Sunday, October 17, 2010

Маркетингийн төлөвлөгөөгөө хийх

Таны маркетингийн төлөвлөгөө товч, тодорхой, сайн бодож боловсруулсан бичиг баримт байх ёстой бөгөөд таныг маркетингийн хөтөлбөрөөр удирдан чиглүүлнэ. Энэ төлөвлөгөө нь танай маркетингийн зорилт, тэр зорилтод хэрхэн хүрэхэд анхаарах ёстой. Танай компани бүтээгдхүүн, үйлчилгээний алиныг нь ч хангадаг байсан, таны амжилтад маркетингийн төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.


Амжилттай маркетингийн төлөвлөгөө бүтээх зургаан гол элементийг доор жагсаав. Танд хэсэг бүрт нэг юм уу хоёр өгүүлбэр л хэрэгтэй байж болно... эсвэл та хэсэг бүрийг цөөн хэдэн тодорхой заалтуудад задлан хуваахыг хүсч болно.

1. Зорилго
2. Таны зорилтот худалдан авагч
3. Таны бүтээгдхүүн, үйлчилгээний ашиг тус
4. Байр сууриа тодорхойлох
5. Таны маркетингийн тактик
6. Таны маркетингийн төсөв

Хэсэг бүрийг хийхдээ та дараах зөвлөмжүүдийг санаж байх хэрэгтэй:

Маркетингийн төлөвлөгөөгөө энгийн байлга.

Олон жижиг бизнесийн эзэд хэт дэлгэрэнгүй төлөвлөгөө хийснээс болж зорилгоо мэдэхээ больдог. Төлөвлөгөөгөө энгийн байлгаснаар та хүрэх хэрэгтэй зүйлдээ төвлөрөх тодорхой ажлын дарааллыг бий болгоно.

Маркетингийн төлөвлөгөөгөө бичиж эхэл (энэ тухай бодож, толгойдоо байлгаж байснаас бичиж эхэлсэн нь дээр).

Таны юунд хүрэх гээд байгааг сануулж байдаг бичиг баримттай байх нь чухал.

Шууд, тодорхой бай.

Хэрэв та итгэлгүй байгаа бол, найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад, эсвэл ажилтнуудаасаа өөрийн төлөвлөгөөг уншихыг хүс. Тэд таны зорилгыг тэр даруй олж мэдэх ёстой.

Хэт их уян хатан байх хэрэггүй.

Та зах зээлийн янз бүрийн болзошгүй нөхцөл байдалд зориулан төлөвлөмөөр байж болно. Хэрэв таны зах зээл хурдан өөрчлөгддөг бол та үүнийг төлөвлөгөөндөө оруулах ёстой. Гэхдээ баримталж байх стратегийг бүтээ - нэгдүгээрт төлөвлөгөөтэй байхын зорилго нь энэ юм.

Маркетингийн төлөвлөгөөгөө үргэлж - тухайлбал улирал бүр, сар бүр хянан үзэж бай.

Энэ нь та сар бүр төлөвлөгөөгөө засаж өөрчил гэсэн үг биш. Гэхдээ үүнийг үнэлж, чиг шугамандаа байгаа эсэхээ шалгахад цаг зарцуулах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд....маркетингийн үйл ажиллагаагаа хэзээ ч бүү зогсоо!

Таны төлөвлөгөө бэлэн болонгуут, та үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй. Маркетингийн хөтөлбөртөө өөрийгөө дайчил. Өөрийгөө зогсонги байдалд бүү оруул. Үүнийг дагаж мөрдсөнөөр та бизнестээ цэцэглэн хөгжих боломж өгөх болно.

Зорилго
Аливаа маркетингийн төлөвлөгөөний ерөнхий зорилго нь танай бизнесийн ашгийг аль болох их болгоход оршдог. Гэхдээ энэ нь танай бизнесийн хувьд яг юу гэсэн үг вэ? Түүнийгээ энд илэрхийл. Хэрэв та хүүхдийн хувцасны загвар зохион бүтээгч бол, таны зорилго "Хүүхдийн хувцсыг хамгийн бага үнээр хамгийн олон тоогоор борлуулах"-ад чиглэж болно. Хэрэв та интернет ашиглахад компаниудад тусалдаг бие даасан компьютерийн зөвлөх бол, таны зорилго "Аль болох бага үнээр хамгийн олон тооны үйлчлүүлэгч олж авах замаар цагаа бүрэн захиалганд оруулах." байж болно.

