Wednesday, May 4, 2011

Цас Чихэр байлдахаар шийдвэрлэв.

Эрдэнэт Цас Чихэр нутаг нь хол байв. Чацараганы гол өөд Гурван Тулгатад байсан ажээ. Барс баатрын харвасан өдийг Рогма гуа тэр шөнө дүлээд яваад үүрийн хяраанаар хүрэв. Цас Чихэр эрт босож Чацарганы голд адуугаа усалж байв. Эвий эвий үдийн цагт заларч ирдэггүй Рогма гуа минь үүрийн хяраанаар юунд ирэв Ронса жигүүрт бор морийг минь барь гэв. Жигүүрт бор морийг нь бариад хазарлаж эмээлийг тохож өгөв. Хүрмэ нэрт цул бод илдээ зүүж угтан хатирч очоод эвий, Рогма гуа минь гэж хол газраас дуудаж асуув. Гарт бартсан чинь мод уу, өд үү гэв. Авай минь юуны мод байхав өд байна гэв. Би мэдэв гэв. Ирээгүй гурван үйлийг угтаж мэддэг би. Өнгөрсөн гурван хаан, арван зүгийн эзэн Авай Богын минь үгүйг мэдэж Рогма гуа чамайг минь авч Цагаан гэрт хааны Цагаан эрхт хатнаас төрсөн Алтангэрэлт тайжид авч өгье гэж цэрэг айсуй байна. Гурван хааны сахиус тэнгэр Ганга шувуунд хувилж ирээд үзэж явсан байна чамайг минь гээд шувууны толгой нь цагаан, бэлхүүс нь шар, сүүлийн хар эд бүгдийн учрыг булт тоолж хэлэв. Цас Чихэр Тэр гурван хааны сахиус тэнгэр, ганга шувуунд хувилж ирсэн нь энэ. Тэр өдөр муу хэрээ явна билээ. Өөр юманд саатаж түүнийг алсангүй би. Энэ явдал тэр муу хэрээнийх байж болно гэв. За, арван зүгийн эзэн Гэсэр хаан минь эзгүй боловч амраг Цас нь, гучин баатар, гурван отог улс нь бид үгүй юу Ирэвч яавч, гайгүй иртүгэй Рогма минь бүү ай миний үг нийлдэнэ болов уу үгүй болв уу Цотонд аваачиж үзүүл, энэ өдийг гэв. Барс баатар, рогма гуа хоёул өдийг Цотонд аваачиж үзүүлэв. Цотон ноён үзээд Эвий, эвий Цасын минь үг үнэн байна. Шарайголын гурван хаан бидэнд өшөөгүй билээ.
Рогма гуаг булааж авъя гэж ирж байна. Рогма гуа Хатны голын Агуу аралд очиж нуугд. Улаан зүлгэнд нуугд. Урхтайн шар талд нуугд. Унгийн хар хавцгайд нуугд. Адуу байлгах газар тэмэ байлга. Тамаа байлгах газарт адуу байлга. Хонь байлгах газарт үхэр байлга. Үхэр байлгах газарт хонь байлга. Рогма чиний уньах газар хятад эмийг чиний заслаар засаж унтуул. Чамайг эс олбол биднээс юу авна гэв. Рогма гуа, Барс баатар хоёул Цотонгийн үгийг Цасад очиж айлтгав. Цас эвий, эвий Тэр муугийн үгийг сонс та. Шарайголын гурван хаанаас айж Цас Чихэр ах, гучин баатар бүгдээр гэртээ сууж, рогма хатныг тээрмийн чулууны дор булав гэвэл энэ муу нэрийг хаана багтаах вэ Амьд явснаас үхсэн маань дээр. Зуун анслах биеэ хайрлах мянган галавт үлдэх нэрээ гутаах болбол мал ажээ. Шарайголын гурван хаан бидэнд өшгүй гэж байна. Одоо юунд ирэв гэж эс хэлэв үү та гэв. Барс баатар Ер санаанд эс оров. Шувуунаас зүрх алдсанаар санаа эс олж байна би гэв. Цас хэлэв Дайсан үгүй цагт Барс баатар би гэж биеэ сайрхах. Дайсан хүрч ирэхэд хэт дамий донгосох чинь юу вэ. Цэцэн үгүй цагт цэцэн би гэх Цэцэн хүрч ирэхэд нууж суудаг уу чи Барс ирвэл барилдъя. Өтөг баавгай ирвэл өрлөлцөе. Заан ирвэл заадалцъя. Арслан ирвэл алалцъя. Хүн ирвэл хүчдэлцъе. Хатгагч хар могой болон ирвэл ханигарди болон дэгүүр нь довлоё. Хүрхрэх барс болон ирвэл хөх зэс зовгорт арслан болъё. За За юу билээ Яв. Гучин баатар, гурван отог улс, төвд Тангадын цэргийг ир гэв. Морьтой морьгүй дэд дэдээр ир гэв. Их болзоо Чацарганы гол руу Гэсэр хааны минь гэр дээр Улаан зүлгэний тэнд ир гэж элч илгээв. Цас Чихэр зэр зэвээ аваад өөрийн биеийн цэргээ аван Рогма гуа Барс баатартай хамт явав. Гэсэрийн гэрт хүрээд нанчүг авч ирэв. Гучин баатар тэргүүлэн Төвд Тангадийн цэргийг морьтой, морьгүй дэд дэдээр авч ирэв. Их цэрэг цуглав.

No comments:

Post a Comment