Tuesday, January 4, 2011

Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй

      Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл.
 Өөрийгөө доош хийж, өрөөл бусдыг аялдан дагах нь өглөг горьдон гараа сарвайх өрөвдөлт нэгнээс ялгаа юун. Бусдын хэлснийг тоть шиг давтан, бусдын үйлдлийг сармагчин адил дуурайх нь аялдан дагалдагч салбадайн амьдралын хэвшил, ажил үйлийнх нь горим. Үр хүүхдээ бусдыг аялдан дагалдагч салбадай болгочихгүйн тулд зөвийг зөвшөөрөн дагаж, бурууг эсэргүүцэн сөрөх ухаан суулгаж, дадлага эзэмшүүл. Аялдан дагалдагсадын сэтгэлгээ хэт хуучинсаг. Тэд, өмнө нь болоод л байсан юм, болох л байлгүй гэсэн санаа амирлангуйн манан буданд төөрч будилж гүйцсэн байдаг. Шинэ сэргэг зүйлийг хүлээн авахдаа удаан. Шинэ сэргэг зүйлийг уураг тархинд нь шингээн суулгахад ч бэрх. Тэгсэн мөртлөө тэд цаасан дарцаг шиг хөнгөн. Салхины аясаар сэрчигнэн хийснэ. Өөрөөс нь дээрхи бүх хүн түүний хувьд хүчит салхи. Тэр салхины аясаар л хөдөлнө. Тэд өөрийгөө хөдөлгөх өөрт нь заяасан хүчит хөшүүргүүдээ хөшөөж царцаасан байна. Ухаан санаа нь эрүүл боловч оюун ухаанаа ажиллуулахгүй, хүний аясыг харж, бусдын дохио зангаагаар хөдөлсөөр байгаад дүйнгэ тэнэг мэт болно. Санаачлагатай, самбаатай хүн бусдын амыг хардаггүй, дохио зангааг нь ч хүлээдэггүй. Хийх гэснээ санаачлан хийж, бүтээх гэснээ самбаачлан бүтээнэ. Бүтээлч хүн бүхнийг өөрийнхөөрөө хийхийг чармайна. Тэгэхдээ бусдын сайнаас санаа авч, өөрийн өвөрмөц сайхныг бүтээхийн төлөө уйгагүй оролдоно. Оролдлого сайт бүтээлч байдаг. Бүтээлч хүн шинэчлэгч сэтгэлгээтэй. Хуучин загварт баригдалгүй, шинийг эрж хайн, урагш махран зүтгэх нь тэдний нийтлэг төрх. Хүүхэд залуус та нарыг бусдыг аялдан дагалдагч биш, санаачлагатай, самбаатай, ямагт шинийг эрэлхийлэгч, бүтээлч нэгэн болоосой гэж хүсч байна. Бусдыг аялдан дагалдагч биш байхын тулд өөрийн бодолтой байх шаардлагатай. Өөрийн бодолтой байна гэдэг нь бусдыг хар муйхраар эсэргүүцэхийн нэр биш. Тэр ингэж хүсч байгаа бол би эсрэгээр нь хийнэ гэж бүү муйхарла. Зөв ч, буруу ч бүхний өмнө хөндөлсөн хэвт, эсэргүүцэн зогс, тэс ондоогоор дуугар гэсэн үг огтхон ч биш. Бүхий л үйл хөдлөлөө өөрийн ухаанаар тунгаан бодож, ухамсартайгаар үйлд гэсэн үг. Ухамсартай хийсэн бүхэн зөв, ухамсаргүй хийсэн бүхэн буруу. Бусадтай санал зөрөлдөх тохиолдол цөөнгүй тулгарна. Энэ үед өөрийнхөөрөө байж, бусдыг дагалдагч салбадай болох хэрэггүй.
Утга учиргүй аялдан дагалдсаар байх аваас гэмгүй нэгэн салбадай байснаа бялдууч, бялангач аюулт этгээд болон хувирахад холгүй. Хүн шиг байж болох хүний хүн төрх, мөн чанарыг алдуулагч – бялдуучлал гэх албин нэн аюултай. “Бялангач зан, зусардалт, аялдан зохицох байдал зэрэг нь томоос том гай хорлол юм”. Алба тушаал, алдар хүнд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст гол төлөв бялдуучлана. Бялдууч болгон тэднийг хуруу гарын үзүүр, харц хөдөлгөөнөөрөө удирдаж байдаг “эзэдтэй” байна. Нэг тэнэг өөрийгөө магтуулахын тулд өөр нэг илүү тэнэгийг эрж хайж олдог. Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ. “Өөрөөрөө хэтэрхий бахархдаг хүн бялдуучлагчдад амархан автдаг” гэнэ. Бие тоосон сагсуу хүмүүс бялдуучдын хараанд амархан өртөнө. Айдаг хүндээ бялдуучлах нь тэдний хувьд ёс юм шиг үйлдэл нь. Бялдуучид эздийнхээ харц бүрийн хариуд боолын долигонолоор марсайн инээж байдаг. Бялдуучид эздийнхээ хэлсэн үг болгоныг туйлын үнэн мэтээр, уулга алдан хүлээн авна. Бялдуучид эздийнхээ зөв ч, буруу ч бүх үйл хөдлөлд хүлцэнгүйгээр алга ташиж суудаг юм. Эздээ утгагүй дуурайх нь бялдуучдын хамгийн үнэн нүүр царай. Эздийнхээ, бусад хүмүүст юуны түрүүн анзаарагддаг, төдийлөн таатай бус үйл хөдлөлийг нь хуулбарлан дуурайх аядана. Хуруу гарын хөдөлгөөн, үг ярианы өнгө, хоолойн шахалт, үсний засалт гээд дуурайхгүй юм байхгүй. Тэднийгээ дагалдан заримдаа инээд алдаж, заримдаа нулимс алдана.
“Бялдуучлал хэзээ ч аугаа их сэтгэлийн гүнээс гардаггүй, тэр нь хэн нэгэн том хүнд татагдаж, түүний амьдралын хүрээнд нэвтрэхийн тулд улам бүр жижгэрч чадах өчүүхэн сэтгэлийн хувь тавилан байдаг” гэж нэгэн их зохиолч бичсэн байна. Бялдуучлал тэнэг хүмүүсийн үмхлэх дуртай амтат мах, гэхдээ хэчнээн ухаалаг хүмүүс ч энэ махнаас огтлоход бэлэн байдаг. Тэгэхээр бялдуучлал гэдэг осолтой тоглоом байгаа биз. Хөдөлшгүй зарчимтай гэх, бусдын хүндлэл хүлээсэн, ухаалаг гэж үнэлэгдсэн хүмүүс хүртэл өчүүхэн жижиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрөөсөө томчуулд хөл алдан зулгуйдаж байхыг харахад нүд хорсом гунигтай. Зулгуйдахаа больчих л доо. Ямар амь биш, заяа биш.
“Зусардалт үзэн ядалтаас илүү аюултай”. Үзэн ядалтын аюул ил хөнөөлтэй байдаг бол зусрын аюул далд хөнөөлтэй. Ил аюулаас сэргийлэх боломжтой, далд аюулаас хамгаалахад бэрх. Хээрийн боохой, гэрийн нохойтой төстэй байдаг шиг бялдууч нар найз нөхөдтэй адил санагддаг. Гэхдээ тэд хэзээ ч найз нөхөд байж чаддаггүй юм. Үнэнч нөхрийн дүр эсгэн зусардан дагаж байсан эзнээ хамгийн эхний гарман дээр сийхгүй худалдаж дөнгөнө тэд. Бялдуучлал сайхан байсан хүнийг хайрын хүн болтол нь эвддэг. Зусарчид өөрийн гэх нүүр байхгүй. Тэд орчиндоо зохицох хиймэл багийг нүүрэндээ солин сэлгэн зүүж явдаг юм.
Зусарч хүн шалихгүй боловч бусдыг чадахын муухайгаар чадаж дөнгөнө. “Бялдуучилж чаддаг хүн гүтгэж чаддаг”. Гүжир гүтгэлгээр мандаж байсан нэр төрийг шавартай хутган буртаглан бохирлоно. Бялдуучид нүүрэн дээр нь тэнгэрт тултал магтаад нүднээс далд газар дор ортол муулж чадна. Бялдуучид таахалзуур байдаг. Ивээлд нь байгаа эзнийхээ сүр хүчийг өөрийнх мэт бодон мунхаглаж, дээшээ долигонон бөхөлзөх мөртлөө доошоо чичлэн таахалзаж байх нь ичгэвтэр. Алба тушаал, эрх мэдэлтэй байхад нь алд алдын хадаг дэлгэн нахилздаг байсан бялдуучид алба тушаалыг орхисны дараа амар мэндийн зөрүүгүй сэлбэлзэнэ. “Бүх бялдуучид яахын аргагүй худалч байдаг”. Эзэндээ итгэл олж авахын тулд баруун солгойгүй худал хэлнэ. Ийм зусарч хүмүүст ариун гэгээн гэх юм нэг ч үлддэггүй. “Хамгаас бялангач зантай хүмүүс бусдаас илүү тэнэг байдаг” юм гэсэн шүү. Бусдаас илүү тэнэг хүмүүс юунаас ч илүү тэнэг үйлдлийг хийж магад. Эргэн тойронд чинь зусар бялдуучдын сүрэг багширч байна. “Бялдуучлал бол гэмт хэргийн шимт орчин” байдаг тул эргэн тойронд чинь багширч байгаа тэр аюулт сүргээс үргэлж болгоомжилж, өөрийгөө хамгаалах зөн билгээ зөв залан жолоод. Хэн нэгэнд зусардан бялдуучилснаар цаг зуурын ашиг хонжоо олж болох ч өр төлөөсөнд нь хүнээ алдаж, новшийн амьтан болон хоцорно. Бялдуучдыг ашиглаад хаях нь эздийн хувьд татсан тамхиныхаа ишийг хаяхтай адил хялбархан.
Зусар бялангач зангаас салж, холдох боломж хэзээд байгаа. Энэ бол чиний бие хийгээд сэтгэлд үүрд хадаан тамгалсан тамга биш. Ялих шалихгүйн манан дунд мунгинасаар энэ боломжийг алдсаар байх юм бол чи л хөөрхийлөлтэй. Зусар бялангач занг орхин хаяхгүй бол утга учраа алдаж өмхийрсөн сэтгэлгээний хог хаягдал дунд новшрон үлдэх вий. Зусар бялангач нарт хувь хүний цэцэглэх үндэс байхгүй. Үндэсгүй амьдралыг там гэдэг. Тамын амьдралд жаргал үгүй. Бялдуучид тамд тарчилж байгаа гэдгээ эрхбиш ойлгох ёстой. Тамын харанхуйг таних хурц саруул билгийн нүдээ нээх хэрэгтэй. Билгийн нүдээ нээхгүй бол бялдуучдын орогнон буй түнэр харанхуйд тэмтэчсэн хэвээр байх болно.
Бусдыг аялдан дагалдагч салбадай болчихгүй юм шүү гэж өөртөө хатуу шаардлага тавь, бусдад бялдуучлагч болчихгүй юм шүү гэж өөртөө хатуугаас хатуу андгай тангараг тавь!