Та энэ хэсгийг бичихдээ бодох зарим зүйл:

* Таны маркетингийн төлөвлөгөөний зорилго танд илэрхий мэт санагдаж болно. Гэхдээ үүнийг өмнөө тавиад бичгээр илэрхийлснээр та өөрийн зорилтдоо анхаарлаа төвлөрүүлсээр байх болно.

* Олон бизнес өөрсдийнхөө маркетингийн төлөвлөгөөг улам их танигдах, хэвлэл мэдээлэлд гарах, мундаг зар сурталчилгаа бичих, гэх мэт зүйлийн тухай зүйл гэж боддог. Эдгээр нь зорилго биш, тактик юм. Эдгээрийн эцсийн үр дүн таны ашгийг өсгөх зорилготой.

* Хэрэв та "таны маркетингийн төлөвлөгөөний зорилго юу вэ" гэсэн асуултад хариулахад хэцүү байвал "та яагаад маркетинг явуулж байгаа юм бэ?" гэж бодож болох юм. Эдгээр асуултын хариу нь ижилхэн байх ёстой.

Таны зорилтот худалдан авагч нар
Зорилтот худалдан авагч нартаа хүрэхийн тулд, та тэдний хэн болохыг мэдэх ёстой. Нийтлэг таньж болох шинж чанарыг хай. Тэд компаниуд уу эсвэл хувь хүмүүс үү? Тэд тодорхой нас, газар зүй, орлогын хүн ам зүйн бүлэгт багтдаг уу? Тэд таны бүтээгдхүүн, үйлчилгээний төрлийг хэрхэн худалдан авдаг вэ? Тэд эдгээрийг хэр олон удаа авдаг вэ? Тэд ямар онцгой шинжийг хайдаг вэ?

Ерөнхий нэр томъёо бүү хэрэглэ - "нялх хүүхэддээ хувцас худалдан авахыг хүссэн хүмүүс" гэхийн оронд "шинэ төрсөн хүүхдэд онцгой гадуур хувцас хайж байгаа өвөө, эмээ нар болон бусад бэлэг өгөгчид." гэх маягийн үг хэрэглэ

Өөрийгөө хэтэрхий бүрхэг ойлгуулахаас болгоомжил. Хүн бүр таны зорилтот худалдан авагч биш. Хүн бүрт бүтээгдхүүн үйлчилгээгээ бүү борлуул - зах зээлээ бүлэг болгон хуваа. Хэрэв та тодорхой нэг бүс нутагт гэрийн халаагуурын тос зардаг бол, та тухайн бүс нутгийн айл бүрт маркетингийн үйл ажиллагаагаа чиглүүлж болно. Гэвч энэ нь цаг мөнгөө үр ашигтай хэрэглэж байгаа хэрэг мөн үү? Мэдээж үгүй. Та төвлөрөх зүйлээ улам нарийсгахыг хүснэ. Таны зорилтот худалдан авагч нар гэрийн халаагуурын тосны одоогийн хэрэглэгч нар уу эсвэл хийн халаагуур хэрэглэдэг боловч тосон халаагуур хэрэглэх талаар бодож байгаа хүмүүс үү? Эсвэл та дөнгөж байшин худалдаж аваад, хэнээс тос худалдан авахаа хараахан шийдээгүй байгаа хүмүүсийг хайж байна уу? Та орон сууцны хорооллын худалдан авагч нарт бүтээгдхүүнээ зарж байна уу эсвэл орон нутгийн бизнесүүдэд зарж байна уу?

Судлах бусад зарим зүйл:

* Таны зорилтот зах зээл борлуулалтын зорилтуудыг тань дэмжихээр том эсэхийг шалга.

* Таны зорилтот зах зээл хэн бэ гэдгийг бүү таа. Боломжтой бол судалгаагаар тоо хэмжээг тодорхойл. Мэргэжлийн холбоо нийгэмлэг рүү утасд; судалгааны номын сан руу очиж зах зээлийн мэдээ хай; хүн амын тооллогын дүнгээс хүн ам зүйн мэдээг ашигла; г.м.

* Таны бүтээгдхүүн буюу үйлчилгээг худалдан авагч нь хэрэглэгч байх албагүй.

* Хэрэв бизнес хооронд борлуулалт хийдэг бол, таны бүтээгдхүүн буюу үйлчилгээг компани биш хүн худалдан авдгийг санаж байх хэрэгтэй.


