Tuesday, January 4, 2011

Хэлэх үгийг эзэнд нь

         Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ.
Баярлалаа, гялайлаа гэх сэтгэл шингэсэн талархлын үгсийг зохих эзэнд нь, зохих цагт нь хэлж байх нь хамгийн наад захын соёл, боловсролтой хүний хувьд хоол идэхийн тулд амаа ангайдагтай адил зайлшгүй хийх ёстой боловсон үйлдэл. Баярласан сэтгэлээ нээн илэрхийлж сураагүй хүн урам муутай. Хүртсэн тус дэмийнхээ хариуд баярласан, талархсанаа хэлэхгүй хэлээ хазан өнгөрөгч дараагийн удаа тэр хүнээс буян хишгийн тусыг горьдон хүлээх итгэлээ тасар татан хөсөр хаяна. Хариу нэхээгүй буяны тус хамгаас үнэтэй гэдэг. Жинхэнэ буянтан гар тосон хариу нэхдэггүй ч сэтгэлийн үг чих тавин хүлээдэг гэдгийг ямагт сана. Тусыг хүртээд үг дуугүй нүүр буруулах нь тун өөдгүй зангийн илрэл.
Бусдын дургүйг хүргэж, зэвүүцэл төрүүлэхээр том, бага гэлтгүй буруу зөрүү үг хэлж, үйл үйлдсэн бол буруугаа хүлээн, уучлал хүсч байх нь хүн ёсны зайлшгүй үйлдлүүдийн нэг. Буруугаа хүлээж, уучлал хүсэх нь соёлтой, боловсон харилцааны хэмжүүр төдийгүй хүн чанараа дордуулаагүй хадгалж яваагийн илэрхийлэл. Урагшгүй үйлдлээ цайруулахаар уучлаарай хэмээн уруул дэвсэж эелдэгхэнээр хэлсэн үг урам хайрлаж, сэтгэл сэргээхгүй ч уцаар хүргэж, бухимдал төрүүлэхээс урьдчилан сэргийлж, хаацайлан хамгаална. Уучлаарай гэх сэтгэлийн гүний үг гомдож харанхуйлсан сэтгэлд гэрэл цацруулан гэгээ тусгах ид шидийн хүчтэй. Буруу зөрүү үйлдлийнхээ төлөө уучлал хүсэх мэдрэмж суларвал хүнийг, хүн биш болгох буруу зам руу хөтөлнө. Бусдаас уучлал хүсч байна гэдэг нь хүнээрээ байгаагийн шинж. Ихэрхүү, дээрэлхүү зан уучлал хүсэх хүслийн өмнө хана хэрэм мэт хөндөлсөнө. Үл мэдэхийн болхи шалтгаанаар уучлал эрэх мэдрэмж нь сулавтар хөгжсөн хүмүүс ч байна. Гурван үл мэдэхийн мананд төөрч будилсан хүн буруу үйлдлийнхээ төлөө уучлал хүсэх мэдрэмжээ үндсэнд нь орхин гээсэн байдаг. Гурван үл мэдэх гэдэг нь: уучлал эрэхийг үл мэдэх, ер нь уучлал хэрхэн яаж эрдгийг үл мэдэх, ерөөс мэдэхийг үл хүсэх гурав юм. Үйлдсэн буруугаа хүлээх, бурууг өрөөл бусдаас биш, өөрөөсөө эхлэн хайна гэдэг бол ёс суртахууны өндөр шинж чанаруудын нэг байдгийг залуу хүн бүр мэдэж байх ёстой. Буруугаа мэдэж байгаа ч гэмшин хүлээхгүй зөрүүдлэх нь дахин буруу үйлдэл хийж ойчих нүхээ ухаж байна гэсэн үг. Баярлалаа, уучлаарай гэх үгсийг хэрэгтэй цагт нь, хэлүүлэх эзэнд нь ичиж зоволгүй хэлж сураарай. Энэ хоёрхон үг хүний амьдралд их ач тустай болохыг чи аяндаа мэдэрнэ. Баярласан сэтгэлээ үгээр илэрхийлэх дадалгүй хэлгий, үйлдлээрээ харуулах чадваргүй донгио байх нь үнэхээр гутамшиг байдгийг мэд.
