аалз амаа ангайж арлан гуаг үмхэж орхиё гэж айсуй. Одоо үгүй яданги хүн хар таягаараа хоёр аалзыг хувилгаанар цохиж алав. Гэсэр өөрийн хувилгаанаа мөн оронд нь хоёр аалз болгож хуурч тавив. Ай Айх мэт богд минь хаанаас ирэв гэж Арлан гуа Гэсэр хааныг тэврэн хайлав. Арлан гуаг хайлж байхад Охор жолоот эхнэр гэгч энэ биш үү. Чамайг уйлж байвал мангас мэдэх биш үү. Бүү уйл. Тэр муугийн арга сүвийг зааж өг над гэв. Арлан гуагаас асуув Баруун хацартаа энгэсэг түрхэж баруун биеэ сайхан чимгээр чимсэн чинь юу вэ Зүүн хацартаа хөө түрхэж, зүүн биеэ чимгээр чимсэн чинь юу вэ гэв. Баруун биеэ чимгэлсэн минь баатар Гэсэр хаан минь ирж бачит мангасыг барин алж бас толгойг нь огтчихын бэлэг билээ. Зүүн биеэ муу чимсэн нь арван хоёр толгойтой мангасыг доройтуулах бэлэг бэлэглэсэн минь энэ билээ гэв. Мангас өчигдрийн харцаганд зүүн нүдээ хатгуулсан тэр явдалаа над тоолж хэлсэнд чамайгаа ирснийг мэдээд ийм  бэлэг бэлэглэсэн минь энэ билээ гэв. ай богд минь Арван хоёр толгойтой мангас адбиш хэцүү байна. Үхнэ болов уу чи минь Харь гэв. Эвий Арлан гуа минь тэр үг чинь юу вэ Харван хоёр толгойтой мангасыг доройтуул гэж хэлэхгүй яав Арван зүгийн эзэн Гэсэр хаан болоод, арван хоёр толгойтой мангаст чамайгаа автаад Замбутивийн эзэн Гэсэр хаан гэж хотлоор дуурьсаж  явах уу би тэр дийлэх болбол чамайг авсаар авна биз. Би дийлэх болбол чамайгаа авч харина би гэв. Тэр нүгэлтийн явдлыг яаж мэдэх вэ би Чамаас гэртээсээ гадгаш гарсангүй би. Хөх зэс луусаа унаж гөрөөлөхөөр явлаа үдэш улаан нарнаар хангай буга ачиж ирдэг. Дайсан хүний ирснийг мэдвэл тэр луус хамраа хуурич хазаарын зуузайг хэмлэж, дөрвөн хөлөө дүүлж өсөрч газар цавчилж ирдэг. Ороолон, Гараалан хоёр бор морь энд тэнд нь түлхэлцэж гүйж явдаг. Өөрийн төлөгний улаан утсаараа шарж идэх махыг үл андах билээ төлөгч буй. Аяа Богд минь чамайгаа хаанаа хийе гэв. Түүнд гайгүй, над арга сүвийг нь асууж өг гэв.

No comments:

Post a Comment