Таны бүтээгдхүүн үйлчилгээний ашиг тус
Та бүтээгдхүүн сурталчилдаггүй. Та үйлчилгээ сурталчилдаггүй. Та ашиг тусыг сурталчилдаг. Тэдгээрийг энд тодорхойлж бич. Таныг өрсөлдөгчдөөс тань ялгаруулах танай бүтээгдхүүн, үйлчилгээний онцгой шинжийн талаар бод. Үүнийг мөн Борлуулалтын онцгой санал гэдэг. Энэ нь танай бүтээгдхүүний загвар хийц, зах зээлийн талаархи таны мэдлэг, шинэ технологи, тусгай үйлчилгээ, онцгой авъяас, эсвэл өөр ямар нэгэн зүйл байж болно. Жишээ нь, Сони телевизийн борлуулалтын онцгой санал нь Тринитрон хоолойн супер дүрс байсан юм. Бургер Кингийн борлуулалтын онцгой санал нь гал дээр шардаг бургер байлаа.

Өөрийн борлуулалтын онцгой саналыг боловсруулж байхдаа эдгээр заалтын талаар эргэцүүлж бодоорой:

* Та давуу талынхаа зэрэгцээ сул талаа харгалзан үзэхийг хүсч болно. Таны давуу болон сул тал юу болохыг мэдэнгүүтээ давуу талаа аль болох ихэсгэж, сул талаа аль болох багасгахын тулд маркетингийг хэрэглэж болно.

* Мөн өрсөлдөгчдийнхөө давуу, сул талыг харгалзан үз - тэгснээр та тэдний давуу талыг аль болох бага болгож, сул талыг нь ашиглаж чадна.

Байр сууриа тодорхойлох
Байр суурь гэдэг нь зах зээл дээрхи таны таних нэр юм; та бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ зах зээл болон өрсөлдөгч нартаа хэрхэн харуулахыг хүсч байна. Байр сууриа тодорхойлох нь таны маркетингийн хэсэг бүрт нөлөөлнө.

Байр сууриа санал болгож буй ашиг тус, худалдан авагчдын хэн болох, өрсөлдөгчид хэрхэн байр сууриа тодорхойлсон зэрэг дээр үндэслэн тодорхойл. Байр сууриа тодорхойлох мэдэгдлээ сайн төвлөрсөн, товч байлга. Жишээ нь, Acme Movers компани байр сууриа "Три Сити дүүрэг дэх хамгийн найдвартай нүүлгэх компани." гэж тодорхойлж болно. Гал тогооны өрөөгөөр мэргэжсэн хоёр архитектор тэс өөр байр суурьтай байж болно - нэг нь "хамгийн их шинэчлэгч, орчин үеийн гал тогооны өрөөний орчныг бүрдүүлдэг зохион бүтээгч," гэж байхад нөгөө нь "зардлын хувьд хамгийн үр ашигтай, уламжлалт гал тогооны өрөөний зохион бүтээгч." Хэний гал тогооны өрөөг Хотын байр сэтгүүлээс үзнэ гэж та бодож байна? Мөн хэний гал тогооны өрөө нь дундаж худалдан авагчид чиглэсэн байна гэж та бодож байна?

Байр сууриа тодорхойлох зарим зөвлөмж:

* Байр сууриа тодорхойлох мэдэгдлээ боловсруулахдаа, туйлын онцгой гэдэг талаас нь бод - "хамгийн их," "хамгийн сайн," "хамгийн хурдан шуурхай," "хамгийн хямд,""цорын ганц," г.м.

* Хэрэв та болон таны өрсөлдөгчдийн хооронд нэг их ялгаа байхгүй бол, одоогоор хангагдаагүй худалдан авагчийн ач холбогдол бүхий хүсэлт буюу хэрэгцээг эрж хай.

* Болж өгвөл шууд өрсөлдөгчийн эсрэг байр сууриа бүү тодорхойлDon. Хэрэв та ингэвэл байр суурьгүй мэт харагдаж, таны худалдан авагч анхаарлаа өөр тийш хандуулна. Үүний оронд бүтээгдхүүн буюу бүтээгдхүүнийхээ давуу тал дээр төвлөр.

* Та дан үнэ дээр байр сууриа тодорхойлохдоо маш болгоомжтой бай. Учир нь ийм байр суурийг маш амархан түрүүлж авч болдог.

* Зөвхөн имиж дээр байр сууриа бүү тодорхойл. Та байр сууриа агуулгаар дэмжих хэрэгтэй. Хэрэв та ингэж чадахгүй бол, энэ нь сүйрлийн жор болно гэсэн үг.

