Monday, May 16, 2011

Увсчууд авлигад идэгджээ

Увсчууд авлигад идэгджээ“Монгол хүн-2020” хэлэлцүүлэг Увс аймагт боллоо. Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ийн зайд орших тус аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн улсын хэмжээнийхээс хоёр дахин бага буюу 1067 байдаг гэнэ. Энэ үзүүлэлтээр увсчуудын амьдралын түвшин доогуур байгааг харж болох юм. 


Харин аймгийн төвийн хар зам, гэрэлтүүлэг, гудамжаар сүлжилдэх олон жийп зэргийн өнгө үзэмжээр иргэдийн амьдралыг дүгнэх нь дэндүү өрөөсгөл аж. Тус аймагт авлигаар бүхнийг шийддэг хачин зарчим үйлчилдэг болжээ. Хэн мөнгөтэй нь ажилтай болно. Ийм нөхцөлд жирийн иргэдийн амьдрал дээшлэх боломж байхгүй гэж хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн олонх нь хэлж байна. Ингэж хэлэх болсон нь аймгийн удирдлагуудын тендер нэрийн дор олон жил хийж ирсэн залилантай холбоотой. 




Жил бүр аймгийн бүтээн байгуулалтын ажилд багагүй мөнгө төсөвлөгддөг ч бүгд нийгмийн салбарт чиглэгддэг байна. Тухайлбал, 2009 онд бүтээн байгуулалтын ажилд 14, энэ жил 15 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Гэтэл дээрх бүтээн байгуулалтын ажлын тендерт “Мөнхжим өргөө”, “Ундрах констракшн”, “Арвижихуй Увс” гэсэн гурван компани байнга шалгардаг байна. Гэтэл “Мөнхжим өргөө” нь аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, “Ундрах констракшн” аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуугийнх гэнэ. Харин “Арвижихуй Увс” компани нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын “гарын хүн” Х.Сүхбаатарынх гэж иргэд хэлж байна. 



Тус монополь гурван компаниас болж жирийн иргэд бизнес эрхлэх боломжгүй болжээ. Увс аймгийн Засаг дарга нэг гартаа засгийн тамга, нөгөө гартаа компанийнхаа тамгийг барьж хяналтгүйгээр төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа тухай нэгэн баримт дурьдая. “Мөнхжим Өргөө” компани 2007 онд таван давхар 25 айлын орон сууц барих тендерт хамгийн бага үнэ буюу 467 сая төгрөг “амлаж” ялж байжээ. Гэтэл дөрвөн давхар барилга барьж ашиглалтад оруулсан байна. Хачирхалтай нь нэг давхрын зөрүү мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй байхад Сангийн яам нэмж 125 гаруй сая төгрөг олгосон байх юм. 



Засаг дарга Э.Цасчихэр дээрх компанийн 25 хувийг эзэмшдэг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт бичээгүй байна. Харин хувь эзэмшдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаагаар тогтоогджээ. Түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “нуусан” хөрөнгө үүгээр ч зогсохгүй гэдгийг батлах иргэн олон байсан. Дээрх орон сууцны асуудал зарим хүмүүсийг ажилгүйчүүдийн эгнээг нэмэгдүүлэхэд хүргэжээ. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Оюунцэцэг орон сууцыг улсын комисс хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. 



Гэтэл тэрбээр дээрх дүгнэлтийг гаргасныхаа төлөө ажлаас халагдсан байна. Увсчуудын ая тухтай амьдрах нөхцөлд саад учруулж байгаа өөр нэгэн зүйл нь Улаангомын найдваргүй дулааны цахилгаан станц юм. Уг станц найман жилийн турш доголдож иргэдийг зутрааж байна. Энэ бүх асуудал 2003 онд станцыг Хар тарвагатайн нүүрсний уурхайн эзэн Д.Сурмаажав хувьчилж авснаар эхэлсэн байна. Өнгөрсөн өвөл л гэхэд аймгийн иргэдийг хөлдөөх шахаж Засгийн газрын нөөц хөрөнгө гаргаж хэвийн ажиллагаанд оруулсан. Гэтэл энэ жилийн засварын ажил эхлээгүй байна. Үүнээс харахад увсчууд энэ өвөл бас л зутрахгүй гэсэн баталгаа алга. 



