Sunday, October 17, 2010

Аудитын олон улсын стандарт 210

(2006 оны 12 сарын 15 ба түүнээс хойшхи хугацааны санхүүгийн тайланд аудит хийхдээ мөрдөнө. Хавсралт 2-т ирээдүйн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх Стандартад оруулсан нэмэлт өөрчлөлтийг агуулсан болно) Аудитын Олон Улсын Стандарт (АОУС) 210 ”Аудитын ажлын нөхцлүүд”-ийг уншихдаа АОУС-ын хэрэглээ ба эрх мэдлийг тодорхойлдог ”Чанарын хяналт, аудит, хяналт шалгалт, бусад баталгаажуулалт ба холбогдох үйлчилгээний өмнөх үг”-ийн агуулгатай уялдуулах ёстой.
Оршил
1.    Энэхүү Аудитын Олон Улсын Стандарт (АОУС)-ын зорилт дараах зүйлст стандарт тогтоох ба удирдлагаар хангахад оршино.
(a) Ажлын нөхцлийг үйлчлүүлэгчтэйгээ тохиролцох;
(б)    Баталгаажуулалтын түвшинг илүү бага хэмжээнд хангахуйц байдлаар ажлын нөхцлийг өөрчлөхийг хүссэн үйлчлүүлэгчид өгөх аудиторын хариу.
2.      Аудитор ба үйлчлүүлэгч ажлын нөхцлийг харилцан тохиролцоно.  Ажлын тохиролцсон нөхцлүүд нь аудитын  ажлын захидал, эсвэл тохиромжтой бусад гэрээний хэлбэрээр бичигдсэн байх хэрэгтэй.
3.      Энэхүү АОУС нь санхүүгийн тайлангийн аудиттай холбогдуулан ажлын захидал бичихэд нь аудиторт туслах зорилготой. Уг удирдамж нь бусад холбогдох үйлчилгээнүүдэд бас хэрэглэгдэнэ. Татвар, нягтлан бодох бүртгэл буюу удирдлагад зөвлөгөө өгөх зэрэг бусад үйлчилгээг үзүүлэхдээ тусад нь захидал бичвэл тохиромжтой байж болно.
4.      Зарим улс оронд аудитын зорилт, хамрах хүрээ, аудиторын үүрэг хариуцлагыг хуулиар тогтоосон байдаг. Ийм тохиолдолд ч аудитын ажлын захидал нь үйлчлүүлэгчид мэдээлэл хүргэх давуу талтай гэж аудитор үзсэн хэвээр байж  болно.

Аудитын ажлын захидал

5.    Аудитор аудитын ажлын захидлыг болж өгвөл аудитын ажил эхлэхээс өмнө  илгээх нь  ажлын талаар буруу ойлголцохоос зайлсхийхэд тустай бөгөөд үйлчлүүлэгч ба аудиторын аль алины эрх ашигт нийцнэ.  Ажлын захидал нь аудитор томилгоог зөвшөөрч байгааг болон аудитын зорилт ба хамрах хүрээ, үйлчлүүлэгчийн өмнө аудиторын хүлээх үүрэг хариуцлагын цар хэмжээ, аливаа тайлангийн хэлбэр зэргийг батлан мэдэгддэг ба баримтжуулдаг.

