Sunday, August 28, 2011

Учраагүй яваа ханьдаа

Зүрхэнд хэдийнээ тэрлэсэн хайрын мөрүүдээ урсган
Зүүдэнд учирсан чамайгаа найргийн хэлхээгээр наадуулж
Зүс үзээгүй ханиа дуулан хүлээх учиртай
Зөн билгийн орчлонд сэтгэлийн жолоо хол байна
Чамайг хүлээн удсаныгаа жаргалд тооцон баясаж




Далай хайрыг чинь хүртэх хувьтайгаа бас мэдэрч
Зуурдын боловч хэн нэгэнд сээтэн хаяж үзээгүй
Зулай нимгэн дурлалд өлмий бат зогсном
Эмзэг сэтгэл хөөрсөн ч үнэн хайр үгүй бол
Энгэр зөрүүлэх ёсон бүсгүй хүнд үгүй
Одоо хир учраагүй яваа чамдаа гомдсон ч
Охин биеэ хүний өвөрт найр тавиагүй явна
Сэтгэлд ширээгдсэн хайр энэ биеэрээ долгилж
Сэмхэн цохилох зүрх хосоор юм шиг булиглахад
Зүрх түгших агшинд уруул шүргэн өнгөрсөн
Зүүдний юм шиг учралыг ухаарч ядан дэнсэлнэм
Нойр хулжсан шөнөөр тэнгэрийн одод айлгүйтэж
Нойтон сормуусанд минь бөнжийх нулимсанд минь тольдож
Эрийн гар хүрээгүй ангир цээжээ тэврэн
Эрхгүй хүсэх жаргалаа бодлын үзүүрт дагуулан
Ханиа дагуулсан үрээ тэвэрсэн бүсгүйн жаргалд
Хар санаж атаархсандаа уйлж би хэвтээгүй ээ
Халуун сэтгэл минь нэг л удаа дурла гэдэг болохоор
Хажууд байгаа хэнд ч гэсэн гар сунгаж зүрхлээгүй
Нэг л мэдэхэд шувуу шиг нисээд ирэх хайраа
Нэхэл дагал болгон урьдаж би үргээхгүй ээ
Заяа түшсэн ханийн энгэр түшсэн жаргалд
Замбуу тивийн ёсонд тэгтлээ их яарахгүй ээ
Унаган хайраа хүртээх гэж чамайг би хүлээнэм
Учрал хайраа билгэдэн чамайг би үгүйлнэм
Хүрээд ирсэн хайраа жаргал гэж баярланам
Хүсэн хүлээсэн сэтгэлээ хоёргүй гэж амланам
Уруул даван тэр болгон унаад ирдэггүй
Учирсан болгонд тээр болгон дайж явуулдаггүй
Ганцхан чамайг хэлэхэд өөрт чинь хосгүй сонсогдох
Гал халуун үгээр зүрхийг минь чи ундаалаарай
Дусал бүхэн үнэгүй сувдах хэлхээг минь түүж
Дурлал дуулах хуурын уян жавхдас хийгээрэй
Насны хань надтайгаа эн тэнцүү хайрлаж
Найраг шүлгийн минь мөрүүдийг зүрхэндээ бас хайрлаарай



www.хором.сом

No comments:

Post a Comment