Титэм үг: Нацагийн Багабанди

Шунахай зан бол бүх муу муухайн үндэс

      Үүний урьд муу муухайгаас салах тухай ярьсан. Тэр сэдвээ цааш нь үргэлжлүүлье. “Шунахай зан бол бүх муу муухайн үндэс”. Шунахай зан орчлонгийн хэчнээн ч олон гайгүй сайн хүнийг гай таригч ороолон болгон хувиргав даа. Хомхой сэтгэл зам мөрөөрөө гэлдэрч явсан хэчнээн ч олон гэм зэмгүй хүний зам мөрийг нь алдуулж гэмтэн буруутан болгов доо.
Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. “Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан. Ялангуяа шунал атаатай хослохдоо хадыг хагалах хорыг гаргадаг” хэмээн Монголын бичгийн их хүн сэрэмжлүүлэн захисан. Эд агуурс, идэж уух хомс болоод гачигдах мухардахдаа муу нүгэлт үйлсийг үйлдэж, зовлонт үр боловсорч, хомхой сувдаг зан хүнийг эзэмддэг тухай судар бичгүүдэд сургамжлан сэрэмжлүүлсэн нь олон.
Гачигдаж дутагдахын зовлон гаслам хэцүү. Хүн өөрөө л хичээл зүтгэл гаргаж чадвал үүрдийн биш, зуурдын энэ зовлонг эр зориг, эрч хүчээрээ даван туулж, ард нь гарч дийлнэ. Хэдий чинээ гачигдаж, хэчнээн дутагдаж байвч шунахай зан, хомхой сэтгэлд оосорлуулахгүй байхыг хичээх нь хүнээрээ үлдэх сайхан боломж. Үргэлж дутагдаж, байнга гачигдаж байсан зарим хүний азын тэнгэр гийж, уг зовлонгоо гэтлэнгүүт дахин ийм зовлонгийн далайд үйгдэхгүй юм сан гэсэндээ ханаж цадахаа мэдэхээ больж, ухаанд нь ухна ишиг үхнэ. Ийм хүмүүсийг сайн хүн гэх аргагүй. Зарим нь азын тэнгэр гийснийг бурхны хишиг хэмээн хүлээн авч, шуналын тулам болчихолгүй өөрт олдсоныгоо өргөн түмэнтэйгээ хуваан хүртэж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, ухаан сууж, улам дэвжинэ.
Ийм хүмүүсийг сайн хүн гэхээс аргагүй. Уургандаа цадаагүй хурга төлгөндөө майлна гэж малчин удамт өвөг дээдсийн хэлж ярьж ирсэн онч үг зүгээр ч нэг дан ганц хурга, төлөгний майлааны тухай хэллэг биш, өлөн зэлмүүн, дутуу гуцуу байсан хүнд хомхой сувдгийн нян халдварлаж улмаар нүд ханаж, сэтгэл цаддаггүй болдог тухай давхар гүн утгат ардын сургаал билээ. “Хомхой сэтгэл бол том хорлон. Хомхой сэтгэлтэй хүн шударга, зарчимч, эр зоригтой ч байдаггүй, өөрийн үүрэгт үнэнчээр хандаж чаддаггүй. Бага наснаасаа сэтгэл харамгүй амьдарч сурах хэрэгтэй” гэж нэрт сурган хүмүүжүүлэгч хэлсэн байна.
Хон хэрээнд ойр байсан хун галууны зан эвдэрнэ гэх үг бий. Шунахай хүний ойр байгаа сувдаг сэтгэлгүй байсан хүн ч шуналын дэвд идэгдэн, сувдгийн бузарт хорлогдож, зан нь эвдэрч замаа алдах осолтой. Ханаж цадахаа мэдэхгүй, хахаж цацах нь холгүй сувдаг хүн хол ойрынхондоо хорт нөлөөг цацна. Энэ нөхөр идэж завшиж болоод байхад би юунд дутахав гэдэг хорон нөлөө мөр, суудал зэрэгцэн сууж босч байгаа хүнд хүссэн хүсээгүй тусна. Шунаж хорхойссон нэгнийх нь амьдрал суга дээшилж, шударга шулуун нөгөөгийнх нь амьдрал шувт доошлоод байвал шударга ёсны тухай яриа хаданд хашгирсан цуурай төдий хоосон. Шуналт сэтгэлээс болж шударга ёс алдагдана. Шунал бол шударга ёсны дайсан билээ. Шунахай сэтгэлийн хор салхиар тархан халдварлах муу зүгийн, муу чанарын, муу нөлөөтэй.
Шунахай, хомхой занг хязгаарлаж хазаарлаж байхгүй бол амьдралын тань цаашдын замнал эндэгдлээр эхэлж, эмгэнэлээр дуусна. “Агуу их эмгэнэл нь ямагт хязгаарлагдашгүй хомхой сэтгэлийн үр дүн байдаг”. Энэ бол суут хүний хэлсэн сургамж үг. Шунахай сэтгэлт хүн өөрөө өөртөө дайсагнана. Хүнд өөрөөс нь илүү муу дайсан байхгүй. Яагаад гэвэл түүний бараг бүх гай зовлон, бүх аюул занал гагцхүү өөрийнх нь хэтэрсэн шунахайрлаас үүсэн гарч хүзүүгээр нь оосорлоно. Шунахай зан цусанд нь халдварласан бол хүн барагтай өөрийгөө татан авч дийлдэггүй. Нүхнийхээ гүн рүү шургах мэрэгч шиг улам цааш зүтгэнэ. Цус сорсон хачиг шиг улам бүр наалдан, улам томорсоор хувалз болон бэлхийнэ. Шунахайрал хэтэрвэл бирд мэт тарчлана. “Дуусахгүй шуналдаа хөтлүүлсэн бирд дундрахгүй тэр зовлонгоосоо гадна үүрдийн өлсгөлөн, ангах, айх, ядрах үлэмж барагдашгүй шаналал эдэлнэ. Тогоон чинээ гэдэстэй ч гэсэн тоос ч орохгүй нарийн хоолойтой, идэш уушны үртэс олсон ч идэж, залгиж чадахгүй зовно” гэж шунал нь хэтрэн бирд мэт бологсдыг шууд үгээр дүрслэн бурхны номонд өгүүлжээ. Шуналын бузарт хорлогдогсод идэж цусалж ханахгүй ховдог, бусдад үзүүлэх хорт нөлөө нь хэмжих аргагүй их. Зүйрлэн хэлбэл, шунахай сувдаг сэтгэлтний хор нь могойтой адил, ховдог нь чонотой адил. Шуналын бузар бие хийгээд сэтгэлд чинь халдварлан шингэчихвий гэж залуу хүн бүр болгоомжлон сэргийлж байх учиртай.
Мөнгөнд дургүй хүн энэ хорвоод байхгүй байлгүй. Мөнгөөр бүх асуудлыг шийдэх боломжгүй ч мөнгө олон зүйлийг шийдэхэд тусална. Мөнгө ямар ч хүнийг нөлөөтэй, хүчтэй байр суурьтай, эрх чөлөөтэй болгоно. Санхүүгийн тусгаар тогтнолгүй хүн ямагт хэн нэгнээс хараат байхад хүрнэ. Мөнгө хүнд эрх чөлөөг авчирна. Гэхдээ мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх нь холгүй сувдаглах нь байж боломгүй үйлдэл. “Мөнгөний шунал хэрэв ханахгүй бол улам бүр гаардаг. Яагаад гэвэл, хүсэл хэдий чинээ их болно, төдий чинээ их хэрэгцээг төрүүлдэг” гэж эртний нэгэн гүн ухаантан айлджээ. Нэн эрт хэлэгдсэн үг боловч өнөө цагийг тольдон харж байгаа мэт. Мөнгөний шуналыг хазаарлан тогтоож байхгүй бол улам гаарч, эцэс мухар нь эс харагдах холын холд аваачдаг ажээ. Шуналын зам төсөөлөхийн аргагүй хүнд хүчир, хатуу ширүүн, муу заяанд хөтлөн хүргэнэ. Шуналын үндсийг дахин бүү усал. Үндэс нь хатаж байж шунал дарагдана.
Мөнгөөр бүхнийг бүтээж, мөнгөөр бүгдийг худалдан авч болно гэж үздэг, боддог, хийхийг эрмэлздэг хүн мэр сэр бий. “Мөнгөөр бүхнийг хийж болно гэж үздэг хүмүүс өөрсдөө мөнгөний төлөө бүхнийг хийж чадна”. Бүхнийг хийж чадна гэдэг дотор хуурах мэхлэх, худал ярих, хулхидах хулгайлах, худалдах худалдагдах, урвах шарвах, идэх цөлмөх, хахуульдах авилгадах, тонох дээрэмдэх, алах талах бүгд багтана гэж төсөөлөхөөр нүд харанхуйлж, дотор арзайм. Мөнгөний төлөө бүхнийг хийнэ гэдэг арай дэндүү аюултай бөгөөд увайгүй. Ийм хүмүүсийн буруу үйлдэл, муу заяаны дааж давшгүй зовлонд хүргэх гэм нүглийн хүч өдөр бүр, цаг тутам өсөн нэмэгдсээр байх нь харамсаж халагламаар.
Эрх мэдлийг шуналын хүүдий болгон ашиглагч хамгаас хортой, бүхнээс аюултай. Алба тушаал, эрх мэдэлд шунан дурлагч эд хөрөнгө, мөнгө төгрөгт яг ижил шунан сувдаглана. Ёс бусаар эрх мэдэл олсон бол ёс бусаар сандал суудлаа ашиглах нь эргэлзээгүй. Өгөө авааны зарчмаар тушаал ахисан хүн өгөө авааны зарчмаар эрх мэдлээ ашиглана. Эрх мэдэл дагасан шунал хуурай өвсөнд ассан талын түймэр мэт замдаа тохиолдсон бүхнийг хуйхлан цөлмөнө. Эрх мэдэлтэн болгон шуналтан биш. Эрх мэдлийг их ч бага ч хэмжээгээр шунахайн сэдэлтээр ашиглах нь буруу зүгийн, бузар үйлдэл. Эрх мэдлээ шунахай сэтгэлийнхээ зэвсэг болгон ашиглагч бусдаас осолтой, хамгаас хөнөөлтэй. Эрх мэдэл дагасан шуналын тахал нэн аймшигтай. Нийтэд тун хурдтай тархахын хамт нийгмийг тэр аяар нь хоослон цөлмөж ч мэднэ. Шунахайчууд эрх мэдлийг эд баялаг, хөрөнгө мөнгө болгон хувиргах ид шидэт үйлдвэрлэлээ тасралтгүй эрхэлж, олз ашгаа сувдаглан сорж сууна. Тийм болохоор л тэд язартлаа таргалан хагартлаа баяжин жаргалдаа ташуурч, хүн ард нь өлөн зэлмүүн, ядуу тарчиг зовлондоо талхигдана. Энэ бол байгалийн гамшгаас илүү хор хөнөөлтэй нийгмийн гамшиг.
Зөвийг дагаж, буруугаас зайлж, зөвхөн сайныг дадал болгож явах нь залуу хүний хичээн эрмэлзэх, хүсч тэмүүлэх зөв зам мөр билээ. Бусдаас авах завшихад шунах биш, бусдад өгч туслах өгөөмөр сэтгэлтэн бай. Авах өгөхийн тухайд хүүхэд залуусын сэтгэл зүрх эрүүл саруул хөрсөнд цэв цэврээр цэцэглэх учиртай. Өөрт илүүдсэн зүйлээ бусдад өгч байгаа хүн өглөгийн эзний сэтгэлтэн биш, зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлээсээ өгч байгаа хүн жинхэнэ өглөгч байдаг юм. “Бусад хүмүүсийн эд баялагт атаархахын хэрэггүй. Тэд түүнийг бидний халаастай дүйцэхээргүй их үнээр олж авсан. Өөрөөр хэлбэл, түүний төлөө амар тайван байдлаа, эрүүл мэндээ, нэр төрөө, хүн чанараа бүгдийг золиослосон хэрэг”. Шударгаар олсон хоол амттай. Шуналаар баяждаггүй, сувдгаар таргалдаггүй. Шунал ихэдвэл шулам болно гэж сургамжлан захисан өвөг дээдсийн сургаал захиасыг ухан ойлгож, ёсчлон дагая.

