Tuesday, May 3, 2011

Хон хэрээ элчийн мэдээ.

Шарай голын улсад ах дүү гурван их хаан байжээ. Цагаан гэрт хаан, Шар гэрт хаан, Хар гэрт хаан хэмээх тийм гурван хаан байжээ. Тэр цагт Шарай голын хаан чуулган чуулав. Чуулгандаа Цагаан гэрт хааны Цагаан эрх хатнаас төрсөн Алтангэрэлт тайжид ийм сайхан авгай хаанаас авч өгье гэж чуулган чуулуулав. Энэ ахуйн хаадын охидыг тоолж үзье гэв. Хүн, морь явж хүрэхгүй гэж цагаан харцгыг туулайн махаар бордож, Дээр тэнгэр нарын охид сайхан уу Үз ир гэж илгээв. Уран дуут тотийг хорхойгоор бордож Хятадын хааны охин сайхан уу Үзэж ир гэж илгээв. Үзэсгэлэнт тогосыг жимсээр бордож Балбын хааны охин сайхан уу Үзэж ир гэж илгээв. Үнэгийг шир шөрмөсөөр бордож Энэтхэгийн хааны охин сайхан уу үзэж ир гэж илгээв. Хон хэрээг муусайн идээгээр бордож Төвдийн хааны охин үнэн сайхан уу үзэж ир гэж илгээв. Чингээд тэд бүгд явав.

Цагаан харцага тэнгэрт гараад эс ирэв. Уран дуут тоть хүрч ирээд хэлэв Хятадын хааны охин Гүнэ гуа гэж байжээ. Гэсэр, эцгийн нь төрийг засаад Гүнэ гуаг авч гурван жил суугаад харьсан байна. Гүнэ гуагийн өнгө чимэг нь хэвээр сайхан ажээ гэв. Тогос ирээд хэлэв Балбын хааны охины өнгө чимэг нь хэвээр сайхан ажээ. Ертөнцийн хэл үл мэдэх тул энд манд найргүй болов уу гэж санана би гэв. Үнэг ирээд хэлэв Энэтхэгийн хааны охин өнгө чимэг нь ер сайхан ажээ. Газар элэгэж хэвтээд буурцгийн хар цагааныг тоолж хэвтэнэ. Гэм нь тэр байна гэв. Хон хэрээ гурван жил болтол эс ирэв. Хойд жил нь ирэв. Ирэхдээ Хар гэрт хааны гадаа дайрч хашгирав. Шар гэрт хааны дайрч исгэрэв. Цагаан гэрт хааны гадна ирж огторгуйгаар цэрвэж байж үгээ хэлэв Хол газар очсон элч хэрээ би ирэв. Миний үгийг авалтай биш гэв. Цагаан гэрт хаан үнэн биш үү гэж хоёр дүүдээ элч илгээн хамаг цэргээ хурааж ирэв. Ай хөөрхий. Энэ хэрээ жигүүрийнхээ үзүүрийг хугалсан булгалсан байна гэж нэг хонь алж өгөв. ай хөөрхий хэрээ энэ дээр сууж үгээ сайхан хэл гэв. Үгүй үгүй. Энэ өчүүхэн махан дээр чинь үл буух би гэв. Хөөрхий энэ хэрээний үнэн зөв гэж нэг гүү алж энэ дээр буу гэв. Энэ өчүүхэн маханд чинь бахдах биш би суухгүй. Таны тусад явсаар хөх огторгуйд дураар нисэгч хайран жигүүрийнхээ үзүүрийг хугалав би. Юм олж идэх хошуугаа булаглав би. Алтан дэлхий дээр дуруураа цөмчигч хөлийнхөө хумсыг барав би гэв. Энэ хөөрхий, зовлонгоо гашуудан хэлэгч үнэн зөв гэж Шамба Мэруз найман настай хүүхдийг алж Энэ дээр бууж хэл гэв. Хэрээ эсболж огторгуйд цэрвэж байж хэлэв. Дээр хурмаст тэнгэрт хүрэв би. Хурмаст тэнгэрийн гурван сайхан охин байна. нэгийг нь гуйвал өгч болох, нэгийг нь булаавал авч болох,  нэгий нь хулгай хйвэл авч болох ажээ. хурмаст тэнгэр догшин тул хаан авч л ч адмой чи үүнд бууж үгээ хэл гэж алтан лог шон тавьж өгөв. Бас үл буун байж хэлэв Доор лусын хаадын гурван сайхан охин байна. Дунд Асурын гурван гуван сайхан охин байна. Лусын хаанд хүч ихтэй, Асур нар догшин, иймийн тулд тэр хаадын охидыг хаан авч үл чадмой. Алиныг ч болов олж авбал мөн хурмастын охинтой адил болно. Алиныг тоолном би гэв. Тэгж хэлсэнд мөнгөн дог, төмөр дог хоёрыг тавьж өгөв. Энэ дээр бууж үгээ хэл гэв. Эс буув. Хэрээ бас хэлэв За төвдийн газарт арван зүгийн эзэн богд Гэсэр мэргэн хаанд хүрэв. Хавны эцэг нь Жало хаан гэнэ. Гэсэр хааны хатан Рогма гуа гэж байна. Рогма гуагийн босоо бие нь ургамал нарс модыг ханхуй нэрт магнаг торгоор бүрсэн мэт, Суугаа бие нь таван зуун хүн суух орд цагаан гэр мэт. Баруун мөрөн дээр нь алтан шумуул эргэж байна. Зүүн мөрөн дээр нь мөнгөн шумуул эргэж байна. Баруунтаа наранд суувал хайлах мэт. Зүүнтээ сарны сүүдэрт суувал царцах мэт. Шөнийн гэрэлд нь зуун мянган агт манах мэт. Ийм цаглашгүй сайхан байна. Барьж суух гэр нь таван зуун хүн суух орд цагаан гэр байна. Бүрээс нь харанхуй нэрт магнаг торгоор хийсэн байна. Тулсан нь алтан багана байна. гэрт нь цагаан суврага бий. Чандмань эрдэнэ бий. Унших ном нь алтаар бичсэн Ганжур, Данжур хоёр хөлгөн ном бий Цавгүй нүүрс бий. Гэсэр хаан эзгүй. Арван хоёр толгойт мангас Арлан гуа хатнаа авахаар нэхэж явсаар ирээгүй гэнэ. Дээр тэнгэр нар, дунд Асур нар, доор Лусын хаан, эд гурвуулын охид байх боловч Рогма гуатай тэнцэх нь үгүй байна гэв. Хаан эзэн эхлэн хамаг их цэрэг булт баярлав. Ай Хэрээ энэ дээр буу гэж модон дог тавьж өгөв. Эс буув. Цагаан гэрт хаан уурлаж за чи муу тэнгэрээс заяатай шувуу юу чи муу манай тэжээж илгээсэн хэрээ биш үү чи гээд нум сумаа аваад дэлгэв. Хэрээ айж үнсэн дээр унаж баригдав. За Рогма гуа гэж юу хэлнэ чи Түүнээ дахиж хэл гэв. Мөн нэг тоолж хэлэв. Эвий энэ хэрээний үг болбол Рогма гуа юутай сайхан билээ худал бол юутай сайхан уран үгтэй хэрээ билээ энэ гэв. Ай, хэрээ очиж өөгөө цувдайгаа ид гэв.

No comments:

Post a Comment