Үндсэн агуулга

6.    Аудитын ажлын захидлын хэлбэр ба агуулга нь үйлчлүүлэгч бүрт харилцан адилгүй байх боловч ерөнхийдөө дараах зүйлсийг хамарсан байна:
•    Санхүүгийн тайлангийн аудитын зорилт.
•    Санхүүгийн тайлангийн талаар удирдлагын хүлээх үүрэг хариуцлага.
•    Аудитын хамрах хүрээ, түүний дотор дагаж мөрддөг хууль тогтоомж, аудиторын өөрийнх нь харъяалагддаг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан баримт бичгийн тунхаглалуудыг иш татах.
•    Ажлын үр дүнг толилуулах тайлангийн маягт буюу бусад харилцааны хэлбэр.
•    Сорилын мөн чанар болон аудитын бусад уламжлалт хязгаарлалтууд, түүнчлэн аливаа нягтлан бодох бүртгэлийн болон дотоод хяналтын тогтолцооны уламжлалт хязгаарлалтуудын улмаас зарим материаллаг буруу илэрхийлэл илрэлгүй үлдэж болох зайлсхийх боломжгүй эрсдэл үнэн хэрэгтээ байдаг явдал.
•    Аудиттай холбогдуулан хүссэн аливаа бүртгэл, тэмдэглэл, баримт бичиг ба бусад мэдээллийг саадгүй авах боломж
•    Үр ашигтай дотоод хяналтыг бий болгож, хадгалахад удирдлагын зүгээс хүлээх хариуцлага 
7.     Аудитор захидалдаа мөн дараах зүйлсийг дурдахыг хүсэж болох юм:
•    Аудитыг төлөвлөх, гүйцэтгэхтэй холбоотой зохион байгуулалтын асуудлууд
•    Аудиттай холбогдуулан хийсэн танилцуулгынх нь талаар удирдлагаас бичгэн баталгаа  хүлээн авахаар найдаж буй тухай.
•    Ажлын захидлыг хүлээж авснаа мэдэгдэх замаар ажлын нөхцлүүдийг зөвшөөрч байгаагаа батлан мэдэгдэхийг үйлчлүүлэгчээс хүсэх тухай.
•    Үйлчлүүлэгчдээ гаргаж өгнө гэж аудитор найдаж буй бусад захидал болон тайланг тодорхойлсон тайлбар.
•    Үйлчилгээний хөлсийг тооцох үндэслэл болон нэхэмжлэх арга хэлбэр.
8.     Учир  холбогдолтой гэж үзвэл дараах асуудлуудыг бас оруулж болно:
•    Аудитын зарим хэсэгт өөр аудитор болон шинжээчийг татан оролцуулах талаархи зохион байгуулалтын асуудлууд.
•    Дотоодын аудитор болон үйлчлүүлэгчийн бусад ажилтныг аудитад татан оролцуулах зохион байгуулалтын асуудлууд.
•    Тухайн байгууллагад анхны удаа аудит хийж байгаа тохиолдолд өмнөх аудитортай ажиллах зохион байгуулалтын асуудал.
•    Ийм магадлал байгаа үед аудиторын хүлээх хариуцлагад тавих аливаа хязгаарлалтууд
•    Аудитор болон үйлчлүүлэгч хоорондын цаашид тохиролцох зүйлсийг дурьдах
Аудитын ажлын захидлын жишээг Хавсралтад үзүүлэв.

Бүрэлдэхүүн хэсгүүдэд хийх аудит

9.    Толгой компанийн аудитор түүний охин компани, салбар буюу газар хэлтсүүдэд (бүрэлдэхүүн хэсгүүдэд)  бас аудит хийх бол тухайн бүрэлдэхүүн хэсэгт тусад нь аудитын ажлын захидал илгээх эсэхийг шийдэхэд  дараах хүчин зүйлсүүд нөлөөлнө:
•    Тухайн бүрэлдэхүүн хэсгийн аудиторыг хэн томилдог.
•    Тухайн бүрэлдэхүүн хэсэгт аудитын тайланг тусад нь гаргаж өгөх шаардлагатай эсэх.
•    Хууль эрхийн шаардлагууд.
•    Бусад аудиторын гүйцэтгэсэн ажлын хэмжээ.
•    Толгой компаний  эзэмшлийн хувь хэмжээ.
•    Бүрэлдэхүүн хэсгийн удирдлагын хараат бус байдлын түвшин

Давтагдаж буй аудит

10.    Давтагдаж буй аудитын үед аудитор тухайн үеийн нөхцөл байдлын улмаас аудитын ажлын нөхцлүүдийг шинэчлэх шаардлагатай эсэх, гэрээт ажлын одоогийн нөхцлүүдийг үйлчлүүлэгчдээ  дахин сануулах хэрэгтэй эсэхийг авч үзнэ.

