Sunday, October 17, 2010

Нягтлан бодох бүртгэлийн үүсэл хөгжил

Бүртгэлийн үүсэл хөгжил нь ахуй амьдралаас урган гарсан нь илэрхий тул анх ухамсарт сэтгэхүйт хүн үүсэн цагаас үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл ахуй амьдралын элдэв зүйлийг зөвхөн санаж бодох төдийгүй мод, чулуунд хэрчээс , зураас зэргээр тэмдэглэл хийж элдэв дүрс, чулуу зэрэг зүйлсээр агнасан ан амьтад, жимс жимэсгэнэ, багаж зэвсэг зэрэг ахуй амьдралын зүйлээ хэмжиж тооцоолж иржээ. Энэхүү үйл ажиллагаа нь өнөөгийн нягтлан бодох бүртгэл үүсж бий болохын үндэс суурь нь болсон түүхтэй.


Цаашид нийгэм, үйлдвэрлэл техник технологийн хөгжилтэй зэрэгцэн бүртгэл ч хувьсан өөрчлөгдөж улам боловсронгуй болж ирсэн. Мөн хүн төрлөхтөний худалдаа арилжаа наймааны хөгжилтэй уялдан мөнгө хэмээгч төлбөрийн хэрэгсэл бий болсон нь нягтлан бодох бүртгэлийн хөгжилд томоохон түлхэц болсон.
1494 онд Италийн Венец хотод Лука Пачола гэдэг хүн "Бүх арифметик, геометрийн пропорц ба харьцааны тухай цогц сургааль" хэмээх ном бичсэн бөгөөд уг номонд "Данс бичилтийн тухай шастир" гэсэн тусгай бүлэг оруулжээ. Энэхүү бүлэгт дундад зууны үеийн худалдаачдын худалдаа ба зээлийн үйл ажиллагааг данс ба давхар бичилтийн аргаар хэрхэн хөтөлдөг тухай нэгтгэн дүгнэж үлдээсэн байна. Ийнхүү тэр үед дансны системд давхар бичилтийн аргыг хэрэглэж бүртгэл хөтлөхийг Нягтлан бодох бүртгэл гэж нэрлэх болжээ. Ийнхүү Лука Пачолагийн тодорхойлсон бүртгэлийн хэлбэрийг дэлхий дахинд "Италийн давхар бичилтийн хэлбэр" гэж нэрлэж энэхүү арга хэлбэрээр Итали, АНУ, Франц, Герман, Орос зэрэг улсуудад нэвтэрч арга хэлбэр нь боловсронгуй болон хөгжсөөр иржээ.
Нягтлан бодох бүртгэл монгол улсад: Хувьсгалаас өмнөх феодалын ёст Монгол оронд бараа таваарын солилцоо, албан татвар, улсын орлого, зарлагын мөнгөн гүйлгээнд өртгийн түгээмэл хэмжүүр байгаагүй, ард түмний дийлэнх нь бичиг үсэггүй, эдийн засгийн үндсэн салбар нь дан ганц хувийн тархай бутархай нүүдлийн мал аж ахуй зонхилж байсан зэрэг нь аж ахуйн салбаруудыг хамарсан системт бүртгэл хөтлөх боломжийг хязгаарлаж байлаа. Иймд тухай үед гар тэмдэглэл төдий бүртгэлтэй байлаа. Харин 1921 оны хувьсгалын дараа Сангийн яам, ЗХУ-ын мэргэжилтний туслалцаатайгаар 1923-1924 оноос Европын давхар бичилтийн бүртгэлийг нэвтрүүлэх арга хэмжээг авч явуулсан.
Ийнхүү нягтлан бодох бүртгэлийн улс оронд шинээр нэвтрүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчин нэн тэргүүнд шаардлагатай байсан тул 1924 оны 6 сард Сангийн яамны дэргэд "Гаалийн түр сургууль" байгуулагдсан ба дараа нь "Нягтлан бодох бүртгэлийн түр сургууль" болон өөрчлөгдсөн.
Монгол улс нь:
1926-1961 онд нягтлан бодох бүртгэлийн меморал-ордерийн систем
1961-1991 онд журнал ордерийн систем
1991-1993 онд товчоололо хэлбэрийн нягтлан бодох бүртгэлийг тус тус хэрэглэж байсан бөгөөд 1993 оноос хойш олон улсын стандарт бүртгэлийн хэлбэрээр нягтлан бодох бүртгэлийг хөтлөх болсон.

No comments:

Post a Comment