Thursday, July 7, 2011

Богд Хааны Ордон Музейн сэдэвчилсэн үзэсгэлэн гарлаа.

"Богд Хааны Нандин Цуглуулга"-аар сэдэвчилсэн үзэсгэлэн гарч байгаа бөгөөд та бүхэн хүрэлцэн ирж сонирхоно уу. 
8-р Богд Жибзундамба хутагт бол Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, Бурханы шашны тэргүүн, үндэстний тусгаар тогтнолын хувьсгалын оюун санааны удирдагч байсан билээ. Тэрбээр 1869 онд Төвдөд мэндлээд таван настайдаа монгол газар залагдаж ирсэн цагаасаа хойш нэгэн насаа зөвхөн Их хүрээнд өөрийн олон монголчуудын тахилын орон болон шүтэгдсэн юм. Жибзундамба, Улсын Эх дагина, хатан Дондугдулам хоёр дөрвөн орд харштай байсан бөгөөд эзэн хааны хувиар ч, өөрийн сонирхлоороо ч газар газрын хамгийн ховор нандин, гайхамшигтай зүйлсийг цуглуулдаг байжээ. Энэхүү гайхамшигт цуглуулгыг урьд дүрийн Богдуудаас өвлөгдөж ирсэн, худалдан авсан, 8-р Богдыг хаан ширээнд суусантай холбогдуулан гадаад улсуудын эзэн хаадаас бэлгэнд ирсэн, ард түмнээс  өргөсөн хэмээн хувааж болно. Бид энэ үзэсгэлэнд монгол гэр сүмийн зориулалттай бүтээсэн арван зургаан батад агч буюу арван зургаан найдангийн туурган зураг, Чойжин ламын рид хувилгааны хүчээр зангидсан ган сэлэм, 13-р зууны үеийн араб сэлэм, Хөрөө загасны хошуугаар хийсэн сэлэм, Манзушир, Цагаан Дара бурхны дэлгэмэл том хөрөг, Бурхан багш голлосон Өндөр гэгээн, Цагаан Дара эхийн уран нарийн хийцтэй зээгт наамал, Өндөр гэгээний урд дүр Брүгдэжанцангийн пүрэв ( гадас), эр тахианы өндөг, лууны эвэр, зааны соёо, зааны ясан шоо, гавал, эрдэмт чулуу, хүний чулуужсан тархи, үхрийн чулуужсан тархи, галбарвасун мод, хирсний эвэр зэрэг урьд өмнө нийтэд дэлгэн үзүүлж байгаагүй ховор нандин үзмэрүүдээ танилцуулж байна. Мөн Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсаа байгуулсны 100 жилийн ой болон олон түүхт ой, үндэстний их баяр наадамд зориулан 5-р Богдын үед бүтээсэн Монголыг даагч Очирваань бурхны зээгт наамлыг анх удаа дэлгэн үзүүлж болно.


Үзэсгэлэн гарах хугацаа: 2011 оны 07-р сарын 08-аас 18-н хүртэл гарч байна.

No comments:

Post a Comment