Титэм үг: Нацагийн Багабанди

Эх орноо хайрлая

Алс холын Польш оронд “Монгол” хэмээх нэртэй тосгон бий. Польшууд “Монголица” гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин.
Тосгон үүссэн үүх түүх өрнө зүгт монголчуудын хийсэн их аян дайны түүхтэй холбогдоно. Байдар жанжины удирдсан монгол цэргүүд доод Силезийн Легницийн дэргэд Генрих вангийн польш-герман цэргийг бүрэн бут нэргэв. Дайн, тулаан болж байгаа болохоор аль аль талаас шархдаж алагдаж, баригдаж олзлогдож байсан нь мэдээж. Өгөөдэй хаан тэнгэрт хальсан тухай мэдээ Дорнод Европод тулалдаж явсан Бат хаанд 1241 оны арванхоёрдугаар сарын эцсээр ирэв. Их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.
Нутаг буцахын өмнө олзонд байсан монголчуудаа алтаар сольж авчээ. Польшийн нутагт олзонд байсан монголчуудыг сольж авах алт хүрэлцээгүйн улмаас хэсэг хүмүүс тэр нутагт үүрд суурьшин үлдэх гунигт хувь тавилантай учирсан байна. Улмаар уугуул нутгийнхаа соёл, зан заншилд аажим аажмаар уусч шингэсэн боловч эх нутгаа гэх бодол ухаанаа уусгалгүй үеэс үед дамжуулж иржээ. Сүмд очиж мөргөл үйлдэхдээ эх нутагт минь буцааж өгөөч гэж бурхнаас гуйн наминчлан залбирдаг болж. Сүүл сүүлдээ сүмд очихдоо хүн бүр алтан бөгж зүүж очдог болсон гэдэг.
Түүний цаадах учир нь хэрэв тэр үед энэ алтан бөгж байсан бол бид эх орондоо харьж очиж чадах байсан юм гэсэн утга санааг илэрхийлдэг юм билээ гэж тэндэхийн учир мэдэх хүмүүс ярихыг сонссон. Эх орондоо эгэн ирж чадаагүй нь гунигтай боловч эх орноо гэх халуун сэтгэлээ хаяж гээгээгүй нь үнэхээр бахархалтай. Монгол хүн эх болсон газар нутагтайгаа хувь заяагаа шууд холбож, түүнтэй хүйн холбоотойгоо мэдэрч явдагийн, эх оронч үзэл мах цусанд нь шингээстэй байдгийн алс холын жишээ энэ яах аргагүй мөн.
Арваад жилийн өмнө Казахстаны нэгэн хотод суурьшихаар Хэнтий аймгийн Бэрх тосгоноос ирсэн арав гаруйхан настай хүүтэй уулзан ярилцаж билээ. “Бэрхээ санаад байх юм даа” гэж хэлээд санаа алдаж байсан нутгаа санасан тэр жаахан хүүгийн дүр төрх мартагддаггүй юм. Эх орон, унасан газар, угаасан ус нь хаана ч явсан зүрх сэтгэлд үүрд хадагдан үлддэгийн ойрын жишээ яах аргагүй мөн.
“Эх орныхоо төлөө үхэхэд баяртай бөгөөд нэр хүндтэй” гэж манай тооллын өмнөх аль эрт үед амьдарч байсан яруу найрагч шүлэглэсэн байх юм. Энэ шад шүлэг олон зууны туршид эх оронч үзлийн уриа дуудлага байсаар ирсэн гэдэгт хэн эргэлзэх билээ? Энх амгалан, амар тайван цаг үед эх орныхоо төлөө баяртайгаар үх гэж хэлбэл хачин жигтэйхэн, хамаа намаагүй сонсогдох нь мэдээж. Харин одоо цагт эх орондоо хэрэгтэй зүйлийг, хэрэгтэй үед нь хийх нь л иргэн бүрийн ариун үүрэг мөн.
“Эх оронч үзлийн хүч нь хувь хүний нэмэрлэсэн хүч хөдөлмөрийн хэмжээтэй ямагт хэр тэнцүү байдаг бөгөөд биеэ оторлогч нарт эх оронч сэтгэл ямагт харш байдаг.” гэнэ. Эх оронч байна гэдэг нь эх орондоо юу ч хийж бүтээлгүй биеэ оторлоод суугаад байхын нэр биш, эх орныхоо хөгжил цэцэглэл, мандал бадралын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн, хувь нэмрээ оруулах гайхамшигт үйл хэрэг ажээ. Би эх оронч гэж цээжээ дэлдэгч болгон эх оронч байж чаддаггүй. “Эх оронд хамгийн хэцүү агшинд хамгийн хэцүү үйл хэргийг барьж авдаг хүн эх оронч байдаг”. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, гадаа гандаж, хөдөө хөхөрч, хүн ардаа тэжээж яваа малчид бүгд халуун эх оронч. Ган гачигтай тулалдан тариа ногоо ургуулж байгаа тариаланч ч эх орончид. Элс шороонд дарагдан цөлжин эзгүйрч байгаа нутагтаа мод, бут тарьж, тордон ургуулагч бүх хүн эх оронч. Эх орны манаанд зогсож байгаа дайчид, эх нутгийнхаа уул талаар соёлын үрийг цацаж яваа сэхээтнүүд бүгд эх оронч. Эд нар болон бусад эх орончид улс орныхоо ачааны хүндийг мөр дарж, нуруу хотойлгүй үүрч, алдар хүндэд санаархалгүйгээр асар гавьяат сайн үйлсийг цогцлоож байна. “Жинхэнэ эх оронч үзэл гэдэг бол баяр ёслолын мөчид сайрхан бужигнахыг бус, нийтийн сайн сайхны төлөө өдөр тутам, цуцалтгүй санаа тавихыг, үүгээрээ сайрхахгүй байхыг хэлдэг.”
Аливаа хүн төрүүлж өсгөсөн ээжийгээ баяр бахдалын харцаар тольдон харах өөрийн нүдээ хайрлан хамгаалдагийн адилаар төрж өссөн эх орноо нүдний цэцгий мэт хайрлах үүрэгтэй. Бид аз жаргал, бүхний ундраа, ариун гэгээн бүхний эх булаг болсон эх орноо зөвхөн аугаа их баатарлаг түүхтэйнх нь төлөө бус, бидний өөрийнх нь болохын хувьд хайрлах ёстой. “Төрсөн эх мэт биднийг ундаалж, хооллосон эх орноо хайрлах нь ариун үүрэг юм” хэмээсэн нэрт зохиолчийн үгийг хүн бүр санаж яваг. АНУ-д дунд сургуульд сурдаг монгол охин ангийнхаа харь орны хүүтэй зодолдсон тухай хууч яриаг саяхан сонслоо. Тэр хүү “Танай Монгол орон чинь ядуу” гэж охиныг дайрч доромжилжээ. Эх орныхоо тухай доромж тохууг сонсоод хүлцэнгүй өнгөрч чадсангүй, хаанаас нь гараад ирэв гэмээр хүч чадал хуримтлагдаж, тэр хүүтэй зодолдон дийлсэн гэнэ. Миний эх орныг доромжилсон тэр үг зүрх рүү минь зүүгээр хатгах шиг болсон. Монгол орноо санаж санааширсан зүрх сэтгэл, хайрлаж явдаг хайр надад тийм их эрч хүч, чадал тэнхээг гэнэт өгсөн байх, тэр үйл явдлаас хойш миний эх орны тухай манай ангийн хэн нь ч таагүй үг цухуйлгахаа больсон гэж бахархалтайяа ярьж байна.
“Эх оронч үзэл гэдэг бол эх орондоо өгсөн ганцхан хайр биш. Энэ нь түүнээс нэн их юм. Энэ бол өөрөө эх орноосоо салшгүйгээ ухамсарлахыг, түүний аз жаргалтай болон азгүй өдрүүдэд түүнтэй хамтдаа салшгүй сэтгэл догдлохыг, сэтгэл зовинохыг хэлнэ.” Эх оронч байна гэдэг нь эх орноо хайрлах хийсвэр хайраа үе үе үгээр илэрхийлэх төдий үйлдэл биш. Эх орноо зүрх сэтгэлдээ хайрлахын зэрэгцээ эх орныхоо төлөө санаа зовох, эх орныхоо газар шороо, уул ус, ургамал амьтан бүхнийх нь төлөө санаа тавих учиртай бид. Өөрсдөө санаа зовж, өөрсдөө санаа тавихгүй бол өөр хэн бидний өмнөөс санаа зовж, сэтгэл гаргах билээ дээ. Хатаж ширгэж байгаа гол горхи, нуур цөөрөм, талхлагдан хожгорч байгаа бэлчээр, түймэрдүүлэн хяргуулж байгаа ой мод, сэндийчин сүйтгэж байгаа газар шороо, нүдэн дээр хорогдон цөөрч байгаа ан амьтан, араатан жигүүртний төлөө эх оронч хүн бүр санаа зовох учиртай. Хойч үеийнхээ өмнө гэмтэн буруутан гэгдэж, гомдол гоморхолын мөс шиг хүйтэн үгийг араасаа хэлүүлэхгүйн тулд хэт оройтоогүй дээр нь ухаарч сэхээрэн, алдсан эндсэнээ хожимдолгүй засч залруулах цаг нь болжээ.
Улс үндэстнийхээ гайхамшигт түүхээр, ард түмнийхээ баатарлаг үйлсээр бахархах нь зүй ёсны хэрэг. “Бахархалын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол үндэсний бахархал байдаг билээ.” Аугаа ихийг бүтээж чадсан ард түмэн дахин аугаа ихийг бүтээж чадна гэдэгт итгэл төгс байх учиртай бид. Эх нутгаа хайрлахдаа эх орон нэгт элгэн түмнээ хамт хайрлая. “Эх орноо болон хүмүүсийг хайрлах хайр нь эх оронч үзлийн хүчирхэг гол мөрнийг нийлэн үүсгэж байгаа түргэн урсгалт хоёр гол юм.” Байгаль эхийнхээ зовлон гамшигт санаа зовохдоо хүн ардынхаа зовлон зүдгүүрт хамт санаа зовъё. Дутуу хоолтой, дундуур ходоодтой зовж ядарсан хүмүүст сэтгэл гарган, санаа тавья. Тэд Монгол хэмээх өнөр гэр бүлийн ялгаж салгаж, тусад нь тусгаарлах аргагүй эд эс. “Гагцхүү эх орон л бүгдэд үнэ цэнэтэй зүйлийг өөртөө агуулж байдаг” бол биднийг нийлүүлэн нэгтгэж байгаа өөр нэг нийтлэг үнэт зүйл нь төрөлх хэл. “Хэл бол ард түмний асар том эрдэнэ. Төрөлх ард түмнээ үл хүндэтгэж болохгүйн адил төрөлх хэлийг хүндэтгэхгүй байж болохгүй. Төрөлх хэлээ хүндэтгэдэггүй хүн төрөлх ард түмнээ хүндэтгэдэггүй.”  “Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээ” хайрлаж хамгаалъя. Төрөлх хэлээ хайрлаж хамгаалах нь төрөлх эх орноо хайрлаж хамгаалахтай эн зэрэгцэх гавьяат үйлс. Эх оронч үзэл монгол хүн бүрийн мах цусанд шингээстэй бий гэж зөнд нь орхиж, сэтгэл амирлангуй байж болохгүй тийм цаг үе иржээ. Үр хүүхэддээ эх орноо хайрлах сэтгэл гүн суулгая. “Хүүхдүүддээ эх орноо хайрлах сэтгэл суулгах сайн арга хэрэгсэл бол эцгүүдэд нь энэ хайрыг буй болгоход оршино.”  гэж их сэтгэгч хэлсэн байна.
Эх орноо хайрлах эх оронч сэтгэлийг туйлшруулан, буруу замаар муйхарлан залваас хайрлах бус хорлох үр дагаварт хүргэж болзошгүйг мэдье.
“Эх оронч үзэл биднийг сохлох ёсгүй, эх орондоо хайртай байх нь сохор тачьяадал бус, саруул ухаан бодлын үйлдэл байдаг”-ийг ухаарцгаая.