Дулааны цахилгаан станц доголдсоор ирсэн нь удирдаж авч яваа боловсон хүчинтэй холбоотой гэж Засгийн газрын гишүүд үзэж төр эргүүлэн авах талаар ярьж байгаа юм. Харин дулааны цахилгаан станцыг Д.Сурмаажав захирал дөрвөн тэрбум төгрөгөөр зарна гэсэн сурагтай. Увс аймагт 4000-5000 хүн орон сууцанд амьдардаг. Доголдлоос болж паар хөлдөх нь наад захын асуудал. Паарны нэг сэкц нь 15-20 мянган төгрөг байдаг тул их хэмжээний хохирол учруулдаг байна. Тиймээс иргэд цахилгаан халаагуураар паараа ээж “авардаг” гэнэ. Дулааны цахилгаан станцын хувьчлалыг анхнаасаа маапаантай байсан гэж иргэд “Аюулгүй монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Олон жилийн турш давтагдсан энэ байдлаас болж орон сууцны иргэдийн дунд бөөр, давсагны өвчин ихэсчээ. Тэд станцыг төр мэдэлдээ авч хэвийн ажиллагаанд оруулан цаашид иргэдийг эрүүл мэндээр нь хохироохгүй гэсэн хүлээлттэй байна. 



Мөн эрүүл монгол хүн хэлэлцүүлгээр хөндөгдсөн асуудал нь аймгийн иргэдийн хорт хавдар ихсэж байгаа тухай байв. Жилд 180 орчим иргэн хавдраар өвчилж 135 хүн хорт хавдраар нас барж байгаа гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Иргэдийн дунд хорт хавдрын өвчлөл өндөр байгаа нь хоёр шалтгаантай гэж судлаачид таамаглаж байна. Эхнийх нь мөнх цастай уулаас эх авдаг уснаас ундаалж байгаатай холбоотой. Тус аймгийн Тариалан, Түргэн зэрэг сумын иргэдийн дунд хорт хавдраар өвчлөх нь элбэг байдаг гэнэ. 



Энэ нь Кавказын уулсаас ирж байгаа ус ямар нэгэн цөмийн энергийн химийн хорт бодисоор бохирдсон байж болзошгүй гэж хардаж байгаа аж. Нөгөөтэйгүүр, иргэдийн буруу хооллолттой холбоотой. Учир нь Увс аймгийн иргэд өтгөн аагтай цай болон давс ихтэй хоол хүнс хэрэглэдгээс хорт хавдрын өвчлөл газар авч байгаа гэж судалгаагаар тоогтоожээ. 



Мөн тус аймгийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал муу байдгаас энэ аймгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай авч чадахгүй байгаа гэдгээ аймгийн иргэд хэлж байв. Үүнээс гадна аймгийн иргэдийн дунд элэгний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдэж байгаа гэсэн мэдээллийг салбарынхан хэлж байна. Өмнө нь халдварт шарын өвчлөл газар авч онцгой байдалд шилжиж байжээ. 



Тиймээс өвчний голомт бүрэн арилаагүйгээс болж иргэд элэгний хорт хавдраар өвчлөх нь их байдаг гэлээ. Мөн эхийн эндэгдлээрээ улсдаа дээгүүрт ордог байна. Өнгөрсөн жил гэхэд л эхийн эндэгдэл дөрөв гарснаас гурав нь нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан байна.


Б.Мягмансанж http://niigmiintoli.mn/

1 comment:

  1. unen ug. gazar deer ni ochood iim nariin medeelel hurgesen setguulchig bayarlalaa.

    ReplyDelete