Sunday, August 28, 2011

Сократ


Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.

Тэрээр Афинд төрж өсөн бүхий л амьдралаа өнгөрүүлж хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг
Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бусыг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа. Тэр үеийнхэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантан биш" хэмээдэг байжээ."Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл. Яадаг ч байсан гэрлэ". "Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал гүн ухаан судлахгүй юу" гэх мэт түүний хэлсэн энэ үгнүүдээс гэр бүлдээ хандаж байсан хандлагыг нь ойлгож авч болох юм. Товчоор хэлбэл тэрээр муу гэрийн эр нөхөр байсан хэрэг. Түүнийг төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байсан гэж ном зохиолд бичжээ. Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна. Сократ чулуугаар урладаг мэргэжилтэй байсан ч үүнийгээ хийдэггүйн дээр хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Тэрээр өөрийгөө үргэлж философич хэмээдэг байжээ.
Хэн ч сайн дураараа шудрага бус юм хийдгүй, харин тийм явдал гаргасан бол өөрөө мэдэлгүй тэгсэн хэрэг. Үүнтэй холбогдуулж Сократ ганц хүслээр шудрага бус муу юмнаас зайлахад хэцүү, хүслээс гадна" ямар нэг хүч, ур чадвар, сургалт практик, бие сэтгэлийн хүмүүжил хэрэгтэй гэсэн санааг өгүүлсэн байдаг. Тэрний энэ санааг Аристотель "хүн сайн зүйлийг мэддэг атлаа, муу юм хийдэг явдал буй. Өөрийн явдлын муу хор уршгийг мэдсээр байж, уруу татагдаж шунал тачаалд автагдах нь бий" гэж шүүмжилсэн байдаг.

Хэлсэн үгс
  • Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
  • Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
  • Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.
  • Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.
  • Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
  • Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайханыг илүүц явдлаар гутаахгүй байхыг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засаж залруулах хэрэгтэй.
  • Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
  • Барималчид чулууг хүнтэй төстэй дүрсэд оруулах гэж хамаг чадлаараа балбадаг, харин өөрсдөө чулуутай адилхан болох ямар ч боломжгүй гэдгээ огт бодож үздэггүй нь ихэд хачирхалтай хэрэг шүү.
  • Тун гайхалтай, ямар ч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.
  • Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саарханаас эхэлдэг ч, аливааг зав эхэлнэ гэдэг яавч аар явдал биш.
  • Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
  • Аятайхан хувцаслахыг хичээ. Гэвч хэтэртэл бүү гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хүний зан. Ганган байх нь илүүц хэрэг.
  • Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга.
  • Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
  • Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.
  • Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь.
  • Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог.
  • Найз нөхдөөсөө хэр үнэтэй вэ гэдгээ байнга эргэцүүлж, аль болохуйц үнэтэй байхыг эрмэлзэгтүн. Тэгвэл танаас хэн ч урвахгүй.
  • Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хичнээн аюултай байх тусмаа аятайхан санагддаг хор юм.
  • Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл.
  • Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
  • Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
  • Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би гимнастик хийдэг.


No comments:

Post a Comment