Хэлэх үг хамаа замбараагүй биш, хамжаарга хязгаартай байх учиртай. Хэлэх үгийг эзэнд нь зориулахаас дутуугүй хаана хэлэх вэ гэдэг нь онцгой учир утгатай, онц ач холбогдолтой. Тийм ч учраас монгол түмэн хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэж хэлж сургаж ирсэн байна. Харах нүд хязгаартай байдгийн адилаар хэлэх үг ч хэмжээтэй байвал зохилтой. “Их сонсч, бага ярьдаг байхын тулд байгалиас хүн бүрт хоёр чих, ганц хэл заяажээ” гэх үг бий. Хоёр өөр орон дэлхийн ухаантнууд дөрвөн зуу шахам жилийн зайтайгаар нэг зүйлд, тухайлбал мэдэхгүй зүйлээ ярихад дургүй тухайгаа ихэр юм шиг агуулгатай хэлсэн байх юм. “Мэддэг бүхнээ бурдаг хүн мэддэггүй юмаа ч ярьж эхэлдэг юм шүү” гэж их сэтгэгч Ф.Бэкон сэрэмжлүүлсэн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Чадахгүй юмаа хийх гэж зүтгэдэг, мэдэхгүй зүйлээ ярьдаг хүнд үнэн дургүй” гэж хэлсэн байхыг нь уншсан.
Хэлэх үгийн хэмжээ хязгаарын тухайд янз бүрийн үндэс угсааны хүмүүс яг ижил утгатай сургаал айлдсан байдаг нь сонин. Дорнын ард түмний дотор “урт хошуу хүзүү орооно” гэх утгатай үг түгээмэл байдаг бол өрнө дахинд “Хурц хэл – авьяас билиг, урт хэл – ял шийтгэл” гэх байдлаар хэлэгддэг байна. Бидний дээдэс хэлсэн үг мөнгө, хэлээгүй үг алт байдаг юм шүү гэж сануулж анхааруулсаар ирсэн. Хаана ч явсан, хэний дунд байлаа ч гэсэн бусдаас дутуу ярьж, бүхнээс гүйцэд сонсож байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх нэг чухал зарчим гэдгийг ой тойндоо тогтоож аваарай. “Сонсох урлаг нь сайн ярих урлагтай бараг адил тэнцүү хүчтэй байдаг” юм. Хэлж ярихыг хүсч, хэл чинь загатнаад байлаа ч хэрэгтэй цагт хэлээ хазаж сурахыг хичээ. “Хүнд ярьж сурахад хоёрхон жил хэрэгтэй байдаг бол хэлээ хазаж сурахад жаран жил хэрэгтэй” гэх үг бий. Хэлээ хазаж сурах нь хэцүү ч гэсэн хичээвэл болохгүй зүйл огт биш. “Дуугүй суухдаа би дундаршгүй эрдэнэтэй уул, ам хамхилгүй чалчихдаа алтаа дууссан ухмал” гэж Ардын уран зохиолч Т.Галсан шүлэглэсэн байна. Залуучууд уран сайхан ярьж, урамтай сайхан илтгэж сурахаар мэрийх нь чухал ч, хэдийд яаж дуугүй байхад суралцах нь түүнээс дутуугүй чухал. Яагаад гэвэл, “Хэлсэнгүй гэдэгтээ нэг удаа харамсдаг бол дуугүй байх нь яав гэж зуу дахин харамсдаг” юм. Хорвоогийн хамгийн хүчтэй үг бол дуугүй байх явдал мөн.
Үгээ бодож ярь. Ам алдвал барьж болдоггүй. Ташаа хэлсэн ганц үг тушаа болон замд тээглэнэ. “Хэлэлгүй тэвчсэн үг чинь – чиний боол, харин чамаас цоргилон гарсан үг чиний ноён болдог”-ийг сана. Бодлогогүй хэлсэн болчимгүй үгнээс үсэрсэн оч улаан гал болон асч, унтраахад бэрх түймэр болон дүрэлзэж ч мэднэ. Санаатай, санаандгүй унагасан ончгүй үг сайн нөхрийн сэтгэлд зэв болон очиж, сэв суулгах осолтой. Ганц үгээр хүнийг үхүүлж ч болно, сэхээж ч чадна.