11.    Аудитын ажлын захидлыг аудит хийх бүрт шинээр явуулахгүй байхаар аудитор шийдэж болно. Гэвч дараах хүчин зүйлсийн улмаас шинээр  захидал явуулах нь тохиромжтой байж болно:
•    Аудитын зорилт ба хамрах хүрээг үйлчлүүлэгч ташаа ойлгосон ямарваа шинж тэмдэг байвал.
•    Ажлын нөхцлүүдэд өөрчлөлт орсон, эсвэл тусгай нөхцөл байгаа.
•    Ахлах  удирдлага,  захирлуудын зөвлөл эсвэл өмчлөлд саяхан өөрчлөлт орсон.
•    Үйлчлүүлэгчийн бизнесийн шинж чанар эсвэл хэмжээ мэдэгдэхүйц өөрчлөгдсөн.
•    Хууль эрхийн шаардлагууд.

Ажлыг өөрчлөхийг зөвшөөрөх

12.    Арай бага түвшний баталгаа гаргах ажил болгон өөрчлөх хүсэлтийг аудитын ажил дуусахаас өмнө хүлээн авсан аудитор ингэх нь тохиромжтой эсэхийг авч үзнэ.

13.    Үйлчилгээ авах хэрэгцээнд нөлөөлсөн нөхцөл байдал өөрчлөгдсөн, анх хүссэн аудитын буюу холбогдох үйлчилгээний шинж чанарын талаар ташаа ойлголттой байсан эсвэл аудитын ажлын хамрах хүрээг удирдлагын зүгээс буюу эсвэл нөхцөл байдлын улмаас хязгаарласнаас болж үйлчлүүлэгч ажлаа өөрчлөхийг аудитораас хүссэн байж болно. Аудитор дээрх хүсэлтийн шалтгаан, ялангуяа хязгаарлалтууд нь ажлын хамрах хүрээнд ямар үр дагавар авчирахыг анхааралтай авч үзэх хэрэгтэй.

14.    Байгууллагын шаардлагад нөлөөлдөг нөхцөл байдлын өөрчлөлт буюу анх хүссэн үйлчилгээний шинж чанарын талаархи ташаа ойлголтыг гол төлөв ажилд өөрчлөлт оруулах хүсэлт тавих үндэслэлтэй шалтгаан гэж үзнэ. Үүний эсрэгээр, хэрэв өөрчлөлт нь буруу, бүрэн бус, бусад байдлаар шаардлага хангаагүй мэдээлэлтэй холбоотой байвал өөрчлөлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй.

15.    АОУС-ын дагуу аудит хийхээр тохирсон байсан аудитор аудитын ажлыг холбогдох үйлчилгээ болгон өөрчлөхийг зөвшөөрөхийн өмнө дээрх асуудлуудын зэрэгцээ уг өөрчлөлтийн хууль эрхийн буюу гэрээний аливаа үр дагаврыг авч үзнэ.

16.    Хэрэв аудитор гэрээт ажлыг өөрчлөх үндэслэлтэй шалтгаан байгаа бөгөөд гүйцэтгэсэн аудитын ажил нь өөрчлөгдсөн ажилд хамаарах АОУС-д нийцсэн гэж дүгнэвэл, ажлын шинэчилсэн нөхцлүүдэд тохиромжтой тайланг гаргана. Уншигчийг будлиулахгүйн тулд тайланд дараах зүйлсийн талаар дурьдахгүй:
(a)       Анхдагч  аудитын ажил; буюу
(б)     Анхдагч аудитын ажилд гүйцэтгэгдсэн байж болох аливаа горимуудыг, гэхдээ ажлыг зөвшилцсөн горим гүйцэтгэх ажил болгож өөрчилсөн ба иймд гүйцэтгэсэн горимуудыг дурьдах нь тайлангийн ердийн хэсэг болдог тохиолдол энд хамаарахгүй.

17.    Аудитын ажлын нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд аудитор ба үйлчлүүлэгч шинэ нөхцлүүдийг тохирно.