Титэм үг: Нацагийн Багабанди

Хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй

                 XIX зууны төгсгөл XX зууны эхээр өвөрлөгчид амьдарч, туурвиж байсан монгол найрагч Р.Хишигбат “Хаад харцас гэдэгт язгуурын ялгаа үгүй, хар толгойтой хүн бүхэн нэгэн адил бөлгөө” хэмээн шүлэглэсэн бий. “Тэнгэр бурхан хүний дээр хүнийг бий болгоогүй. Хүний дор ч өөр хүнийг бүтээгээгүй. Тэнгэр бурхан хүнийг бүтээхдээ бүгдэд нь адил ижил байр суурь, эрх мэдэл олгосон. Үүнийг хүний төрөлхийн эрх тэгш ёс гэж үздэг” (Ф.Юкичи). Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байхаар заасан нь хүний төрөлх язгуур эрх тэгш ёсыг хуульчлан тунхагласан хэрэг. Гэхдээ л хүний нийгэмд цэцэн мунхаг, баян хоосон, дарга түшмэл, энгийн ард бүгд бий. Хүмүүсийн амьдрал өдөр, шөнө мэт ялгаатай.
Манайд баян ядуугийн ялгаа жил ирэх тусам холдож байна. Яагаад тиим байдаг юм бэ? Түүний учир жанцан тодорхой. Эртний сударт “хүмүүн суралцахгүй бол ухаан үгүй. Ухаан үгүй бол балай тэнэг” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл ухаант хүн, тэнэг хүн хоёрын ялгаа зөрүү нь суралцсан эс суралцсан хоёроороо шийдэгдэх ажээ. Орчлон ертөнцөд бэрх хэцүү ажил ч бий, амар хялбар ажил ч  бий , Хэцүү бэрхийг хийж чаддаг нь мундаг хүн,  амар  хялбарыг  оролддог  нь  зиндаа доогуур  хүн юм. Голоос ус авах, түлээ мод хөрөөдөх, нүүрс гаднаас оруулаад гал түлэхийг гартай хөлтэй хэн ч хийчих хялбар ажил. Харин модноос хүний идэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрснээс шатдаг хий, шингэн түлш гаргаж авах гэвэл өндөр боловсрол, нарийн технологийн мэдлэг шаардлагатай, хэцүү бэрх ажил. Үүнийг хийчих хүн үнэхээр мундаг, өндөр зэргэмжийн эрхэм байж таарна. Манайхыг хөдөө ажиллаж амьдарч байхад тэмээн тэрэг хөтлөөд айлуудад ус түгээдэг ядуухан эр байлаа. Мөнгөний тоо мэдэхгүй. Аравтын дэвсгэрт нэгийг өгвөл уурлана. Нэгтийн дэвсгэрт арвыг өгвөл жигтэйхэн баярлана. Тэр нь их мөнгө харагдах учраас. Өвлийн хүйтэнд дээлийн хормой, хөвөнтэй хүрэмнийх нь энгэр дарайтал хөлдчихсөн явдагсан. Гэхдээ ус түгээх ажлаа туйлын үнэнчээр сайн хийнэ. Олон айлыг чандмань эрдэнэ усаар хангагч буянтай ажилтай хүн байсан юм.
Хэдэн жилийн өмнө хувийн хэвшилд ажилладаг инженер залуу төрийн шагнал хүртсэн. Нийслэл хотод ус түгээх, дулаанаар хангах инженерийн байгууламжийг цогцдуулагч. Жирийн нэгэн инженер ч биш зохион бүтээгч оюуны өндөр чадавхи бүхий инженер. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвигсад хүртдэг. Мэдээж зиндаа өндөр хүн. Тэмээн тэргээр ус түгээгч, инженерийн байгууламжаар ус түгээгч хоёрын амьдрал ахуй, соёл боловсрол тэнгэр газар мэт ялгаатай. Энэ ялгаа нь суралцсан эс суралцсанаас эхтэй нь тодорхой. Эрдэм номд шамдаж түмэн зүйлийг сайтар мэдсэн хүн мундаг агаад эд оюунаар баян, харин үл суралцагч хүн ядуу доройхон байх нь гэдгийг жишиж хэлэх гээд байна. Иймд хүүхэд залуус та бүхэн эрдэм номд мэрийн шамдан суралцагтун. “Илд жаданд ижилсвээс баатар болюу. Ном гэгээрэлд ижилсвээс цэцэн болюу” хэмээн сургасан эзэн богд Чингис хааны билиг сургаал та нарын амьдралын замыг гийгүүлж байг.


Арван жилд сурч байгаа хүүхдүүд дараа дараачийн олон арван жилд цогцдуулах оюуны сац суварганыхаа зөвхөн суурийг тавьж байгаа хэрэг. Суурь сайн тавигдвал насан турш хураан хуримтлуулах эрдэм мэдлэгийн ордон өргөө бат бэх, уужуу тавиу үзэсгэлэн төгөлдөр байх болно.



Их дээд сургуульд сурч байгаа оюутан залуус 4-5 жил эрдмийн их далайд умбаад тодорхой мэргэжил эзэмшин төгсөнө. 4-5 жил суралцахдаа түүнээс залгаад 40-50 жил амьдрахад шаардагдах оюун мэдлэгийн үүц нөөцөө бэлдэж базааж авч байгаа хүний амьдралын маш чухал үе. Энэ богино мөчлөгт шамдан суралцаж цааш бие даан сурч боловсрох арга ухаан эзэмшиж авахгүи бол үргэлж дутмаг, ямагт гологдмол хүн болж, ажилгүичүүдиин армид сайн дураараа алба хаах бэлтгэлээ сайтар базааж авна гэсэн үг. Надтай уулзсан их, дээд сургуулийн багш нарын амнаас сэтгэл гонсойлгосон, санаа алдмаар үг сонсогдох болсон. Одоо цагт сурч мэдье гэж үнэнээсээ мэрийж байгаа, сурах эрмэлзлээр шатаж яваа залуус тун ховор болсон шүү. Яахав дээ ихэнх нь тэгж ингэсхийгээд нэг юм төгссөн болж байна гэж багш нар ярих юм. Энэ надад гунигтай, халагламаар, харамсалтай сонсогддог. Залуус ирээдүйдээ иймэрхүү байдлаар бэлдэж огт болохгүй ээ. Тэдний амьдрах эрин зуун бол мэдлэг мэдээллийн эрин зуун, оюун ухааны хатуу ширүүн өрсөлдөөний он жилүүд. Энэ эрсөлдөөнд бэлэн бус бол сайн сайхан, тэгш дуүрэн амьдрал хоосон мөрөөдөл төдий л өнгөрнө. Би залуудаа мөн мунхаг байжээ гэж хожмын нэгэн өдөр харамсан халаглахгүйн тулд одоо мэрийн хичээж суралцах хэрэгтэй. Төр улсаас, эцэг эхээсээ өч төчнөөн өртөг зардап, урлэг сүйтгэл гаргуулж сурчихаад үр шимийг хүртэхгүй бол утга учиргүй явдал болно. “Урьдаар мэд, дараа нь хий” (Җу-Сй). Сурснаа ажил амьдрадд хэрэглэж чадахгүй, өөрийнхөө бие даасан амьдралыг ч босгож, тордож дийлэхгүй байгаа мэргэжилтнийг орчин цагийн эрдэм ухаанд нэвтэрсэн хүн гэж үзэж, дүгнэж болох уу? Амьдралд хэрэг болох зүйлийг нэн түрүүн сурахыг хичээх хэрэгтэй. “Сурсан эрдмийг хэн ч булааж чаддаггүй юм” (Д.Тудэв). Эдийн засагч мэргэжил эзэмшсэн мөртлөө өрх гэрийнхээ орлого зарлагыг ч зөв тооцож, зохицуулж, төлөвлөж чадахгүй байгаа.хүнийг “мэдлэгиЙн хүйтэн агуулах” гэж нэрлэхээс аргагүй. Хүн мэргэжлээ хэний ч өмнө нүүр улайж, нүд бүлтэлзэхгүйгээр эзэмших хэрэгтэй. Тиим мэргэжилтэн хаана ч газардахгүй. Би хэдэн жилийн өмнө мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцсан юм. Дээд сургуульд орж чадаагүй гэж сэтгэл дундуур явдаг нь заримынх нь үг ярианаас мэдрэгдэж байлаа. Тэдний нэлээд нь тогоочийн мэргэжил эзэмшихээр сурч байсан. Хоол иддэггүй хүн гэж байхгүй, амттай сайхан хоолонд дургүй хүн байхгүйгээс эхлээд тогоочийн мэргэжил хэчнээн чухал болохыг би тодорхой жишээн  дээр  тайлбарлаж,   сайн  тогооч  болчихвол  та нар ажил олох гэж дугаарлан зогсох биш, та нарыг авч ажиллуулахаар ажил олгогчид өрсөлдөн дугаарлах болно гэдгийг хэлж өглөө. Бээжинд өндөр цалинтай хүмүүсийн жагсаалтын нэлээд дээгүүрт сайн тогооч нар байдаг гэсэн. Японд тогооч болохын тулд сургууль төгсөөд 10 гаруй жил шат шатанд ажиллаж, шат шатны шалгалтыг давж байж үйлчлүүлэгчийн нүдэн дээр далайн хоол хиих эрхийг олж авдаг, цалин хөлс маш өндөр байдгийг сонссон тухайгаа ярьсан. Бидний уулзалтын төгсгөлд тэр хүүхдүүдийн нүдэнд ирээдүйдээ итгэх итгэлийн оч гялалзан, сэтгэл хөдлөн баяртай суугаа нь илт харагдаж байлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцаж байгаа хүүхдүүд амьдралдаа зөв сонголт, зүйтэй алхам хийжээ. Сургууль төгсмөгц шууд сайн мэргэжилтэн болчихгүй ээ. Тэд ажилд нухлуулж, өөрснөө хичээж байж алтан гартай ажилчин болж лавтайяа чадна. Алтан гартай ажилчин аль ч нийгэмд, хаана ч эрэлт хэрэгцээтэй. Цалин хөлс. ходөлмөрийн үнэлэмж ч харьцангуй өндөр байх болно. Гэр бүлдээ нэртэй хүндтэй, нийгэм олонд хэрэгтэй алдартай сайн хүн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү ӨӨРӨӨ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ.


“Эр хүмүүн биеэн эдээр чимэхээс эрдмээр чим. Эхнэр хүмүүн биеэн өнгөөр чимэхээс оюунаар чим” {Н.Инжиниааш) хэмээсэн их хүний сургаалыг амьдралдаа мордлог болгоорой.

Эх сурвалж:  Титэм үг Нацагийн Багабанди

Зовлонг туулж байж жаргалд хүрнэ

             Жаргал зовлон өнгө эрээлжлэн хослож, өдөр шөнө мэт ээлжлэн байдаг нь ертөнцийн жам. Жаргалд хүрэх өгсүүр зам шулуун дардан биш. Бартаа саадтай, бэрхшээл хүндрэлтэй. Үер уст, үхэр чулуут саад, шавар шалбааг, намаг балчигийг туулна. Гал, усны гашуун зовлонг гэтлэн байж хүрэх жаргалын ертөнц ч бий. Уул хэдий өндөр ч бэлээсээ өгсөх замтай, оройгоороо явах жимтэй. Түүнтэй адил жаргал хэдий хол төсөөлөгдөж байсан ч өгсөн хүрэх зам байх нь зайлшгүй. Жаргалд хүрэх зам зөв байх учиртай. Зөв явбал зөрөг ч гэсэн нарийддаггүй.

Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Хөлөө зөөн алхах, хоолоо халбагадан идэх хоёроосоо бусдыг эцэг эхээрээ хийлгэж, торгонд ороогдон, тосонд умбах өсвөр насны жаргал үдийн наран мэт төөнөөд өнгөрнө. Эхийн сэтгэл үрд, үрийн санаа ууланд. Эх эцэг, үр хүүхдээ сайн хүн болгох гэж өдөр шөнөгүй санаа тавина, саартай учрах вий гэж сэтгэл зовно. Үр хүүхэд нь үүнийг өөрсдөө аав ээж болсон хойноо хожимдож ойлгоно. Зарим нь насан туршдаа ойлгохгүй явсаар өтөлнө. Ихэнх нь тийм байх үүрэгтэй гэж яс хатуу бодно. Сайн хүүхдүүд эцэг эхээ өвдөж л зовоохоос өөрөөр шаналгахгүй. Гаслант үрс гарсан ч, орсон ч эцэг эхийнхээ чихнээс мөнхөд хонх уяастай, сэтгэлээс нь хүнд чулуу дүүжлээстэй. Маш олон хүүхэд өсөхийн жаргал гэдгийг мэдэхгүй, балчир насандаа хэт ахадсан зовлонг үүрч явна. Өнчин ядуус зовлонгийн далайд үйгдэн хаягдсан байна. Нүд аничихгүйгээр маргааш өглөөтэй золгох нь л магадгүй эдний жаргал тэр байх. Өл залгах хоол, хөлдөө углах гутал, хүйтэнд осгоод үхчихгүй байхын төлөөх тэмцэл тэдний амьдралын утга учир. Тэнгэрийн наран орчлонгийн газар бүрийг илч гэрлээрээ тэгш гийгүүлэн ивээж байдаг бол өнчин ядуусын жаргалын нарыг зовлонгийн гүн зузаан, тас хар үүл халхалсан байна. Архичин эцэг эхийн зодуурын тарчилгаанд зовж, гайгүй айлын нохойноос дор амьдарч, нулимсандаа живэх нь холгүй яваа бяцхан хүүхдүүд өр зүсэм өрөвдөлтэй. Хүүхдүүдээ хүн шиг өсгөж чаддаггүй юмаа гэхэд өөрийнхөө булшин дээр чийг дусаахын тулд тэднийхээ нулимсыг хайрлаж хямгадах хэрэгтэйг эрхбиш ойлгох учиртай. Хүнд хүчир ажилд нухлуулж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж, гол зогоох хоногийн хоолоо олохын төлөө мэрийн зүтгэж, зовж зүдэрч яваа хүүхдүүдийн шаналанг томчуул төдийлөн ойлгохгүй байна. Гэдэс нь цатгалан хүний чих нь сонсдоггүй, жаргалтай хүн зовлон ойлгодоггүй гэдэг нь үнэн бололтой. Өвдөж байгаа хүн л өвдөлтийг мэдрэхээс хажууд нь байгаа хүн хэрхэн мэдрэх билээ. Түүнтэй адил, зовж байгаа хүний зовлонг хөндлөнгийн хүн тэр хэмжээгээр нь мэдэрнэ гэж байхгүй. Өөртөө зовлонгүй хүн өрөөлийн зовлонг ойлгохгүй. Жаргалтай хүнд бүх хүмүүс жаргалтай мэт санагдана.
Үгээр илэрхийлж үл болом зовлон хүртэл байна. Хүний гадна талд ил харагдах зовлон дотор талд нуугдсан зовлон хоёр тэс ондоо байдаг юм. Үгээр илэрхийлж үл болом зовлон байхын зэрэгцээ хүнд ярьж болмооргүй зовлон бас байна. Зовлонг бусадтай үг хэлээрээ хуваалцаж байвал тоос шороо арчих шиг тэр дороо арилчихгүй ч, сэтгэл уужран, зовлон нимгэрнэ. Хүйтэн ус халуун галыг унтраана. Халуун бүлээн үг хатуу зовлонг зөөллөнө. Сэтгэлийн зовлонг гадагшлуулахгүй удаан хадгалваас бугшин бэтгэрч, дааж давахын аргагүй хүндэрнэ. Ийм байдалд орохгүй байхыг бүхнээс чухалчлан хичээ.
Адаг муугийн дотор ч арай гайгүйгийн хэлтэрхий оршиж байдаг болохоор одоогийн зовлонгийн дотор хожмын сайны өөдөс томорч байдаг. Зовлон ирэхэд зовлон туулж, зовж сурсан хүн бага зовно, зовлон үзээгүй, жаргалдаа ташуурч явсан хүн их зовно. Зовлон туулсан хүн зовлонд тэсвэртэй болно. Зовлонг тэвчвэл жаргах цаг зайлшгүй ирнэ гэж хат суун хатуужина. Зовлон гашуун. Чинжүү зажилсан хүнд чихэр амтагддаггүйтэй адил зовлон үүрч яваа хүн жаргалд умбан цэнгэдэггүй. Утаанд нүдээ хэчнээн их нухна, төдийчинээ хорсоно. Зовлонд хэдийчинээ их түүртэнэ, төдийчинээ их шанална. Жаргалын удаан нь дээр, зовлонгийн түргэн нь дээр.
“Бусдын зовлонгоор өөртөө баяр цэнгэл хийж болохгүй”. Бусдын зовлонгоор цэнгэгчид сайхан сэтгэлээ гаргуунд гаргаж, хүний мөсөө хөсөр хаясан, хүн чанарынх нь орон зайг амьтны зөн мэдрэмж түрэн эзэлсэн, хүн төрхнөөс цаашгүй бологсод. Бусдад зовлон удвал өөртөө зовлон үүрнэ. Бусдыг зовлонд унагавал өөрт зовлон зайлшгүй ирнэ. Чамд зовлон тохиохгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Зовсон хүмүүсийг өрөвдөх ариун нандин сэтгэлээ алдаж битгий гээгээрэй. Энэ бол хүнээрээ байгаагийн чинь нэг шинж шүү.
Хүн амьдралдаа жаргал даахгүйн зовлон гэх толгой эргүүлсэн төөрөгдөлтэй учирч болох юм. Жаргал даахгүйн зовлон даамжирвал ужиг өвчний шалтгаан болно. Жаргал даахгүйн зовлонд будилж яваа хүн өөрөө зовоод зогсохгүй ойрын хүмүүсээ бүр илүү шаналгана. Ийм хүмүүсийн нэлээд нь архинд нэвчээд алга болж өгнө. Нэг хэсэг нь ужид самуунд идэгдэн, зугаа цэнгэлээс өөрийг бодохоо болино. Тэд хангалуун амьдралын золиос, ухаангүй бодлынхоо боол болон гудайна. Өөрөө хөдөлмөрлөн баялаг бүтээгээгүй, бэлэн зэлэн юман дээр туйлсан, хөнгөн амьдралд дурлагсад жаргал даахгүйн зовлонд унах нь түгээмэл. Өнөөдөр байгаа шигээ маргааш ч мөн адил байх мэтээр гэнэн төсөөлж, өнөөгийн байгаадаа бардан сагаж, давилуун загнавал жаргал даахгүйн зовлонгийн нүхэнд ойчицгооно. Жаргал даахгүйн зовлонд унагсад хувь заяаны эрхээр зовж зүдэрч яваа хүмүүсээс илүү зовно. Яагаад гэвэл тэд зүдэрч үзээгүй, зовлон туулаагүй урьдын цатгалан хүмүүс. Тэд зовох учиргүй байгаа хэрнээ ухамсартайгаар өөртөө зовлон дуудсан гаж буруу сонголт хийгсэд. Жаргал даахгүйн зовлон эдлэхгүй байхыг хичээ. Зовох юм тэртээ тэргүй өчнөөн байхад жаргал даахгүйн зовлонд өөрийгөө тарчлаахын хэрэг юу байх вэ.
Гоё ээмэг зүүхийн тулд чихээ цоолдог. Чихээ цоолуулахад өвдөнө, богино хугацаанд ч гэсэн зовно. Бага зэрэг зовсны дараа ганган ээмэг зүүн үе үе тольдох охидууд урамтай. Ээмгийг өөрөө харахаасаа илүү бусдад гоё харагдах гэж зүүдэг гоёл л доо. Биднийг хүүхэд байхад “дал тариа” гэж бүгдийг айлгадаг тариа байж билээ. Далны хавьцаа хийдэг халдварт өвчнөөс сэргийлэх тарилга. Түүнийг хийлгэсний дараа тэр хавьдаа хавдаж, хэд хоног өвдөж халуурна. Хэдхэн хоног зовох боловч насан туршаа тэр аюулт өвчин тусахгүй дархлаатай болно. Зовсны эцэст жаргана. Чи өөрийгөө зовж байна гэж бодож явдаг бол илүү зовж байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулаад харчих.
Муугаар эхэлсэн ч сайнаар дуусах зүйл байна. Сайнаар эхэлсэн ч тэсэхэд бэрх зовлонг гатчин туулуулж сайнаар өндөрлөх үйл хэрэг бий. Сайнаар эхэлж, сайхан үргэлжилж байгаад үр дүнгүй муугаар дуусах тохиолдол байхыг алийг тэр гэх вэ. Мордохын хазгай болж, эхлэхдээ л будилж эхлээд өчнөөн их цаг үрж, төчнөөн их сэтгэл түйвээчихээд ямар ч үр ашиггүй төгсгөлийг нь үзэх үнэхээр харамсалтай. Хийх ажлынхаа хүнд хүчрээс сүрдэн, эхэлж чадахгүй хойш тавин, барьж авч зүрхлэхгүй дөлөөд байвал ямар ч үйл хэрэг бүтэлтэй байхгүй. Наад захын зовлонд шантарч, эхэлсэн ажлаа дуусгалгүй орхиод байснаас огт эхлэхгүй байх нь ч дээр. Зовлонг тэвчиж чаддаггүй хүн илүү их зовно. Зовлонг ухаан зарж, тэсвэр заан, тэвчиж байж даван туулна. Гэхдээ гай зовлонг сөрсөн үйлдэл бүхэн түүнээс ангижруулж чадахгүй. Зовлонг сөрөх зоригоо алдан шантарч эхлэх тэр мөчөөс зовлонгийн өмнө өвдөг сөхрөн бууж өгөх зам руу хальтарч эхэлнэ. Жаргах замд хөндөлссөн зовлон хүний сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг шалгадгийн зэрэгцээ хүмүүсийн араншин дахь далд байсан хүч чадлыг нээж өгдөг сайн талтай. Зовж бүтээсэн ажлынхаа үр шимийг хүртэх үнэнхүү урамтай.
Ээж чинь та нарыг биеэ хуваан төрүүлж, улаан нялзрай байхаас гар ганзаганд хөл дөрөөнд хүртэл алган дээрээ бөмбөрүүлэн өсгөхдөө хэчнээн их зовлоо ч үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа бүхэндээ сэтгэлийн жаргал эдлэн, хайр бялхааж байдаг юм. Үр хүүхдүүдийнхээ сайн сайхан явааг харан баясаж, амжилтаар нь бахархах нь эцэг эхчүүдийн жинхэнэ аз жаргал мөн билээ. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. Эрүүл хүн жаргалтай. Сэтгэлийн зовлонд шаналаагүй хүн хацар нь улаа бутрам жаргалтай. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг хүн жаргалтай. Гэр орондоо жаргалтай байдаг хүн бүхнээс илүү жаргалтай. Зовсны эцэст жаргах сайн цаг ирнэ гэдэгт итгээрэй.

