Monday, May 16, 2011

Миний ургуулдаг цэцэгс

 Блог хэсэж яваад өөрийн ургуудлаг цэцэгсийн талаар олж мэдлээ. Сонирхолтой зүйл их байна шүү. Энэ цэцгийн гарал үүслийг хөөн үзвэл Бразилийн ширэнгэн ой, Мексик, Өмнөд Африкаас гаралтай болох нь тогтоогджээ. Энэхүү цэцэгийг унтаахай хатан гэдэгээр нь манай цэцэгчид илүү сайн мэдэх байх. Энэ нэр нь наргүй сүүдэртэй үед навч цэцэгээ хумиад, нартай үед дэлгэрдэгээс үүдэлтэй болов уу гэж бодож байна.Уг цэцэгийн мэргэжлийн хэллэг нь Айргана юм . Англи нэр нь олон янз юм. Oxalis, Shamrock,  Fourleaf Clovers , Wood Sorrels гэх мэт нэрс олдлоо.   



Айрганы навч нь ногоон, улаан, ягаан гэсэн өнгүүдтэй бөгөөд навчнуудын хэлбэр дүрс нь өөр байдаг. Айргана төрөл зүйлээсээ шалтгаалан цагаан, шар, ягаан,улаан өнгийн цэцэгүүдээр гоёдог.          
Ихэнх айрганы навч 3-4 хэсэг болон хуваагдасан байдаг ба зарим нь 9 хүртэл салаатай байдаг.  Айргана ойролццоогоор 800 гаран төрөл байдаг боловч  Irish shamrock (Oxalis acetosella)  ба good-luck plant (Oxalis deppei) гэсэн хоёр төрөл нь илүү их дэлхийд тархжээ.                
Эдгээр хоёр төрөл нь хоёлулаа ногоон навчтайгаас гадна цагаан улаан өнгийн цэцэгстэй байдаг. Айргана цэцэглэсэнээс хойш 5-7 хоног болсны дараа цэцэг хатаж хорчийдог. Цэцэгийг хатаж хорчийсоны дараа уг ишээр нь тасдаж авч хаяарай. Ингэснээр дараагийн шинэ цэцэг гарах нь түргэсдэг.
Гэрэлтүүлэг 
Нар тусгал шууд туссан газарт айргана сайн ургаж цэцэглэдэг. Өмнө, баруун, зүүн зүг рүү харсан цонхон дээр тавих нь тохиромжтой. Өвөл нарны гэрэл сайтай газар тавьсан тохиолдолд үргэлжлэн цэцэглэдэг байна. Хэрвээ нарны гэрэл хангалтгүй нөхцөлд байгаа бол өвлийн улиралд зориулалтын сүүн гэрлээр өдөрт 12 цаг гэрэлтүүлээрэй.
Усалгаа
Хөрсний хувьд дунд зэргийн чийглэгтэй байлгаж, 2 услалтын хооронд хөрсийг бага зэрэг хатааж байгаад услах нь тохиромжтой. Навч шарлаад эхэлбэл ус ихэдсэний шинж тэмдэг. Ус багадвал цэцэг урвайж унжийдагийг анхаараарай. Хэт их усалсанаас үндэс ялзарч цэцэг үхдэг тул болгоомжлоорой.       
Чийгшил
Энэхүү цэцэг нь сэрүүвтэр уур амьсгалд дуртай бөгөөд энэ үедээ цэцэглэдэг. 30 см хүртэл өндөр ургадаг. Шөнийн температур 10-18° өдөртөө 23°дээш байна. Хэрвээ ургамал өндөр болж сунаад, налах маягтай болж байгаа бол гэрэл дутагдсаны шинж мөн өрөөний температур хэт дулаан байна гэсэн үг. Өрөөний дулаан хэт өндөр байвал цэцэгний түр амралтын хугацаа наашлах муу талтайг анхаараарай. Өрөөний чийгшил дунд зэрэг байх нь энэ цэцэгэнд тун тохиромжтой.         
Хөрс ба бордоо
Хөрсний бүтэцийн хувьд 2% хүлэр, хөвдөн хөрс, 1% нь үржил шимтэй хар шороон хөрс 1% нь элс, перлит байх нь зохимжтой. Айрганыг ид ургалтын үед нь бордож өгөх нь зүйтэй. Ид цэцэглэлтийн үед буюу хавар зуны улиралд нь сард нэг удаа шингэн бордоогоор бордох ба үүнээс хойш намар түр амралт хүртэл 2 сард нэг удаа бордох ба түр амралтын үед бордолтыг зогсооно. Шим тэжээл сайтай хүлэр голлосон хөрс энэ цэцэгэнд тохиромжтой. Хөрсийг хэт чийглэг байлгаж болохгүй.
Түр амралт
Намрын сүүл сараас айргана түр амралтын байдалд ордог. Энэ үед навч нь хатаж шарлах шинж тэмдэг илрэнэ. Энэ үед услалт болон бордолтоо зогсоох хэрэгтэй. Үхсэн хатсан навчыг түүж авсаны дараа цэцэгээ сэрүүвтэр,харанхуй газар 2 сар орчим болгоно. Энэ нь тухайн ургамал түр амарч жилийн турш ургах эрч хүчээ олж авдагтай холбоотой. Түр амралт дуусч хөрсөн доороос шинэ навчнууд цухуйж эхэлмэгц усалгаа бордоог хэвийн хэмжээнд хэрэглэж, цонхонд дээр нарны гэрэлд тавьж  болно.
Шилжүүлэн суулгах
Хэрвээ таны цэцэг цэцэглэхгүй байгаа бол түр амралт хэрэгтэй болсон гэсэн үг. /энэ тухай дээр дурьдсан болно/ Түр амралт дууссаны дараа шилжүүлэн суулгалтыг хийж болно. Шилжүүлэн суулгалтын үед булцууг хуваах аргаар энэ цэцэгийг үрслүүлж болдог. Булцууг 2 см гүнд суулгах ба 5 долоо хоногийн дараагаас шинэ навч гарч ирэх ба 8-10 долоо хоногийн дараа цэцэглэж эхлэнэ. Булцууг суулгасны дараа ханатал нь услаарай. 

No comments:

Post a Comment