Өвчин тусчихаад түүндээ баярладаг хүн байхгүй. Гагцхүү бусдад сайн сайхныг хэлж, зөв зүйтэйг зөвлөх буянтай өвчнөөр өвчилсөн бол өөртөө баярла. Бусдад сайн зүйл, хэрэгтэй юм хэлж сургадаг хүн цаглашгүй буянтан. Буянтны энэ цаглашгүй буяныг шингээж авах эсэх нь үг сургаалыг сонсож байгаа хүмүүсийн ухаан мэдэх хэрэг. Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой хүнд алт шиг сургаал хэлээд ч элсэнд асгасан ус шиг алга болох нь харамсмаар. “Онож хэлсэн үгийг чинь тэнэг хүн чихэндээ наахгүй байгааг харахаас илүү халагламаар зүйл гэж үгүй”.
Хэлснээ хийж, амласнаа хэрэгжүүл, хэлсэн үгэндээ эзэн сууж, хэрэг явдлаа төгс гүйцээ. Хэлж ярих нь уулын чинээ, хийж бүтээх нь хэдгэнийн чинээ байж хэрхэвч болохгүй. Хэлж ярих нь мэргэн, хийж бүтээх нь мунхаг хүнээс хэмжээлшгүй ихийг хүлээгээд нэмэргүй. Аманд нь бал түрхчихсэн юм шиг амттай сайхныг ярих мөртлөө ар хударгаар нь хар муу юм хайж, хийж явдаг олиг муутай хүмүүс хаа сайгүй. Нүүрэн дээр чихэр бурам шиг амттай үгээр магтан ярих мөртлөө нүднээс далд чинжүү царван шиг гашуун үгээр чичлэн муулах хоёр нүүртэн хорвоод цөөнгүй. Хэлэх нь цагаан, хийх нь хар хүнээс холын хол зай барьж яв. Аман дээрээ алтан дэлхийг алган дээр нь тавиад өгчих нь холгүй ярих мөртлөө ачир дээрээ юу ч хийхгүй хов хоосон гартанд итгэх аргагүй. Хэлсэнд нь итгэхээр хийснийг нь хар гэх зарчмаар ам ажлын нэгдлийг нь шинж. Хийснээ үргэлж дүгнэдэгийн адилаар хэлснээ байнга цэгнэж бай. Нүхэнд унахаас үгэнд унах нь хэцүү байдаг болохоор үгний алдаанаас үргэлж болгоомжил. Хийхийн өмнө боломж харагддаг бол хэлэхийн өмнө болгоомж хүлээж байдаг юм. Амны алдааны хойноос харуусч сууснаас ярьж хэлэхээсээ урьд бодож болгоомжилж сур. Өнгөрсний хойноос харамсах нь муу зуршил. Ам алдаж хэлсэн буруу үгээ ахин дахин давтахгүй байхыг хичээ. Хэлэх ёсгүйг хэлэлгүй хэлээ хазан, тэвчин өнгөрөө. Хэн ч байлаа гэсэн хаа хүртэл хэлж, хаа хүртэл нуухаа эрхбиш мэддэг байх ёстой. Ам алдаж, бодолгүй хэлсэн үгийн хариуд амаа алгадуулах хатуу үг сонсохдоо уцаарлан гомдох хэрэггүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Хийхэд ичгэвтэр зүйлийн тухай ярихад ч ичгэвтэр байдаг тул ийм яриа хөөрөөнөөс хол хөндий байх нь дээр. Ам нээх болгондоо хүний аазгай хөдөлгөж, дургүй хүргэсэн, хүн гомдоох хорлонт үг амных нь уншлага болсон амны бэлгэгүй хүнтэй ойртохгүй байвал сайн, нөхөрлөхгүй бол бүр сайн. Бусдыг муу хэлэгчид, авах юмгүй найгүй яриагаараа бусдын хайран цагийг үрэн сүйтгэгчдийг сонсох хэрэг байхгүй. Алиа хошин яриагаар нөхдөө баясга, доромж тохуу үгээр бусдыг бүү дайр. Хэлэх үгийг эзэнд нь хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж яваарай.
Эх сурвалж:  Титэм үг Нацагийн Багабанди

No comments:

Post a Comment