Tuesday, May 3, 2011

Шарай голын хаад Ганга шувууг илгээв.

Одоо үүнд хүн морь илгээвч удаан явах, хэзээ хүрч ирнэм тэд гурван хааны сахиус тэнгэр Ганга шувуунд хувилж очиж үзэх болов. Цагаан гэрт хааны сахиус өргөн цагаан тэнгэр хувилж толгой өвчүүний цагаан болов. Шар гэрт хааны сахиус Шар өвгөн тэнгэр бэлхүүсэнд хувилж шар болов. хар гэрт хааны сахиус хар өргөн тэнгэр сүүлэнд нь хувилж хар болов. Гурван хааны сахиус тэнгэрийн Ганга шувуунд хувилж явав. Гэсэр хааны таван зуун хүн барьж суух орд цагаан гэрийн тоонон дээр нь үүрийн хяраанаар ирж суув. Элгээр тооныг даран, өвчүүгээр урд дээврийг бүтээв. Баруун зүүн жигүүрээр хоёр этгээдийн дээврийг бүтээв. Үл хөдлөх цагаан гэр шир хийж хөдлөв. Тасрашгүй хив оосры нь хоёр нь үсрэв. Үл гулзах алтан багана нь гулзайв. Рогма гуа цочин босож харайв. Хувцаслаад гэсэр хааны гучин баатраас хоорондоо янаглаж авчирч буулгасан Барс баатартаа хүрч Улан дуудав Эвий Барс баатар минь лам хүн их унтвал аян аваасаа хоцроно гэлээ. Эм хүн их унтвал уйл нь хоцроно гэлээ Мод их хэвтвэл шоргоолж үүрлэнэ гэлээ арван зүгийн эзэн авай богдыг минь арван хоёр толгойт мангас алав уу мангасын хувилгаан шувуу нь Рогма гуаг хатан намайг авъя гэж ирэв үү Цас Чихэр тэргүүнтэй гучин баатрыг алъя гэж ирэв үү Шувуу увуунаас өөр шувуу ирж суув. Би айв Эд бүгдээ тоолж хэлэв. Ай, Барс минь догшин хар нумаа хөвчилж, алтан цагаан сумаа онилж гарч ир Барс баатар догшин хар нумаа хөвчилж алтан цагаан сумаа онилж гарч ирэв шувууг үзээд зүрх алаж догшин хар нумынхаа бариулыг алдаад, цагаан сумныхаа онийг мулталж гэлдэрхийлж харан байв.Рогма гуа уйлан хэлэв Эвий эвий чамаас барс баатар цорол дуудсан хүний биеийг алаад, толгой дээрээ одоо ус цутгуулаасай. Эр хүн болоод шувуунаас зүрх алддаг уу Эхнэр гэмээж харвая би. Нум сумаа над өг, би харвая гэв. Барс баатар Эвий Эм хүнд нум сумаа өгч харвуулав гэвэл арван зүгийн эзэн Гэсэр хаан минь юу гэнэ Амраг Цас Чихэр ах нь, гучин баатар эд бүгд намайг эм барс баатар гэж дуудаж хууль болгох байна гэж хар нумынхаа бариулыг чанд атгаж, сумаа онилж дэлж байна. Рогма гуа Авай минь товчлуурыг алдаж нэг далных нь өдийг тас харвав. Шувуу босон Рогма гурван үе харан эргэв. Рогма гуа ч болов дээш гурван үе харав. Шувуу явав. Барс баатрын харвасан өдийг Барс баатар, Рогма гуа хоёр цуглуулж авав. Өд нь гучин илжигний ачаа болов. Ганга шувуу газартаа хүрэв. Цагаан гэрт хаанд хэлэв Барма хөөрхий хэрээний хэлсэн нь булт үнэн байна. Алиныг тоочих вэ Гэсэрийн гучин баатар, Цас Чихэр ах нь гэгч байна. Гэсэр ирээгүй нь үнэн байна гэв.

Цагаан гэрт хаан хоёр дүүдээ элч илгээв. Үүнд Арван гурван настай хүүхдээс дээш лам банди ч болов бүү суулгая. хэн хүн суувал алах ялтай гэж их зар тавив. Дунд дүү нь Шар гэрт хаан ирэв ай ах минь Арван зүгийн эзэн Гэсэр хаан төрөхдөө хүний арьсаар хучиж төрөв гэлээ. Арван зүгт хувилдаг гэлээ. Гучин баатар нь боловч хэцүү догшин дайсан гэлээ. Түүнд мордохыг байлтай гэв. Чи муу нүдээ тэсрэв гэж суу Нүгэлт өвчинд дайрагдав гэж хэвт их цэргийг чинь би аваачина гэж харааж илгээв. Отгон дүү Шамба Мэруз ирэв ай хайрт хаан ах минь Гэсэр дээр Хурмаст тэнгэрийн хөвгүүн бишүү. Тэнгэрийн аймагт явахдаа дийлсэн амьтан нь олон Доор дэлхийд ирэвч ялгаагүй. Аливаа амьтны сүрийг атган төрсөн байна. Амраг Цас Чихэр ах нь, гучин баатар нь цөм  хувилгаанд байна. Арван зүгийн эзэн Гэсэр хааны өвөр дэх эм Рогма гуаг авч чадах болтугай, гучин баатрын нэгнийг нь чэмийг авч чадах уу бид гэв. Энэ олон цэргээ явуулж энэ хавийн хаадын охидыг тоолж үзүүлье гэв. Нэг ч сайхан охин үгүй гэж үү гэв хэрвээ үгүй болбол сайд, түшмэд, тавнангуудын охидыг сонгоё бид. Нэг сайхан охин байвал авч Рогма гуагийн заслаар засаад нэрийг нь рогма гуа гэж өгье. Түүнийг хэн Рогма гуа биш гэх вэ гэв. Ах нь харав Чихээ дүлийрэв гэж суу чивэль өвчинд дайрагдав гэж хэвт гэв. Энэ мэт олон зүйлээр хараав. Намайг айж байна гэж санаж байна гээд харив. Маргааш нь Цагаан гэрт хаан цэргээ хурааж мордоё гэж байна. Шамба Мэруз алтан хундаганд хорз хийж ирж барив Анхан энэ цэргийн дотор аймтгай нь би биш шүү. Баатар нь харин би байна гэв. Хаан тэнгэрийн хайрт хаадын хөвгүүн гэж тусгаар жаргана билээ би. Хар биеэ муугаар хадрагч Гэсэр хаанд өгье гэж одох болоод байна бид. эрхт тэнгэрийн эрдэмт эздийн үр гэж суудаг билээ бид. Энэ биеэр муугаар энэ Замбутивийн эзэн Гэсэр хаанд эндье гэж одох болоод байна бид. Явавч яьъя энэ хүүхэд, лам нар, банди нар, өвгөд, хятадаа,  аваачъя гэдэг чинь юу вэ дэмий гэсэр хааны Цас Чихэр гучин баатар нь Шарайгол лам нар банди нараа, өвгөд хүүхэд, эм хиадаа авч ирж гэж дайрч ороод маныг Найранзана мөрний эхэнд суусан алаг нугасанд начин шувуу орсон мэт унагаах болно шүү. Олон үхэв гэх нэрээс цөөхөн үхэв гэх нэр дээр биз гэв. Урьд үг чинь буруу билээ. хойд үг чинь зөв байна гэж хаан айлдаад олныг аваачихаа байгаад зөвхөн цэргээ шигшин тоочив. Тоочсон цэрэг нь гучин гурван буман цэрэг болов. Шарайголын гурван хаан цэргээ аван явав.

No comments:

Post a Comment