18.    Үндэслэлтэй шалтгаан байхгүй бол аудитор аудитын ажлыг өөрчлөхийг зөвшөөрөх ёсгүй. Нэг жишээ дурьдахад аудитор авлагын талаар хангалттай, зохистой аудитын нотлох зүйл цуглуулах боломжгүй аудитын үед аудитын хазгаарлалттай санал дүгнэлт эсвэл санал дүгнэлт өгөхөөс татгалзах тохиолдол илрэх явдлаас зайлсхийхийн тулд үйлчлүүлэгч ажлыг давтан шалгах ажил болгож өөрчлөхийг хүсэх явдал байж болно.

19.    Хэрэв ажлыг өөрчлөхийг зөвшөөрөх боломж аудиторт байхгүй ба анхдагч ажлаа үргэлжлүүлэхийг түүнд зөвшөөрөхгүй байвал аудитор ажлаа орхих ёстой бөгөөд захирлуудын зөвлөл буюу хувьцаа эзэмшигчид зэрэг бусад талуудад ийнхүү  орхих зайлшгүй шаардлага бий болгосон нөхцөл байдлын талаар тайлагнах гэрээгээр буюу бусад байдлаар хүлээсэн ямар нэг хариуцлагатай эсэхээ харгалзана.

Улсын хэвшилд холбогдох журам

1.    Аудитын ажлын захидлын зорилго нь аудит хийгдэж байгаа байгууллагад уг ажлын мөн чанарыг танилцуулах, оролцогч талуудын үүрэг хариуцлагыг тодруулахад оршино. Улсын хэвшлийн аудитын ажиллагааг зохицуулдаг хууль тогтоомжоор улсын хэвшлийн аудиторыг ихэвчлэн томилдог бөгөөд аудитын ажлын захидал хэрэглэх нь түгээмэл практик биш байж болзошгүй. Гэсэн хэдий ч аудитын ажлын мөн чанарыг тодорхойлсон, эсвэл хуулиар тодорхойлоогүй ажлыг хүлээн зөвшөөрснийг тусгасан захидал аль аль талд тустай байж болно. Улсын хэвшлийн аудитор аудит хийхдээ аудитын ажлын захидал илгээх асуудлыг ул суурьтай авч үзэх хэрэгтэй.

2.     Энэхүү АОУС-ын 12-19-р зүйлд аудитын ажлыг арай доогуур түвшний баталгаажуулалт гаргах ажил болгон өөрчлөх оролдлого гарсан үед хувийн хэвшлийн аудиторуудын авч болох арга хэмжээг тодорхойлсон. Улсын хэвшлийн хувьд аудитын бүрэн эрхийг зохицуулдаг хууль дүрэмд тусгайлсан шаардлагууд байж болно; жишээлбэл удирдлага (хэлтсийн дарга орно)-аас аудитын хамрах хүрээг хязгаарлахыг оролдсон тохиолдолд аудиторыг сайд, хууль тогтоох байгууллага болон олон нийтэд шууд тайлагнахыг шаарддаг байж болно.


Хавсралт
Аудитын ажлын захидлын жишээ

Дараах захидлыг энэхүү АОУС-д заасан авч үзэх асуудлуудтай холбогдуулан чиглэл болгон хэрэглэхэд зориулсан ба үүнийг тухайн шаардлага ба нөхцөл байдалд тохируулан өөрчлөн хэрэглэх хэрэгтэй.

Захирлуудын зөвлөлд, эсвэл ахлах удирдлагын зохих төлөөлөгчдөд:

Та бүхэн ........................................... компанийн ............................ өдрөөрх Баланс ба уг өдрөөр дуусгавар болсон жилийн Орлогын тайлан болон Мөнгөн гүйлгээний тайланд аудит хийхийг биднээс хүссэн билээ. Бид энэ захидлаараа танай хүсэлтийг хүлээн авснаа болон энэхүү ажлын талаар өөрсдийн ойлголтыг баталгаажуулж байгаадаа  таатай байна. Бид аудитыг санхүүгийн тайлангийн талаар санал дүгнэлт илэрхийлэх зорилттой хийх болно.