Эх сурвалж:  Титэм үг Нацагийн Багабанди

Хэлэх үгийг эзэнд нь

         Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ.
Баярлалаа, гялайлаа гэх сэтгэл шингэсэн талархлын үгсийг зохих эзэнд нь, зохих цагт нь хэлж байх нь хамгийн наад захын соёл, боловсролтой хүний хувьд хоол идэхийн тулд амаа ангайдагтай адил зайлшгүй хийх ёстой боловсон үйлдэл. Баярласан сэтгэлээ нээн илэрхийлж сураагүй хүн урам муутай. Хүртсэн тус дэмийнхээ хариуд баярласан, талархсанаа хэлэхгүй хэлээ хазан өнгөрөгч дараагийн удаа тэр хүнээс буян хишгийн тусыг горьдон хүлээх итгэлээ тасар татан хөсөр хаяна. Хариу нэхээгүй буяны тус хамгаас үнэтэй гэдэг. Жинхэнэ буянтан гар тосон хариу нэхдэггүй ч сэтгэлийн үг чих тавин хүлээдэг гэдгийг ямагт сана. Тусыг хүртээд үг дуугүй нүүр буруулах нь тун өөдгүй зангийн илрэл.
Бусдын дургүйг хүргэж, зэвүүцэл төрүүлэхээр том, бага гэлтгүй буруу зөрүү үг хэлж, үйл үйлдсэн бол буруугаа хүлээн, уучлал хүсч байх нь хүн ёсны зайлшгүй үйлдлүүдийн нэг. Буруугаа хүлээж, уучлал хүсэх нь соёлтой, боловсон харилцааны хэмжүүр төдийгүй хүн чанараа дордуулаагүй хадгалж яваагийн илэрхийлэл. Урагшгүй үйлдлээ цайруулахаар уучлаарай хэмээн уруул дэвсэж эелдэгхэнээр хэлсэн үг урам хайрлаж, сэтгэл сэргээхгүй ч уцаар хүргэж, бухимдал төрүүлэхээс урьдчилан сэргийлж, хаацайлан хамгаална. Уучлаарай гэх сэтгэлийн гүний үг гомдож харанхуйлсан сэтгэлд гэрэл цацруулан гэгээ тусгах ид шидийн хүчтэй. Буруу зөрүү үйлдлийнхээ төлөө уучлал хүсэх мэдрэмж суларвал хүнийг, хүн биш болгох буруу зам руу хөтөлнө. Бусдаас уучлал хүсч байна гэдэг нь хүнээрээ байгаагийн шинж. Ихэрхүү, дээрэлхүү зан уучлал хүсэх хүслийн өмнө хана хэрэм мэт хөндөлсөнө. Үл мэдэхийн болхи шалтгаанаар уучлал эрэх мэдрэмж нь сулавтар хөгжсөн хүмүүс ч байна. Гурван үл мэдэхийн мананд төөрч будилсан хүн буруу үйлдлийнхээ төлөө уучлал хүсэх мэдрэмжээ үндсэнд нь орхин гээсэн байдаг. Гурван үл мэдэх гэдэг нь: уучлал эрэхийг үл мэдэх, ер нь уучлал хэрхэн яаж эрдгийг үл мэдэх, ерөөс мэдэхийг үл хүсэх гурав юм. Үйлдсэн буруугаа хүлээх, бурууг өрөөл бусдаас биш, өөрөөсөө эхлэн хайна гэдэг бол ёс суртахууны өндөр шинж чанаруудын нэг байдгийг залуу хүн бүр мэдэж байх ёстой. Буруугаа мэдэж байгаа ч гэмшин хүлээхгүй зөрүүдлэх нь дахин буруу үйлдэл хийж ойчих нүхээ ухаж байна гэсэн үг. Баярлалаа, уучлаарай гэх үгсийг хэрэгтэй цагт нь, хэлүүлэх эзэнд нь ичиж зоволгүй хэлж сураарай. Энэ хоёрхон үг хүний амьдралд их ач тустай болохыг чи аяндаа мэдэрнэ. Баярласан сэтгэлээ үгээр илэрхийлэх дадалгүй хэлгий, үйлдлээрээ харуулах чадваргүй донгио байх нь үнэхээр гутамшиг байдгийг мэд.
Хэлэх үг хамаа замбараагүй биш, хамжаарга хязгаартай байх учиртай. Хэлэх үгийг эзэнд нь зориулахаас дутуугүй хаана хэлэх вэ гэдэг нь онцгой учир утгатай, онц ач холбогдолтой. Тийм ч учраас монгол түмэн хээрийн үгийг гэрт бүү хэл, гэрийн үгийг бусдад бүү хэл гэж хэлж сургаж ирсэн байна. Харах нүд хязгаартай байдгийн адилаар хэлэх үг ч хэмжээтэй байвал зохилтой. “Их сонсч, бага ярьдаг байхын тулд байгалиас хүн бүрт хоёр чих, ганц хэл заяажээ” гэх үг бий. Хоёр өөр орон дэлхийн ухаантнууд дөрвөн зуу шахам жилийн зайтайгаар нэг зүйлд, тухайлбал мэдэхгүй зүйлээ ярихад дургүй тухайгаа ихэр юм шиг агуулгатай хэлсэн байх юм. “Мэддэг бүхнээ бурдаг хүн мэддэггүй юмаа ч ярьж эхэлдэг юм шүү” гэж их сэтгэгч Ф.Бэкон сэрэмжлүүлсэн бол Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Чадахгүй юмаа хийх гэж зүтгэдэг, мэдэхгүй зүйлээ ярьдаг хүнд үнэн дургүй” гэж хэлсэн байхыг нь уншсан.
Хэлэх үгийн хэмжээ хязгаарын тухайд янз бүрийн үндэс угсааны хүмүүс яг ижил утгатай сургаал айлдсан байдаг нь сонин. Дорнын ард түмний дотор “урт хошуу хүзүү орооно” гэх утгатай үг түгээмэл байдаг бол өрнө дахинд “Хурц хэл – авьяас билиг, урт хэл – ял шийтгэл” гэх байдлаар хэлэгддэг байна. Бидний дээдэс хэлсэн үг мөнгө, хэлээгүй үг алт байдаг юм шүү гэж сануулж анхааруулсаар ирсэн. Хаана ч явсан, хэний дунд байлаа ч гэсэн бусдаас дутуу ярьж, бүхнээс гүйцэд сонсож байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх нэг чухал зарчим гэдгийг ой тойндоо тогтоож аваарай. “Сонсох урлаг нь сайн ярих урлагтай бараг адил тэнцүү хүчтэй байдаг” юм. Хэлж ярихыг хүсч, хэл чинь загатнаад байлаа ч хэрэгтэй цагт хэлээ хазаж сурахыг хичээ. “Хүнд ярьж сурахад хоёрхон жил хэрэгтэй байдаг бол хэлээ хазаж сурахад жаран жил хэрэгтэй” гэх үг бий. Хэлээ хазаж сурах нь хэцүү ч гэсэн хичээвэл болохгүй зүйл огт биш. “Дуугүй суухдаа би дундаршгүй эрдэнэтэй уул, ам хамхилгүй чалчихдаа алтаа дууссан ухмал” гэж Ардын уран зохиолч Т.Галсан шүлэглэсэн байна. Залуучууд уран сайхан ярьж, урамтай сайхан илтгэж сурахаар мэрийх нь чухал ч, хэдийд яаж дуугүй байхад суралцах нь түүнээс дутуугүй чухал. Яагаад гэвэл, “Хэлсэнгүй гэдэгтээ нэг удаа харамсдаг бол дуугүй байх нь яав гэж зуу дахин харамсдаг” юм. Хорвоогийн хамгийн хүчтэй үг бол дуугүй байх явдал мөн.
Үгээ бодож ярь. Ам алдвал барьж болдоггүй. Ташаа хэлсэн ганц үг тушаа болон замд тээглэнэ. “Хэлэлгүй тэвчсэн үг чинь – чиний боол, харин чамаас цоргилон гарсан үг чиний ноён болдог”-ийг сана. Бодлогогүй хэлсэн болчимгүй үгнээс үсэрсэн оч улаан гал болон асч, унтраахад бэрх түймэр болон дүрэлзэж ч мэднэ. Санаатай, санаандгүй унагасан ончгүй үг сайн нөхрийн сэтгэлд зэв болон очиж, сэв суулгах осолтой. Ганц үгээр хүнийг үхүүлж ч болно, сэхээж ч чадна.
Өвчин тусчихаад түүндээ баярладаг хүн байхгүй. Гагцхүү бусдад сайн сайхныг хэлж, зөв зүйтэйг зөвлөх буянтай өвчнөөр өвчилсөн бол өөртөө баярла. Бусдад сайн зүйл, хэрэгтэй юм хэлж сургадаг хүн цаглашгүй буянтан. Буянтны энэ цаглашгүй буяныг шингээж авах эсэх нь үг сургаалыг сонсож байгаа хүмүүсийн ухаан мэдэх хэрэг. Хэлж өгөвч чих нь цоорхой, хийж өгөвч сав нь цоорхой хүнд алт шиг сургаал хэлээд ч элсэнд асгасан ус шиг алга болох нь харамсмаар. “Онож хэлсэн үгийг чинь тэнэг хүн чихэндээ наахгүй байгааг харахаас илүү халагламаар зүйл гэж үгүй”.
Хэлснээ хийж, амласнаа хэрэгжүүл, хэлсэн үгэндээ эзэн сууж, хэрэг явдлаа төгс гүйцээ. Хэлж ярих нь уулын чинээ, хийж бүтээх нь хэдгэнийн чинээ байж хэрхэвч болохгүй. Хэлж ярих нь мэргэн, хийж бүтээх нь мунхаг хүнээс хэмжээлшгүй ихийг хүлээгээд нэмэргүй. Аманд нь бал түрхчихсэн юм шиг амттай сайхныг ярих мөртлөө ар хударгаар нь хар муу юм хайж, хийж явдаг олиг муутай хүмүүс хаа сайгүй. Нүүрэн дээр чихэр бурам шиг амттай үгээр магтан ярих мөртлөө нүднээс далд чинжүү царван шиг гашуун үгээр чичлэн муулах хоёр нүүртэн хорвоод цөөнгүй. Хэлэх нь цагаан, хийх нь хар хүнээс холын хол зай барьж яв. Аман дээрээ алтан дэлхийг алган дээр нь тавиад өгчих нь холгүй ярих мөртлөө ачир дээрээ юу ч хийхгүй хов хоосон гартанд итгэх аргагүй. Хэлсэнд нь итгэхээр хийснийг нь хар гэх зарчмаар ам ажлын нэгдлийг нь шинж. Хийснээ үргэлж дүгнэдэгийн адилаар хэлснээ байнга цэгнэж бай. Нүхэнд унахаас үгэнд унах нь хэцүү байдаг болохоор үгний алдаанаас үргэлж болгоомжил. Хийхийн өмнө боломж харагддаг бол хэлэхийн өмнө болгоомж хүлээж байдаг юм. Амны алдааны хойноос харуусч сууснаас ярьж хэлэхээсээ урьд бодож болгоомжилж сур. Өнгөрсний хойноос харамсах нь муу зуршил. Ам алдаж хэлсэн буруу үгээ ахин дахин давтахгүй байхыг хичээ. Хэлэх ёсгүйг хэлэлгүй хэлээ хазан, тэвчин өнгөрөө. Хэн ч байлаа гэсэн хаа хүртэл хэлж, хаа хүртэл нуухаа эрхбиш мэддэг байх ёстой. Ам алдаж, бодолгүй хэлсэн үгийн хариуд амаа алгадуулах хатуу үг сонсохдоо уцаарлан гомдох хэрэггүй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Хийхэд ичгэвтэр зүйлийн тухай ярихад ч ичгэвтэр байдаг тул ийм яриа хөөрөөнөөс хол хөндий байх нь дээр. Ам нээх болгондоо хүний аазгай хөдөлгөж, дургүй хүргэсэн, хүн гомдоох хорлонт үг амных нь уншлага болсон амны бэлгэгүй хүнтэй ойртохгүй байвал сайн, нөхөрлөхгүй бол бүр сайн. Бусдыг муу хэлэгчид, авах юмгүй найгүй яриагаараа бусдын хайран цагийг үрэн сүйтгэгчдийг сонсох хэрэг байхгүй. Алиа хошин яриагаар нөхдөө баясга, доромж тохуу үгээр бусдыг бүү дайр. Хэлэх үгийг эзэнд нь хэлж, хэлсэн үгэндээ эзэн болж яваарай.
Эх сурвалж:  Титэм үг Нацагийн Багабанди

Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана

Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг.
Баян ядуу хоёр, айл саахалт зэрэгцээд байж байгаагийн учир шалтгааныг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй. Чи баян цатгалан байх уу, ядуу тарчиг амьдрах уу гэдгийг төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг нь зураад заагаад өгчихдөг гэх номлол сургаалыг бишгүйдээ л нэг сонссон байлгүй. Хувь тавилангийн зааж зурчихсан замаас гажих займчих, өөрчлөх тэгшлэх аргагүй гэж бодож итгэн, төөрч мунгинаж яваа хүмүүс өч төчнөөнөөрөө. Ялангуяа өөрт учирсан азгүй тохиолдол бүрийг хувь тавилангийн зурлага мэтээр хүлээн авч, тэрхүү хуурмаг итгэлдээ хүлэгдэн боолчлогдсон байх нь харамсмаар.
Төөрөг тавилангийн гэх нүд чихгүй урсгалыг сохроор даган хүлцэнгүй хөвж явах нь аль ч талаас нь бодсон сайн үйлдэл огт биш. Аливаа хүн өөрийн төрсөн нөхцөл байдлаас бус хөлс хүч, саруул ухаан, хичээл зүтгэлд дөрөөлөн өндийн өсч, дээшлэн дэвждэг гэсэн итгэлийг залуу хүн бүр зүрх сэтгэлдээ өнө үүрд хоногштол тодоос тод сийлж, насан туршдаа даган мөрдөх хэрэгтэй.
Эд баялаг цас бороо шиг үүлнээс бууж ирэхгүй, өвс ногоо шиг газраас урган цэцэглэхгүй. Эд баялгийг толгойгоо гашилган бодож, хөлсөө дуслуулан ажиллаж байж хураан хуримтлуулна. Эд хөрөнгө зоригтой хүнийг дагана. Зүрх зориггүй, аймхай хулчгар, үлбэгэр дорой нэгэн эд хөрөнгийг өөрөө хураан хуримтлуулж, эзэн суусан байхыг сонссон, харсан хүн байна уу? Тийм тохиолдол урьд хожид байгаагүй, одоо цагт байхгүй, хожим хойно ч байх­гүй нь нэн тодорхой. “Зориг байгаа газар зам нээгддэг” гэх их эртний зүйр үг байна. Зориг дутвал эд хөрөнгөнд хүрэх зам чинь үргэлж хаалттай, давшгүй саадтай, дийлэшгүй бартаатай, хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хөрөнгө мөнгөний тухайд хүмүүс янз бүрийн бодол, араншинтай байдаг нь сонин. Өнгө шилж, мөнгө хөөж явах шиг гутамшиг байхгүй гэж үздэг, ярьдаг хүн цөөн ч гэсэн байна. Мөнгөний төлөө улайрч, яахаас ч буцахгүйгээр харайлгаж явдаг балай этгээдүүд ч бий. Хөрөнгө мөнгөтэй болох хий хоосон мөрөөдлөө нүдээ ширгэтэл харж, хөрөнгө мөнгөнд умбах цаг мөчийг элгээ бэтгэртэл хүлээх мөртлөө хуруугаа ч хөдөлгөх дургүй, билгийн нүд нь сохорч, сэтгэлийн илбэнд хууртсан, эрдэнэсийн санг хэзээ ч эс үзэх залхуучууд газар сайгүй алхайна. Хүний юмаар хүүдэгнэж, олох долоох болохоор ов мэх бүхнийг хэрэглэн оготоны нүхээр ч ороод гарахад бэлэн, ичих нүүргүй хулжин зальхайчуудтай хамт ам бардам, ажил шалдан ойворгончууд ч олширсон. Хүрэх зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээх тэнгэрлиг үйлстэй хайрламаар сайхан хүмүүс ачааны хүндийг үүрч, баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулж байна. Ийм хүмүүс манай үеийн баатрууд, бахархан дуурсах алдартнууд. Эд нар амжилтын цоожтой хаалгыг нээх хувьтай эзэд нь. Энэхүү цоожны шидэт түлхүүр нь тэдний эр зоригийн төмөр авдарт хадгалаастай байдаг юм. Жинхэнэ эр зоригтнууд л тэр шидэт түлхүүрээр амжилтын нууц цоожийг нээн онгойлгох азын тэнгэртэй. Залуус та нарын эр зориг өвсөнд хаясан зүү шиг нуугдмал бус, өвсөнд ассан гал шиг дүрэлзэж байх ёстой. Хийж бүтээх хүсэлдээ шатаж яваа эр зориг хэмжээлшгүй хүч чадлыг агуулсан байдаг. “Зориг гэдэг бол хүч чадлын зэвсэг юм”. Хувь заяа ямагт зоригтны талд байдаг болохоор, зоригтой золбоотой байж л хувь заяагаа өөдрөг жолоодох болно. “Зоригтой хүнд хэцүү зүйл гэж байдаггүй”.
Эрс шийдмэг зоригтой шийдвэр хийж бүтээ­хийн амин сүнс. Хүчир­хэг хийгээд ухаалаг шийдвэр гаргаж сурах нь амжилт ололтын ширгэшгүй ундрага. Шийдмэг бусаар дүлэгнэж суугаа хүнээс амжилт аль эрт алслан холдсон байдаг юм. Эд хөрөнгө зоригтой бөгөөд ухаалаг шийдвэрийг дагаж буй болон, арвижин баяжина. Бүтээлч сэтгэл, хомхой сэтгэл хоёр гал ус мэт харш. Бүтээлч сэтгэлийн бороогоор услагдсан цэвэр хөрсөнд эд баялаг бүрэн гэсээгүй хөлдүү шахам газрыг түрэн цасан дороос ургах хаврын яргуй мэт цэцэглэн үржинэ. Хомхой сэтгэлийн бороогоор услагдсан бохир хөрсөнд хог ургамал соёолохоос ховор олдох эд хөрөнгө урган төлжихгүй.
Зоригтой, ухаалаг шийдвэр гаргах чадвар нь зав чөлөөгүй махран ажиллах дадал, шинийг эрэлхийлэх чадвар, санаачилга, цаг үеэ мэдрэх мэдрэмж, холыг харах алсын хараа зэрэг олон сайн шинж чанаруудтай эвсэн нийлж байж баялгийг бүтээж, эд хөрөнгийг хураан хуримтлуулах сан хөмрөг бүрэлдэн цогцолно. Шийдвэр гаргахдаа зоригтой бөгөөд хурдан, ажил үйлс эрхлэх хүч нь түүнээсээ илүү зоригтой болоод хурдтай байх юм бол эд баялаг эхийгээ дагасан унага, тугал мэт чамайг бараадан даган урсаж цутгаад ирнэ.
Аливаа томоохон ажлыг хийхээр барьж авахын өмнө би үүнийг ямар ч эргэлзээгүйгээр хийж чадна гэсэн бат итгэлтэй болоорой. Ямар ч хүнд хэцүү ажил байсан түүнийг би заавал хийж чадна гэсэн чанд хатуу итгэл өвөрлөн явсаар ард нь гарч үр шимийг хүртэх тавилантай. Зорьсон ажлаа эхэлж чадахгүй цаг алдаад, эхэлсэн ажлаа дуусгалгүй шантрах зориг мохоо хүмүүс том үйлийг бүтээх хувьгүй. Бусдын хийж чадахгүй үйлсийг бүтээж байж хүсэл мөрөөдлийн ноён оргилд гардаг юм.
Эрсдэлгүйгээр бүтэх том ажил энэ орчлонд үгүй. Эрсдлээс айн хулчийдаг зүрх зориггүй хүний ажил хэргийн ирээдүй бүрхэг харанхуй. Эрсдлийг даах эр зориг их үйл хэргийг бүтээн цогцлоох эрч хүчийг дагуулна. Сүйрвэл би сүйрье гэх эрсдэл даах эр зоригоо хөвчилсөн, ажилч хичээнгүй хүнийг эд баялаг эзнээ дагах сүүдэр мэт ойрхон дагана.
Шинийг сэдэх, байхгүйг санаачлах, шилдгийг бүтээх хүслээр жигүүрлэ. Шинийг сэдэх, шилдгийг бүтээх хүсэл эрмэлзлийн гал дөл чинь бөхөж унтраагүй цагт чи эд хөрөнгийн нэр төртэй эзэн суусан хэвээр байна гэдэгтээ бүрэн итгэлтэй, нүүр бардам бай. Үргэлж шинийг бүтээх хүсэл эрмэлзэл чинь чамайг байнга ирлэн хурцалж, хөгжүүлэн чадваржуулсаар байна.
Хүн авьяастай болоод хөдөл­мөрч бол оюуны том бүтээ­лийг орь ганцаараа суугаад туурвих бололцоотой. Харин эд баялгийн том бүтээлийг дан ганцаар бүтээх боломжгүй. Гар, сэтгэл нийлсэн хамт олноороо махран зүтгэж байж их хэргийг гүйцэлдүүлнэ. Ажлаа арван хуруу шигээ мэддэг, ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулсан ажил хэрэгч, чадварлаг, дуулбал дуу нэг дугтарвал хүч нэг хамт олон их үйл хэргийг бүтээхэд тулах тулгуур, зүтгэх зүтгүүр нь болно. “Тавьсан зорилгод хүрэхэд ажил хэрэгч байдал мэдлэгээс дутуугүй хэрэгтэй”. Ажил хийж, ачаа үүрэх чадварыг нь тэргүүн эгнээнд тавьж гол үзүүлэлт болгон албан тушаал дэвшүүлдэг зоригтой, эрс шууд үйлдэл нь удирдагч хүний хамгийн шилдэг давуу чанаруудын нэг.
Эрсдлийг сөрөн, чад­варыг дээдлэн, чадвар­лаг хүнийг чадах ажилд нь яаж ажиллуулахаа мэддэг удирдагчийн эр зориг болон удирдахуйн ур дүйг хүндэтгэн бишрэхээс аргагүй. Удирдагчийн мэргэн ухаан, ажиллагсадын хичээнгүй зүтгэл найрал хөгжим мэт найрсан зохицсон газарт амжилт ололт бялхаж байх нь эргэлзээгүй. “Цэргүүдийн гавьяа даргынх нь ухаанаас хамаардаг” гэдэг нь маргашгүй үнэн билээ. Хийх гэж байгаа ажлаа гарын алган дээр байгаа мэт тольдон харж, хийж байгаа ажлаа атгандаа оруулан базаж байж хүсч мөрөөдсөнөө бүтээж, хүлээж бодсон үр шимээ хүртэнэ.
Та нар хатуу ширүүн өрсөлдөөний эргүүлэг дунд ажиллаж амьдарч байна. Та нараас түрүүлж яваа хүмүүстэй адилхан цагт унтаж, дутуухан юм уу ав адилхан ажиллаад тэднийг гүйцэж чадахгүй, тоосонд нь даруулаад хоцорно. Тэднээс бага унтаж, тэднээс илүү хэмнэж, ухаан илүү зарж, уйгагүй махран ажиллаж байж зэрэгцэн очиж, амьдралын чанар адилсана. Ер нь эдийг арвилж олдог, эд байвч өртэй бол эдлэх хувьгүй гэдэг үгийг марталгүй санаж явууштай. Түүнчлэн “хүнийг баян болгодог зүйл бол олж байгаа мөнгө биш, харин үлдэж байгаа тэр мөнгө” байдгийг ухаар.
Саяын тоо нэгээс эхэлдгийг бодож, хийж бүтээснээ бага гэж голохоосоо өмнө барагдашгүй үржихийн ерөөл өргөж, улам ихийг бүтээх урам онгодоо тэтгэ. Сайн сайхан утга төгөлдөр ажил хөдөлмөрөө хайрлан, сайн сайхан амьдралын төлөө уйгагүй хичээн зүтгэ. Уйгагүй хичээл зүтгэл эд баялагт хөл болж хүргэнэ, эрхэм буяныг гар болж хураана.