Таны маркетингийн тактик
Зорилтот худалдан авагч нартаа хүрэхэд хэрэглэхийг хүсч буй маркетингийн тактикуудыг тодорхойл - жишээ нь зар сурталчилгаа, олон нийттэй харилцах харилцаа, эсвэл борлуулалтын урамшуулал. Эдгээр нь таны маркетингийн стратегийн зэвсэг юм. Эднийг ухаалаг сонго. Эдгээр нь таны байр суурийн тодорхойлолт, ашиг тустай нийцэж дэмжиж байх ёстой.

Хэрэгсэл бүрийг хэрхэн ашиглахаа маркетингийн төлөвлөгөөндөө яг таг илэрхийлэх шаардлагагүй. Та янз бүрийн тактикийн зорилго, өнгө аясын талаар бичиж болно. Жишээ нь, интернетийн зөвлөх дараах байдлаар бичиж болно: "Хэвлэлийн мэдээнүүд нь манай интернетийн мэргэжлийн мэдлэг, туршлагын талаар төвлөрөх ёстой"; "Дээд удирдлага компьютерийн худалдааны шоун дээр үг хэлнэ"; "Хэвлэлийн зар сурталчилгаа Мэдээ сонины ангилсан зарын компьютерийн хэсэг дээр төвлөрөх ёстой." Таны маркетингийн төлөвлөгөө таны баримтлах чиг баримжаа гэдгийг сана - та илүү нарийвчлахыг хүсэхгүй.

Энд таны хэрэглэж байж болох хэрэгслийн жагсаалт бий. Мэдээж хэрэг, таны сонгож болох өөр олон маркетингийн зэвсэг байдаг.

* Зар сурталчилгаа (хэвлэл, радио, телевиз)
* Товхимол
* Тараах материал
* Ангилсан зар
* Нийгмийн үйлчилгээ
* Тэмцээн
* Тасалбар
* Шуудангаар шууд илгээх
* Үйл явдал
* Танилцуулга
* Үнэгүй дээж
* Байнгын худалдан авагчийн хөтөлбөр
* Бэлэг дурсгалын зүйлс (футболка, үзэг, бусад зар сурталчилгааны зүйлс)
* Дотоод хаяг/сурталчилгаа
* Сүлжээ байгуулах
* Сонин
* Гадаад хаяг/зарлалын самбар
* Хувийн хэлхээ холбоо
* Хувийн захидал
* Бүтээгдхүүний баглаа боодол
* Худалдан авах цэгийн зар сурталчилгаа
* Урамшуулал
* Олон нийттэй харилцах харилцаа
* Нийтэд түгээх
* Харилцааны борлуулалт
* Борлуулалт
* Семинар
* Ивээн тэтгэх
* Анхаарал татах
* Утсаар сурталчилж борлуулалт хийх
* Худалдааны үзэсгэлэн
* Утасны лавлах

Таны маркетингийн төсөв
Хэр их мөнгө өөрөөр хэлбэл төлөвлөсөн нийт борлуулалтын хэдэн хувийг маркетингт хөрөнгө оруулахаар бодож байгаагаа товч бич. Та үүнийг сар, улирал, жилээр нь задалж бичиж болно. Бизнесийнхээ янз бүрийн санхүүгийн тайланг хийх үедээ та аль хэдийн маркетингийн төсвөө тодорхойлсон байх ёстой. Таны сонгох тоо нь таны бизнесийн төрөл, зорилгоос их хамаарах болно. Энэхүү тоо 5%-50% бүр илүү ч байж болно. Хэрэв танайх маркетингийн чиг баримжаатай компани - жишээлбэл бүтээгдхүүнээ шууд шуудангаар болон шууд хариулах зар сурталчилгаагаар борлуулдаг компани бол - сүлжээ байгуулах замаар, харилцааны маркетингаар үйлчлүүлэгчийн хүрээгээ бий болгодог компаниас илүү их мөнгө хуваарилах болно.

Төсвөө хийхдээ харгалзан үзэх бусад хэд хэдэн зүйлийг энд дурдъя:

* Тоо тавьснаар та маркетингийн хөтөлбөрөө дэмжихэд өөрийгөө дайчилж байна гэсэн үг. Та янз бүрийн хэлбэрийн зар сурталчилгаа, олон нийттэй харилцах харилцаа, бусад тактикт хэр их мөнгө зарцуулж чадахаа мэдэх болно.

* Маркетингийн тактик бүр хэр үр дүнтэй байна гэдгийг байнга хянах ёстой. Та маркетингийн хөрөнгө оруулалтаасаа аль болох их ашиг олохыг хүсдэг.

No comments:

Post a Comment