Бид аудитаа Аудитын Олон Улсын Стандарт (эсвэл холбогдох үндэсний стандарт, практик)-ын дагуу хийх болно. Эдгээр стандартууд нь санхүүгийн тайлангууд материаллаг буруу илэрхийллээс ангид эсэх талаар үндэслэлтэй баталгаа олж авахын тулд аудитыг төлөвлөх ба гүйцэтгэхийг биднээс шаарддаг. Аудитад санхүүгийн тайлан дахь тоон дүнгүүд болон нэмэлт тодруулгыг дэмжин нотлох зүйлүүдийг сорилын үндсэн дээр шалгах явдал багтдаг. Аудит нь мөн удирдлагын хэрэглэж буй нягтлан бодох бүртгэлийн зарчмууд, хийсэн чухал тооцооллуудыг үнэлэх, түүнчлэн санхүүгийн тайлангийн нийт толилуулгад үнэлэлт өгөх явдлыг хамардаг.

Сорилын мөн чанар болон аудитын бусад уламжлалт хязгаарлалтууд, түүнчлэн аливаа нягтлан бодох бүртгэлийн болон дотоод хяналтын тогтолцооны уламжлалт хязгаарлалтуудын улмаас зарим материаллаг буруу илэрхийлэл илрэхгүй үлдэж болох зайлсхийх боломжгүй эрсдэл аудитад байдаг.

Санхүүгийн тайлангийн талаарх бидний тайлангаас гадна нягтлан бодох бүртгэлийн болон дотоод хяналтын тогтолцоонд оршин буй, бидэнд ажиглагдсан аливаа материаллаг сул талуудыг та бүхэнд бид захидлаар тусад нь илгээнэ гэж бодож байна.

Зохих нэмэлт тодруулга бүхий санхүүгийн тайлан бэлтгэх нь компанийн удирдлагын   үүрэг хариуцлага гэдгийг танд сануулъя. Зохих нягтлан бодох бүртгэл болон дотоод хяналтыг хэрэгжүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг сонгох ба хэрэглэх, компанийн хөрөнгийг найдвартай хадгалж хамгаалах нь үүнд багтана. Аудиттай холбогдуулан танилцуулсан мэдээллээ бичгээр баталж өгөхийг бид хийх аудитын үйл явцын нэг хэсэг гэж үзэж   удирдлагаас хүсэж байна.

Бид танай ажилтнуудтай хамтран ажиллах чин хүсэлтэй байгаа бөгөөд аудиттай холбоотой бидний хүссэн аливаа бүртгэл, тэмдэглэл, баримт бичиг болон бусад мэдээллээр тэд саадгүй хангана гэдэгт бид итгэлтэй байна. Ажлын ахицын дагуу бидний нэхэмжлэх үйлчилгээний хөлс нь ажилд томилогдсон хүн тус бүрт шаардагдах цагт үндэслэсэн бөгөөд дээр нь халаасны зардлыг нэмж тооцно. Хүн тус бүрийн цагийн хөлс тухайн хүний хүлээх үүрэг хариуцлагын хэмжээ, шаардагдах туршлага, ур чадвараас хамаарна.

Энэ захидлыг цуцлаагүй, өөрчлөөгүй, эсвэл өөр захидлаар солиогүй тохиолдолд дараа дараачийн жилүүдэд хүчин төгөлдөр байх болно.

Энэ захидал санхүүгийн тайланд бидний хийх аудитын тохиролцооны талаархи таны ойлголттой нийцэж буйн илэрхийлэл болгон энэ захидлын хавсралт хувь дээр  гарын үсэг зурж бидэнд буцаан ирүүлнэ үү.

XYZ компани
ABC компанийг төлөөлж хүлээн зөвшөөрсөн

(Гарын үсэг)
Овог нэр, албан тушаал
Огноо

No comments:

Post a Comment