Thursday, May 6, 2010

Сүлжээний инженер гэж юу вэ?

Компьютерийн сүлжээний инженерийн мэргэжлээр төгсөгч нь нийгмийн эл хэрэгцээг хангаж чадах өргөн мэдлэг боловсролтой, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болно. Сүлжээнээс гадна математик, физик, компьютерийн техник ба програмчлалын суурь мэдлэгтэй болох тул нийгмийн аль ч салбарт мэргэжлээрээ, мэдээллийн технологийн бусад чиглэлээр ажиллах боломжтой, хөрвөх чадвартай мэргэжил юм. Сүлжээний инженер нь зөвхөн кабель татаад компьютерүүдийг холбоод явдаг хэмээн зарим нэг хүмүүс ярьдаг. Энэ ажлыг сүлжээний техникч хийдэг ба шаардлагатай гэж үзвэл инженер хүн өөрөө ч хийгээд явахыг үгүйсгэхгүй. Инженер нь шинээр үүссэн тоног төхөөрөмжтэй танилцаж, аль болох хэмнэлттэй тооцож компьютер бүрт ачааллыг жигд оноох сүлжээг байгуулж, шинэчилж, сайжруулж байдаг. Сүлжээний архитектураас гадна сүлжээний сервер компьютерийн зохион байгуулалт, тохиргоо, аюулгүй ажиллагааг хянадаг. Ийм инженерийг сүлжээний администратор гэж нэрлэдэг. Сүлжээний сервер компьютер гэдэг нь сүлжээний дотоод үйл ажиллагааг зохицуулах программ хангамж суулгагдсан өндөр хурдтай компьютерийг хэлэх бөгөөд эдгээр нь зориулалтаараа хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Жишээ нь та бидний сайн мэдэх веб хуудсыг агуулах веб сервер мөн таны захиаг дамжуулж түгээх электрон шуудангийн сервер зэрэг нь сүлжээний серверийн нэгээхэн хэсэг юм. Эдгээр программ хангамжийг өндөр хурд, хүчин чадалтай компьютер дээр суулгаж сервер болгож ажиллуулдаг. Эдгээрийг сүлжээний инженер гардан хийнэ. Сүлжээний инженерийн мэргэжил дөрөөлсөнөөр сүлжээний администратор, сүлжээний техникчийн мэргэжлийг давхар эзэмших бөгөөд ямар ч байгууллагын дотоод болон гадаад сүлжээг зохион байгуулах ур чадвартай болно. Сүлжээний администратор нь ямар ч төрлийн серверийн тохиргоог өөрс хооронд нь уялдуулан хийх чадамжтай сүлжээний инженерийг хэлнэ. Сүлжээний администраторын тусламжтайгаар домайн нэр, веб үйлчилгээ, электрон шуудан үйлчилгээ, файл дамжуулах үйлчилгээ зэрэг хамгийн энгийн клинт-сервер архитектураас эхлээд байгууллагын интранет орчинг бий болгож чадна. Хэрэв та өөрийн идэвхи, сонирхолын дагуу веб урлагч вебмастер болохыг хүсвэл сүлжээний мэргэжил тань баттай тулгуур нь болж чадна. Ашиг тус болоод хор нөлөө Мэдээллийн технологийн эринд ямар ч төрлийн мэдээллийг түргэн шуурхай найдвартай дамжуулах, хүлээн авах процесс зайлшгүй шаардлагатай билээ. Монгол оронд мэдээллийн технологийн салбар харьцангуй шинээр нэвтэрч хөгжлийн шатандаа явж байгаа учраас мэдээлэл технологийн мэргэжилтний эрэлт асар их байгаа юм. Өөрөөр хэлбэл яаравчлан бүтээн байгуулах ажил шил шилээ даран сүлжээний инженерүүдийг хүлээсээр байна. Нэг үгээр сүлжээний инженерийн мэргэжил дүүргэснээр ажлын байрны өрсөлдөөн, тэмцэлдээн багатайгаараа бусад мэргэжлээс давуу талтай. Мэргэжил бүхэн хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний муу нөлөө үзүүлдэг. Сүлжээний инженер нь харьцангуй олон цагаар компьютерийн дэлгэц ширтэх боловч программ зохиогч, нарийн бичиг, бичээч нартай харьцуулахад тийм ч ихээр компьютертэй “нөхөрлөхгүй”.

No comments:

Post a Comment