Суутал гэнэт эзгүй зургаан сум ирж тусав. Нэг нь Нанчүнд, нэг нь Буйданд, нэг нь Гунгаа эмчид ирж тусав. Нөгөө гурван сум нь тэр гурвын гурван моринд ирж тусав. Рогма гуа Эвий, Цас минь Энэ юу билээ гэж босон уйлав. Цас Чихэр зарлиг болруун Ай, Рогма гуа минь, Дайсан хүний шинж энэ биш үү гэв. Бүү уйл гээд гурвуулын гурван сумыг муталж аваад Гунгаа эмчийн эмийг хийгээд мордов. Цас Чихэр уулын оргил дээр гарч үзтэл Шарайголын гурван хааны мэргэний хүү Зургаан эрхийт далд байж харвахдаа нэгэн сайн суманд зургаан сайн сум онилж шившиж харвасан ажээ. нэг зарим сум минь хүнийг алдвал моринд тус. Морийг алдавл хүнд тус гэж шившиж харвасан ажээ. Цас Чихэр өгүүлрүүн Чи муу мэргэний хүү Зургаан эрхийт биш үү. Чи мууг би мэдэв. Амбарын хөвгүүн Банжуурт минь хүлэг бор морио юу гэж өглөө чи муу гэв. Тэр зургаан хуруут хэлэв Тэр үг чинь зөв. Танай нэгэн хөвгүүн ирж аливаа бүгдийг минь агир болгож явахад харвасан минь тэр билээ гэв. Цас Чихэр хэлэв. За тийм бол над зэмгүй шүү гээд Цас Чихэр сумаа харвав. Зургаан эрхийтийн сүнс нь зургаан хуруунд нь байсан ажээ. Тэр суманд ажирсангүй босон харайж нум сумаа дэлэв. Гэтэл Цас Чихэр хувилгаанаар мэдээд цул болд илдээ суга татаж довтлон очиж тавьтал нь зургаан эрхийг нь нум сумны хөвчтэй нь тас цавчиж орхив. Зургаан эрхийт амьгүй унав. Хуяг, морь, зургаан эрхийг нь аваад явж ирэв.
Иртэл нь Рогма гуа уйлж сууна ажээ. Цас Чихэр хэлэв Ай Рогма гуа минь. Чи уйлаад байвал энэ гурвыг энэ эмээр хэн эмнэх вэ Тэр муу Зургаан эрхийтийг алаад ирэв би гэв. Гэсэр хааны минь тэнгэрээс заяагаар авч ирсэн, үхсэн хүнийг эдгээгч Гунгаа эмчийн эмийг ихэд найруулав. Сан тавьж Гэсэр хааныхаа сахиусыг залбирав. Цас Чихэр Арван зүгийн арван хорын үндсийг тасалсан авай богдын минь дээр Хурмаст тэнгэр эцэг нь, ялгуусан гурван эгч нь аль бүгд сахиус нь дэд дэдээр өршөөн соёрх Энэ гурвуулын минь эйлсэн (явчсан) сүнсийг эргүүлж авчиръя. Хол очсон сүнсийг нь хурааж авчиръя. Энэ хийсэн эм нь өднөөс хөнгөн, сумнаас хурван болго гээд мөргөж гурвуулыг сан дээгүүр утаад Гунгаа эмчийн эмийг хийв. Гурвуул даруй дээр эдгэв. Гунгаа эмч босоод Бие минь тэнхэрээгүй байна гэж эмээсээ дахиж уув. Нөгөө хоёртоо бас уулгав. Уусны хойно гурвуулын бие нь язгуурт адил болов. Гунгаа эмч гурван мориныхоо сумыг сугалаад Зургаан эрхийтийн эрхийний нь махыг эмэндээ нийлүүлж гурван морины шарханд түрхвэл гурван морь эдгэв. Олон агтнаас есөн атран морийг сонгож алаад Гэсэр хааныхаа сахиусыг залбиран тахиж мөргөөд гурван өдөр хурим хийгээд гэрийн зүг явав. Рогма гуа, Буйдан хоёул адуугаа тууж хойноос нь явна. Цас, Нанчүн, Гунгаа эмч гурвуул Түргэн Бирваагын толгойгоор замдаа наадаж явсаар гэртээ хүрэв. Олон адууг мөн урьд ёсоор сайхан хувааж авав. Хамгийн эзэн хаан байтал Цотонд эс өгөв.
No comments:
Post a Comment