Эх сурвалж:  Титэм үг Нацагийн Багабанди

Хун шувуу хэчнээн уурлавч өндгөө бяцлахгүй

Шар шувууны нүдэнд дэгдээхэй нь тогосны дэгдээхэйнээс хөөрхөн харагддаг гэх үг бий. Түүнтэй адил ямар ч аав ээжид үр хүүхэд нь бүхнээс өхөөрдөм хөөрхөн, бусдаас онцгой хайр татам энхрий. Хүүхдүүдээ бүхнээс илүү хайрлан энхрийлж, өхөөрдөн өмгөөлөхийн зэрэгцээ шилдэг бүхнийг өвч шингээсэн сайн хүн байгаасай гэж үнэн голоосоо хүсч байдаг нь эцэг эхийн элбэрэлт сэтгэлийн туйлын хүслэн билээ. Өр зүхнээсээ хайрлах үр хүүхдүүд нь өвчин эмгэггүй эрүүл, үглүүлж загнуулахгүй мөрөөрөө байвал аав ээжүүд магнай тэнэгэр баяртай, сэтгэлд нь үргэлжийн наран гийгээстэй. Эх эцгийгээ магнай тэнэгэр байлгана гэдэг нь тэдэндээ үзүүлж байгаа дээд зэргийн ачлал. Хүүхдийнхээ ололт амжилтаар бахархаж суугаа эцэг эхийн зүрх итгэл найдвар, хайр сэтгэлээр тэгш дүүрэн бялхаж байдаг. Амжилт ололтоор дутуухан, сэтгэл санаагаар гундуухан яваа хүний аав ээжийн үрээ хайрлах хайр нь дундрахгүй ч итгэх итгэл нь дундарч, сэтгэл нь байнга зовж, шаналан шархиран зовох үйлтэй. Хэлэх ёсгүйг хэлж, үйлдэх учиргүйг үйлдэж байгаа хүүхдээ үглэн дуулан, униж тунин, зандарч загнах нь хэнд ч байдаг, хэзээд байх ёстой хүн ёсны үйлдэл. Гэхдээ энэхүү үйлдлийн хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг жамтай. Эцэг эх чинь чиний дутууг гүйцээн, дундуурыг дүүргэх, саарыг багасган, сайныг нь ихэсгэх л гэж зандарч загнадаг юм. Аав ээждээ загнуулсан бол гол гонсойн гомдох, унжийж урвайн тунирхах биш, дотор сэтгэлдээ баярла. Чиний төлөө тэднээс илүү үнэн голоосоо санаа тавьж, чин зүрхнээсээ сэтгэл зовох өөр хүнийг энэ орчлонгоос олно гэж үү? Үрээ гэх эх эцгийн сэтгэл хэзээ ч хувирашгүй, тэнгэрт мөнхөд гэрэлтэх од адил билээ.
Аав ээж чинь та нарын бүтэлгүйтэж явааг харахаараа нүдэнд нь өргөс орсон мэт торон хатуулдаж, зүрхийг нь зүүгээр хатгах мэт эмзэглэнэ. Ажил үйлс нь бүтэмжтэй, амьдрал ахуй нь сайн сайхан болсныг нь үзэж дуулахаараа харанхуйлан шуурсан тэнгэр хангай цэлмэн гийх мэт болж, магнайн үрчлээ нь тэнийж, хайрлах хайр нь улам улмаар ундран бялхана.
Урагшгүй үйлдлийг нь гэсгээж уургын хуйваар хүүгийнхээ нуруунд гурван гувруу гүйтэл ороолгосон эцэг зүрх сэтгэлдээ гурван гурвын есөн гувруу гүйтэл дотогшоо гэмшин халаглаж, үрээ өрөвдөн хайрлах сэтгэлээр шаналдаг юм. Зүүднээс цочсон зүрх амаргүй, зүйлийг бодсон сэтгэл амаргүй гэдэг шиг үр хүүхэддээ санаа зовсон эхийн сэтгэл зүүд нойрондоо ч амар тайван байдаггүй. Харцаараа үггүй зэмлэн дальдчуулах аавын ая зан, өнгөн дээрээ үглэх ч өрцөн дороо чамайг өрөвдөн шаналах эхийн сэтгэлийг өрвөлзөж сөрөлгүй хүлээн авч, буруугаа ойлгон, зөрүүгээ засч чадаж байвал чи мөн төрхөө хадгалж, хүн чигээрээ байгаадаа баярла.
Зан араншингийн сайн нь ч, саар нь ч эцэг эхээс ямар нэг хэмжээгээр чамд удамшсан нь эргэлзээгүй. Гэхдээ сайн бүхэн нь чинийх, саар бүхэн нь эцэг эхийнх гэж битгий муйхарла. Хэт их эрхлүүлсэн ч бай, хэтэрхий хатуу гараар барьсан ч бай өөрт бугшсан буруугаа удам судраараа хайх хэрэггүй. Чиний эцэг сонгино, эх сармис байхад чи өөрөө яахаараа сарнай болчихдог билээ гэх үг байдгийг байнга сана. Бурууг өөрөөсөө эхлэн эрж хайж сурвал чи бугшсан буруугаа засаад зогсохгүй андуугүй зөвийг атгаж авах үүд хаалгаа өөрийн гараар нээнэ.
Хүн гэдэг амьтан урам магтаалын үгэнд хүүхэд чихэр жимсэнд дурлах адил дуртай. Харин өөлж шүүмжилсэн, загнаж зандарсан үгэнд хүүхэд гашуун эмэнд дургүйн адил дургүйцнэ. Чамд хамаатай бусдын үг, ялангуяа улаан нүүрэн дээр нь ил хэлж буй шүүмжлэлийг чихний хажуугаар чимээгүйхэн өнгөрөөлгүй нэн анхааралтай сонсож байвал ангаж цангасан үед уух ус өгөх адил хэрэгтэй. Эцэг эхийнхээ зэмлэх үгийг эгдүүцэх буюу тунирхалгүй хүлцэнгүй сонсож хүлээн авбал ухаан сууж, ухаажин хэрсүүжихэд юугаар ч орлуулашгүй нэмэр тустай. Хүний аав ээж үр хүүхэддээ хар буруу санаж, хараал хорсол шингэсэн хорт үгийг хэлдэггүй, хорлолт үйлийг хийдэггүй ачлалт буянтнууд. Үр хүүхэддээ хэлж байгаа эцэг эхийн хатуухан гэх үг сэтгэл зүрхэндээ шаналсан их шаналгааныхаа өчүүхэн хэсгийг хөвөнд боосон чулуугаар хөнгөхөн түнших адил зөөлөн үгээр илэрхийлэн гадагшлуулж байгаа төдий л юм. Эцэг эхийн ширүүхэн үг өнгөн дээрээ өвс ширвэх хурц иртэй хадуур мэт байвч, үнэн хэрэгтээ өндгөө дарсан шувуу мэт хайр эхрийлэл шингээстэй байна.
Хун шувуу хэчнээн уурлалаа ч өндгөө няцлахгүй. Аав ээж хэчнээн уурлалаа ч үр хүүхэддээ хар санаж, хор хүргэхгүй. Эцэг эхийнхээ хэлсэн үнэн үгэнд эгдүүцэн, үг сөрөн хэдэрлэж, уурандаа багтаж ядан цухалдах нь ухаантай үрсийн үйлдэл яавч биш. Уур уцаар сайн зүйлд хэзээ ч хүргэдэггүй. Ялангуяа эцэг эхийнхээ санаа тавин, сэтгэл гарган хэлсэн чангахан үгийг сөрөн сөрвөлзөж, ундууцан уурлаад байвал амьдын хар нүглийн уут сав чинь дүүрч хальсаар байх вий. Уурандаа багтарсан хүн худаг руу үсрэн орж болох. Долоон удаа түүнээсээ илүү догшин уурлалаа ч худагнаас гарахад уур тусалж чадахгүй нь үнэн. Уур биеийг зовоож, нүгэл хураахаас өөр гавьяагүй. Аав ээжтэйгээ зөрөлдвөл ачлалыг нь барна, ах дүүтэйгээ муудалцвал асралыг нь барна. Ихэнх хүмүүс аав ээжийнхээ хайр шингэсэн хатуухан үгийг хоцорч ойлгон, хожимдон гэмшдэг нь нэн харамсалтай. Аав ээжийнхээ хатуу зөөлний хольцтой, хайр энэрлийн шүншигтэй үгийг төвөгшөөн дургүйцэлгүй, тэсвэр тэвчээртэй сонс. Тэр үед аав ээжийнхээ хэлж байсан хатуухан үгийг ухаарч сонсоод, ухаантай байсан бол амьдралдаа алдсан алдаанаас ангид хол байх байж дээ гэж өнгөрсөн борооны хойноос цув нөмрөн, халаглан харамсахгүй байх боломж ямагт бий. Чамаас болж үзээгүй юмаа үзэж, үстэй толгойгоо зулгаах байдалд эцэг эхээ хэзээ ч бүү хүргэ. Үхтэл үр харам гэдэг. Өөрийгөө зөнд нь орхиод чиний төлөө эцсийн мөчөө хүртэл зүрх нь цохилсоор байх аав ээжийнхээ ариун сэтгэлийг амьд сэрүүнд нь эрүүл ухаанаар ойлго. Аав ээжийн сэтгэлд үр хүүхдээ хайрлах агуу их энэрэл хайр үүрд мөнхөд хадгалаастай байдаг билээ. Эцэг эхийнхээ сэтгэлийг өмлөж, элгийг харлуулах буруу үйлдлийг хэзээ ч үйлдэхгүй хэмээн сэтгэл зүрхэндээ шивнэн шившин андгайл. Үрээ мориныхоо хурдыг үзэх, үр хүүхдийнхээ сайныг харах хүслэн бүх хүнд ижил. Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод нахиалдаг гэдгийг ойрын үзэх, холын сонсох бүхэнд үзүүлэн сонсгож, үр хүүхдээрээ бахархан баясаж явах нь бүх аав ээжийн чин хүсэл мөн билээ.
Хүн өөртөө туйлын их хайртай. Өөртөө хир халдаах тун дургүй. Хүний эцэг эх үр хүүхэддээ хир халдааж, тортог суулгах гэж үглэж яншдаггүй, харин хир тортог наалдчихвий хэмээн өмгөөлөн хамгаалахын тулд зангарагатай үгээр зандарч загнадаг юм. Авах хүнд энгийн үг ч эрдэнэ, орхих хүнд ухаантны үг ч улиг. Аав ээж чинь та нарын хувьд ухаантны дээд ухаантан, амнаас нь унасан ухаарлын үг бүрийг эрээд олохгүй эрдэнэ адил нандигнан хүлээж аваад байвал чи хүний дайтай хүн явах нь ямар ч эргэлзээгүй. Эцэг эхийнхээ чамд зориулан ярьж хэлж, захиж сургаж байгаа бүхнийг шидэт тарни цээжлэх мэт хураан цуглуулж авахыг хичээ. Эрийн цээнд хүрчихээд ээж аавдаа нулимсаа битгий үзүүл. Үр хүүхдийнхээ нулимсыг харах өр зүсэм хэцүү. Хүүхдүүд эцэг эхдээ миний төлөө сэтгэлээ бүү чилээ, санаа бүү зов гэх үгийг их хөнгөн хялбар хэлдэг. Санааг нь зовоох саар зүйл хийхгүй л байвал санаа зовохгүй, сэтгэл амар байна шүү дээ, хүүхдүүд ээ! Түүнчлэн, нисч яваа шувуудын сүүдрийг ч хүүхэд дээрээ тусгахгүй байх юмсан хэмээн бодох эх хүний агуу их хайр энэрэл үр хүүхэд та нарын төлөө үргэлж сэтгэл зовон, санаа тавихын гол учир шалтгаан болж байдгийг мэдээрэй.

Эх сурвалж:  Титэм үг Нацагийн Багабанди

Далай ламын сургааль

1. Их хайр , их ололт нь их эрсдэлийг дагуулж явдгийг сана .
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд .
3. Өөрийгөө хүндлэх , бусдыг хүндлэх , өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3- н зарчимыг мөрд .
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана .
5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ .
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхамыг хийж бай .
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай .
8. Бусадтай нээлттэй бай , гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд .
9. Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана .
10. Нэр төртэй сайхан амьдар . Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт 2 удаа амьдарсан мэт сэтгэл ханах болно .
11. Гэр бүлийн доторхи халуун дулаан уур амьсгал тань , таны амьдралын тулгуур , суурь мөн .
12. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц . Энэ нь мөнхийн алдарыг олох зам юм .
13. Газар дэлхийтэй эелдэг харьц .
14. Жилд 1 удаа урьд очиж байгаагүй газраа оч .
15. Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан
тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана .
16. Юуг орхиж , юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ .